Монгол Ардын Нам болон Монголын шинэ газар тариалан

МАН-ЫН 100 ЖИЛИЙН ОЙД

 

Монгол оронд орчин үеийн газар тариаланг хөгжүүлсэн түүх 1921 оны ардын хувьсгалын ялалттай шууд холбоотой бөгөөд эдүгээ тэр бас л бараг 100 насалж байна. Монгол Ардын Нам монголчуудын үндэсний хувьсгалыг хошуучлан удирдаж, ардын хувьсгалыг ялалтад хүргэж, Ардын засгийг байгуулсан анхны өдрөөс эхлэн Монгол оронд механикжсан газар тариалан хөгжүүлэхэд байнгын анхаарал тавьж, “Атрын аян” хөдөлгөөнийг гурван удаа амжилттай зохион байгуулж, дэс дараалалтай арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд Монголчууд бид гурил, талхаа өөрсдөө үйлдвэрлэдэг болоод 60 жилийн нүүр үзэж байна.

Атар газрыг эзэмшиж, тариаланчид, механикжуулагчдын бүхэл бүтэн армийг бүрдүүлж, үе дамжсан тариаланчид, механикжуулагчидтай болж, тэдгээрийг ОХУ болон дотооддоо бэлтгэж, Монголын дотоодын гурилын үйлдвэрүүдийг мөн дотоодод үйлдвэрлэсэн улаанбуудайгаар хангаж байгаа нь МАН-аас монгол түмэнтэйгээ хамт хийсэн үндэсний хэмжээний түүхэн том ялалтуудын нэг нь болно хэмээн хэлэхэд бахархалтай байдаг билээ.

Монголын орчин үеийн газар тариалангийн түүхэн хөгжлийн оргил үе нь “Атар-II аян”-ы төгсгөлийн он жилүүд байв. “Атар-II аян”-ыг 1976-1980, 1981-1985, 1986-1990 он гэж гурван үе шат болгон авч үзэж болно. Энэ аяны жилүүдэд тариалангийн эргэлтийн талбай туйлбартай өсөж, 1990 оны төвшинд нэг сая 375 мянган га-д хүрч, жилд 673,3 мянган га-д үр тарианы ургамал тариалдаг болсон байв.

Статистик тоо баримтад дүн шинжилгээ хийж үзэхэд, “Атар-II аян”-ы хоёр дахь таван жилээс буюу 1983-1989 онд 800-886,1 мян.тн ургац жилд авсан “ИХ УРГАЦЫН ЖИЛ”-үүд байсан бөгөөд ургац савандаа багтахгүй болж, хоёр ч удаа Төв цэнгэлдэх хүрээлэн, Сүхбаатарын талбайд буудайн ургацаа дэлгэж, ОХУ-д төмс, Хойд Солонгос Улсад буудай экспортолж байсан үе бий.

Эл байдал нь цаг агаарын тааламжтай үе байсан ч ургамал газар тариалан болон техник, технологийн эрдэм шинжилгээний байгууллагуудын ажлын үр дүнгүүд үйлдвэрлэлд эрчимтэй нэвтэрч, тариалангийн техник, технологи шинэчлэгдэн, механикжуулагчдын мэдлэг, ур чадвар дээшилж, нийт тариаланчдын болон энэ салбарын удирдах ажилтан, мэргэжилтнүүдийн ажлын хариуцлага, идэвх санаачилга эрс дээшилсэнтэй шууд холбоотой байсан юм. Зөвхөн Сэлэнгэ аймаг “Атар-II аян”-ы 15 жилийн 11 жилд нь өндөр ургац авч, улсад бүгд 2,3 сая тонн үр тариа тушаасан байдаг. Энэ аймгийн зөвхөн 1988 онд хураасан ургац 323,5 мян.тн байсан нь одоогийн улсын хэмжээний жилийн ургацын дунджид ойртож байна.

1980 оноос эхлээд хөрсийг эргүүлэхгүйгээр хавж элдэншүүлэх технологийг өргөн нэвтрүүлж, жилдээ 800,0 мянган га талбай хавж боловсруулаад, түүний 636,2-673,3 мянган га-д нь үр тарианы ургамлын үрийг мөн хавж тарьдаг болсон нь 1983-1989 онд арвин их ургац авах боломж олгожээ.

