Жо Байден Атлантын дүрэм”-ийг шинэчилнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хилийн чинадад хийх албан ёсны айлчлалаа Их Британиас эхлүүллээ. Жо Байден тэвчээр, дипломат харилцаа, зөөлөн үг хэллэгээр амжилтанд хүрсэн. Тэрбээр Атлантын далайг гаталж, хүйтэн дайнд ялсан эвслийг дурсах бус шинэ зарчим тогтоохоор Европыг зорьсон. Цагаан ордны тэргүүн Ерөнхий сайд Борис Жонсонтой уулзаж, шинэ “Атлантын дүрэм”-ийг дахин хэлэлцэх юм. Энэхүү гэрээ нь Уинстон Черчилль, Франклин Рузвельт нарын 1941 онд байгуулсан тохиролцооны орчин үеийн хувилбар агаад уур амьсгалын өөрчлөлт, аюулгүй байдлын сэдэвт түлхүү анхаарчээ. Мөн Трампын засаг захиргааны үед үүссэн хурцадмал байдлыг намжаах, холбоотнуудтай харилцаагаа бэхжүүлэх арга замыг эрэлхийлж байна. Байдены айлчлал “АНУ эргэж ирсэн”-ийг олон улсад тунхаглах зорилготой. Лондон ч цар тахлын дарамтын дараа АНУ-тай харилцаагаа сэргээхийг эрмэлзэх болсон.

Жо Байден Европт хийж буй найман өдрийн айлчлалынхаа үеэр Виндзорын цайзад Хатан хаантай уулзаж, “Их 7”, Европын холбоо, НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Айлчлалынхаа төгсгөлд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээр хийнэ. Женевийн уулзалт зэвсгийн хяналт, цаг уурын өөрчлөлт, Украин дахь Оросын цэргийн оролцоо, цахим халдлага, Алексей Навальный гэсэн өргөн хүрээг хамарна. Кремлийн тэргүүн барууны гүрнүүдийг ОХУ-тай харилцахдаа “улаан шугам” давахгүй байхыг анхааруулсан. Байдены засаг захиргаа сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого, кибер халдлага, вакцины талаар худал мэдээлэл тараах зэрэг олон зүйлд ОХУ-ыг буруутган эдийн засгийн хориг арга хэмжээ зарлаж байв. Америкийн ноёрхлыг хүлээн зөвшөөрөлгүй хараат бус бодлого явуулсны хариуд Оросын эдийн засгийг доройтуулах зорилгоор үндэслэлгүй хориг арга хэмжээ авч байна гэж Москвагийн эрх баригчид Вашингтоныг буруутгадаг юм.

БАРУУНЫ ЭВСЭЛ СУПЕР ЛИГ БАЙХАА БОЛЬСОН

“Их 7”-гийн удирдагчдын уулзалт Английн баруун өмнөд эргийн Корнуоллд өнөөдөр эхэлнэ. Дэлхийн хамгийн том эдийн засагтай Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ-ын төр, засгийн тэргүүнүүд цар тахлын дараах сэргэлт, эрүүл мэндийн нэгдсэн системийн талаар төвлөж ярилцана. Вашингтоны засаг захиргаа хоёр жилийн хугацаанд 100 орчим оронд 500 сая тун “Пфайзер” вакцин нийлүүлэх юм. Байден дээд хэмжээний уулзалтын өмнө Борис Жонсонтой хэлэлцээр хийнэ.

Жозеф Байдены барууны ардчилсан орнуудын эвслийг сэргээх бодлого бодит супер гүрэн, дорнын туйл болох Хятадын үзэл суртлаас ялгаатай. Байден БРЕКСИТ-ийг Европын эв нэгдлийг алдуулсан хорлон сүйтгэх ажиллагаа гэж үздэг. Цагаан ордон Их Британийг Европ дахь АНУ-ыг дэмжигч дуу хоолой гэж үзсээр ирсэн. Гэвч энэ функц алдагдаж Их Британи АНУ-ын эдийн засаг, стратегийн эрх мэдлийг Хятад руу чиглүүлсэн. Хэрэв БНХАУ ядуу орон байсан бол Байдены даалгавар хялбар биелэх байлаа. Харин одоо өрсөлдөгчдийн эдийн засгийн ялгаа арилж байна. Хятад улс хэдхэн жилийн дараа дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ АНУ-ыг гүйцэж түрүүлнэ. Хүйтэн дайны үед Кремль батлан хамгаалах салбарт барууны орнуудтай өрсөлдөж байсан ч удаан хугацаанд эдийн засгийн өрсөлдөгч болж чадаагүй юм. Зах зээлгүй аж ахуйн нэгж, шударга дүрэмгүй зах зээл, ардчилалгүйгээр хэрэгжиж болох дүрэм гэж байхгүй. Хятадын Коммунист намын авторитар, капитализмын эрлийз загвар энэ онолыг няцаав бололтой. 1970-аад онд “Их 7”-гийн загварыг боловсруулж эхлэхэд АНУ, Канад, Их Британи, Франц, Герман, Итали, Япон зэрэг улс нэгдсэн гишүүнчлэл нь дэлхийн баялгийн чухал хэсгийг төлөөлж байв. Өөрөөр хэлбэл, либерал ардчиллын байгууллагууд ба эдийн засгийн амжилтын жам ёсны холбоо байсан юм. Өнөөдөр долоон улсын нэгдсэн ДНБ дэлхийн нийт дүнгийн 40 хувьтай тэнцдэг.

Гэхдээ барууны ертөнц баялаг хэвээр байгаа ч атаархам супер лиг байхаа больжээ. Европын холбооны жижиг гишүүд Хятадын дэд бүтэц, бизнес эрхлэхэд оруулсан хөрөнгө оруулалтыг сайшаадаг ч улс төрийн бэхэлгээ, аюулгүй байдлын занганд эргэлздэг. Өнгөрсөн жил баталсан Брюссель, Бээжингийн худалдааны хэлэлцээр Вашингтоныг эмзэглүүлсэн. Энэ харилцаанд газарзүйн орчин нөлөөлдөг ба үзэл баримтлалын зөрүү бий. “Трампын үзэгдэл” Америкийн эрчимд үхлийн өмнөх туршлага байв. XXI зууны эхэн үеийн улс төр, эдийн засгийн загвар мөхсөн.

Х.ЭРДЭНЭЗАЯА

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)