Нөгөөтэйгүүр “Атар-II аян”-ы жилүүдэд үр тарианы үйлдвэрлэлийн машин-тракторын паркийн бүтэц бүрэлдэхүүнд чанарын өөрчлөлт гарсан болно. Тухайлбал, үр тарианы үйлдвэрлэлд К-700, К-701, Т-150К дугуйт тракторууд шинээр нэвтэрч, хөрс боловсруулах, үр тарианы ургамал тариалах ажилд дагнан хэрэглэгдэж, харин МТЗ-80/82, ЮМЗ-6 Л/С дугуйт тракторыг ихэвчлэн төмс, хүнсний ногоо болон хадлангийн ажилд хэрэглэж байлаа. Тухайн үед үр тарианы үйлдвэрлэлд ДТ-75М гэдэг гинжит трактор өргөн хэрэглэгдэж, нийт тракторын паркийн 40 хувь орчимд хүрч байсан нь хөрсний эвдрэлийг бууруулахад шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж байв.

Ю.Цэдэнбалын удирдсан нам, төрийн удирдлага, чиглэлээр 1976-1990 онд Монгол түмний бүтээн босгосон Монголын хөдөө аж ахуй дахь бүтээн босголт нь бүхэлдээ монгол орны хөдөө аж ахуйд гарсан “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ХУВЬСГАЛ” байсан болно.

1983-1990 он газар тариалангийн хөгжлийн “оргил үе” хэмээн нэрлэгдэж түүхэнд үлдсэн байна. Энэ үеэс эхлэн, эх орны гурилын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр тогтвортой хангадаг болжээ. “Атар- II аян” өрнөсөн 1975 онд жилдээ 105,4 мян.тн гурил үйлдвэрлэдэг байсан бол 1990 онд 190 орчим мян.тн гурил үйлдвэрлэдэг болж, хүчин чадал нь бараг 80 хувиар өссөн байв. Энэ нь 1990 оны төвшинд жилд 210,0 мян.тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай гурилын есөн үйлдвэр байгуулагдаад байсантай холбоотой байлаа. Чухамхүү ийм учраас “Атар-II аян”-ы жилүүдэд хийсэн монгол түмний бүтээн босголтыг бүхэлд нь “шинжлэх ухаан, техник, технологийн хувьсгал” байсан юм хэмээн дүгнэж байна.

1989 оны байдлаар газар тариалангийн үйлдвэрлэлийн нийт эргэлтийн (хагалсан) талбай 1,375 сая га-д хүрч, 837,3 мянган га-д тариалж, 840,0 мян.тн үр тариа, 155,3 мян.тн төмс, хүнсний ногоо, 1,0 сая гаруй тн тэжээлийн нэгжтэй тэнцэх таримал тэжээл, хадлан бэлтгэсэн амжилттайгаар зах зээлтэй золгосон байдаг. Монголын газар тариалангийн энэхүү өндөр амжилт, аугаа их бүтээн босголтод тэр үеийн Зөвлөлт Холбоот Улс, өнөөгийн Оросын ард түмний сэтгэл харамгүй тусламж, бүх талын хамтын ажиллагаа үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан болохыг манай ахмад үеийнхэн бүгд мэдэх билээ.

Монголын газар тариалангийн хөгжлийг оргил түвшинд хүргэж, хувьсгал хийсэн гол хүчин зүйл нь хүн байв. Хүнгүйгээр хувьсгал гардаггүй, ард үгүйгээр Ардын засаг байдаггүй гэдэг. Ардын нам, засгаас “Атрын аян”-ыг гурван удаа зохион байгуулж, дотооддоо гурил, талхаа үйлдвэрлэдэг болохдоо энэхүү аугаа их бүтээн байгуулалтыг хүний хүчин зүйлтэй нягт холбон үзэж, хэрэгжүүлж иржээ. Зөвхөн нэг жишээг дурдахад, 1976-1980 онд 230 мянган га газрыг шинээр эзэмшихэд 20,7 мянган мэргэжилтэй ажилчид бэлтгэх шаардлагатай байсны дотор 12 мянган механикжуулагч буюу тракторчин, комбайнчныг Орос-Монголын техник мэргэжлийн сургууль, сургууль-комбинат, сангийн аж ахуй (САА)-д бэлтгэх тухай Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч, Төв аймгийн Угтаал, Сэлэнгэ аймгийн Шаамар, Цагаантолгой, Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг тус бүр 600 хүүхэд сургах хүчин чадалтайгаар шинээр барьж байгуулан, 10 дугаар анги төгсөгчдийг нэг жил, наймдугаар анги төгсөгчдийг хоёр жилийн хугацаатайгаар элсүүлэн сургаж, 14,7 мянган механикжуулагчдийг бэлтгэсэн тухай тэр үед Хөдөө аж ахуйн яамны Боловсон хүчний хэлтсийн дарга байсан Д.Ёндон гуай дурсан ярьж байна. Тэрээр ярихдаа, дээрх хугацаанд ОХУ-ын техник мэргэжлийн сургууль-комбинатуудад 1,8 мянган хүүхэд явуулж тракторчин, комбайнчин бэлтгэж, буцаж ирэхэд нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод хүлээж аваад, атрын САА-д шууд хуваарилан явуулж байсныг онцлон тэмдэглэж байлаа. Энэ механикжуулагчдыг Орост сургах ажлыг Монголын 36-41 орчуулагч багш гардан хийж, орос багш нартай хамтран ажиллаж байжээ. Үүний зэрэгцээгээр гадаад, дотоодын дээд сургуульд инженерийн боловсон хүчин бэлтгэх ажлыг төлөвлөгөөтэй хэрэгжүүлж, үйлдвэрлэлд шууд томилон ажиллуулж байсан байна. Статистикийн газрын мэдээллээс авч үзэхэд 1990 онд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд бүгд 17321 инженер техникийн ажилтан ажиллаж байсны 383 нь дээд боловсролтой механикч байсан байна. Атрын I, II аяныг амжилттай хэрэгжүүлэхэд механикжуулагчид шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг манай ахмад үеийнхэн бахархан ярьдаг юм.

Монгол оронд атар газар эзэмших хөдөлгөөнийг өрнүүлж, залуучуудыг уриалан дуудаж, дотооддоо гурилын үйлдвэрүүдийг байгуулж, атрын ургацаар гурилын үйлдвэрүүдийг бүрэн хангадаг болгосон нь МАН-ын мэргэн бодлогоор монголчууд бидний хийсэн түүхэн том ялалтын нэгэнд зүй ёсоор ордог. Монгол Ардын нам энэ бодлогоосоо хэзээ ч ухарч байгаагүй билээ. Тус орон зах зээлд шилжих явцад газар тариалан уналтынхаа босгон дээр тулж ирсэн 2005-2006 оны хүнд хэцүү цагт МАН-ын Засгийн газраас “Атар-III аян”-ыг зарлаж, 2008-2010 онд энэ аяныг бас дахин амжилттай хэрэгжүүлж, дотооддоо гурил, талхаа хийж ирсэн хуучин байранд нь монгол орныг буцаан дэвшүүлснийг түүх мартаагүй байна.

“Атар-III аян” унасан газар тариаланг сэргээн босгож, ард түмний гурил, талхны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж ирсэн түүхэн уламжлалыг дахин баттай тогтоож, МАН-ын Засгийн газраас Монголд “шинэ тариалан”-г хөгжүүлж, дэлхийн төвшинд гарах хууль эрх зүйн үндсийг эргэж буцалтгүйгээр дэвшүүлэн тавьсан нь энэхүү аяны гайхамшигтай ололт, амжилт гэж үзэж байна. Өнөөгийн нөхцөлд У.Хүрэлсүхийн Засгийн газраас “Атар-IV аян”-ыг зарлаж, шинэ жарны эхэнд эрчимжсэн шинэ тариаланг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн тавьсныг Монголын тариаланч-механикжуулагчид баяртай хүлээн авч, ХХААХҮЯ-наас тус аяныг хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөөтэй ажиллаж буй.

МАН болон түүний Засгийн газраас үндэсний газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилт дэвшүүлж, дэлхий дахиныг хамарсан аюулт цар тахлын үед ч газар тариаланд чамлашгүй хөрөнгө санхүүжилт олгосоор байна. Тухайлбал, Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 500 тэрбумын хөнгөлөлтттэй зээлийг мал аж ахуй, ноолуур, газар тариалангийн салбарт олгохоор болсон тухай ХХААХҮЯамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хэлсэн байдаг (ӨС. №052 (6674).2021-03-17). Энэ санхүүжилтээс тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбумыг нь банкаар дамжуулан, Хөгжлийн банкнаас олгох ажээ. Энэ даргын мэдэгдэж байгаагаас авч үзвэл, энэ онд манай улс 389,3 мянган га-д үр тариа, 17,9 мянган га-д төмс, 9,6 мянган га-д хүнсний ногоо, 66,5 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, 7,0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 530,0 мянган га-д тариалалт хийх бололтой.

Цаг агаар төсөөлж байгаагаар байвал, ирэх намар 495,6 мянган тн үр тариа, үүнээс 471,5 мянган тн улаанбуудай, 222,4 мянган тн төмс, 116,1 мянган тн хүнсний ногоо, 170,1 мянган тн малын тэжээл, 26,4 мянган тн тосны ургамал, 3,0 мянган тн жимс, жимсгэнэ хурааж авна гэж тооцоолсон юм байна. Гэвч уламжлал ёсоороо 12,0 мянган тн улаанбуудайн үр гадаадаас авах гэж байгаа гэнэ. Үүний зэрэгцээгээр 1,0 мянга гаруй тн арвай, хошуу будааны үр аж ахуйн нэгжүүд импортоор худалдаж аваад байгаа гэнэ.

Польш улс 10,2 сая еврогийн санхүүжилтээр 50-80 морины хүчтэй 100 трактор, ногооны үр суулгах машин, төмс хураах комбайн, ухах машин олгохын хамт 8,5 мянган тн багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах барьж өгөх болжээ. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах нийтдээ 1500 га талбайд услалтын системийн тоног төхөөрөмж авахаар тохиролцсон байна.

Ийнхүү МАН-ын Засгийн газраас монгол түмний аж амьдралыг дээшлүүлэх эх сурвалжийн нэг болох газар тариаланг хөгжүүлж, хүнсний хангамжийг зохих төвшинд тогтвортой барихад ихээхэн хүч чармайлт гарган, гадаадын түнш орнуудаас хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авсаар байна. Үүнийг буруутган цэцэрхдэг ухаантангууд сүүлийн үед хэтэрхий олширч буй ч тэд зөвхөн амаараа ажилладаг учраас Ардын нам арга буюу зээл тусламжид тулгуурлахаас өөр аргагүй болж байна !!

Хэдийвээр жил бүр газар тариаланд их хэмжээний зээл, тусламжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож буй ч гэсэн энэ сайн санааны үйлсийн ач тус нь харагдахгүй болсоор удаж байна. Бид ч өөрсдөө эл байдалдаа дасаж, амар тайван алхаж явдаг болжээ. Жил бүр л ургац алддаг, гадаадаас үр тариа худалдан авч, гурилын үйлдвэрт дутагдаж байгаа улаанбуудайг Засгийн газар нөхөж өгдөг болоод даруй 10 шахам жил боллоо. Тодорхой хэлбэл “Атар-III аян”-ыг дуусгаад л 2012 оноос эхлэн, тарианы нийт ургац жил бүр унасаар зарим жил улсын дундаж ургац 6,2 цн/га-д хүрч байлаа. Гэсэн ч Засгийн газар үүнд гомдолгүй, улам их хөрөнгө зардал гаргасаар л явна. Харин тариаланчид, гурилын үйлдвэрлэгчид буруугаа бие бие рүүгээ шидэлсээр, бие биеэ хуурсаар хэдэн жил болов доо. Одоо нэг ухаарах цаг болсон баймаар.

Дээрх гашуун үнэнээс салаасай хэмээн бодож, хөдөө аж ахуйн үндсэн мэргэжлийн хүний хувьд өвгөн буурал болсон хойноо Монголын үндэсний газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлж, шинэ тариаланд шилжихэд тус нэмэр болох юун магад хэмээн үзэж, хэдэн зүйлийг санал болгохоор бичиж буйг минь өршөөх биз ээ. Үүнд:

1.Тариалангийнхаа хөрсийг хайрлан хамгаалж сурцгаая.

Хөрсгүй газар тариалан гэж хүн төрөлхтөнд байсан түүх одоогоор нээгдээгүй байна. Хүлэмжийн ногоо тариалахад л хиймэл хөрс, гидрофоныг хязгаарлагдмал хэмжээнд хэрэглэдэг болоод удаж байгаа. Хөрсөө үнс болгох ахул тариалангийн тухай ярих ч хэрэггүй болно.

Одоо Монголын тариалангийн хөрсний үржил шим нь “Атар-I аян”-ы үетэй харьцуулбал нэн ядуурч туйлдсан байгааг хөрсний агрохимийн лабораторийн олон жилийн шинжилгээ нотолсоор даруй 30-40 жил өнгөрч байна. Усны хайгуул, шинжилгээний олон жилийн үр дүн ч үүнийг нотолж, анхааруулсаар ирсэн.

“Атар-I, II аян”-ы жилүүдэд монгол орны тариалангийн хөрс ганцхан азотоор ядмаг, фосфор, калийн эрдэс бодис хангалттай гэж үздэг байв. Харин одоо эдгээр бодисын аль аль нь нэн их дутагддаг болоод бас л 30-аад жил өнгөрлөө. Хөрс механик элэгдэлд өртөж, ус, салхи, машины сөрөг нөлөөлөлд нэрвэгдэн нийт талбайн хөрсний 90 орчим хувь нь механик элэгдэлд орох эрсдэлтэй болсон тухай эрдэмтэд анхааруулж, хэлээд бас л 30-40 жил болсон.

Жил бүр ургац алдсан, ганд нэрвэгдсэн талбайн хэмжээг яамнаас мэдээлдэг боловч харин хөрсийг нь сайжруулсан талбайн тухай мэдээлэл ердөө гардаггүй болсон нь ердийн хэрэг болов. Ер нь ч тэгээд монголчууд тариалангийнхаа хөрсийг сайжруулах арга хэмжээг авч байсан юм уу гэсэн асуулт ч гардаг болоод удлаа.

Юуны өмнө хөрс элдэншүүлж буй арга, машин техниктээ дүн шинжилгээ хийж, тэдгээрийг сайжруулах хэрэгтэй. Энэ ажлыг тариаланч, эрдэмтэд хамтран хийдэг ёстой. Хөрсний механик элэгдлийн 50-60 хувь нь хэрэглэж буй машин, багажаасаа болж буйг тодорхойлж, нотолсон эрдэмтэн, мэргэжилтэн цөөнгүй байдаг.

Зөвхөн наад захын юмыг тэмдэглэн хэлэхэд, нэгд, хаврын цас, үер болон аадар борооны усыг тариан талбайгаас гаргахгүйгээр тэнд нь хөрсөнд шингээж үлдээх аргыг хэрэглэх нь чухал. Энэ зорилгоор хураалт болон тариалтын дараа хөрсийг 25-50 см гүнд ангалддаг багажийг хэрэглэж сурах; хоёрт, уулсын цасны шар усыг тариалангийн талбайд шуудуугаар хүргэж, халиадаг байсан ардын уламжлалт аргыг сэргээж, хэрэглэж сурах; гуравт, малын өтөг бууц, шувууны сангас, гахайн шивхээр нийлмэл шим бордоо бэлтгэж, хагас нигшмэл болмогц хөрсөнд цацаж, далдалдаг арга буюу “компост” бэлтгэдэг техник технологийг эзэмших хэрэгтэй байна. Дөрөвт, уринш бэлтгэхдээ хөрсийг жилийн турш нүцгэн байлгадаг аргаас татгалзаж, эзэмшилт уриншид бүрэн шилжих; тавд, ногоон бордуурын таримлыг сэлгээнд оруулж, хөшигт уринш бэлтгэхэд ашиглан, ургамлын үлдэгдэл, гуурс, ногоон бордуурын таримлаар хөрс бордох арга хэрэгслийг сурч эзэмших; зургаад, тариалангийн талбайд цас тогтоох техник, технологийг эзэмшин, цас их унах жилд тариан талбайд цас тогтоодог болох зэргээр юуны өмнө хөрсний чийгийн хангамжийг сайжруулах, ялзмагжуулж, бүтцийг байнга төгөлдөржүүлдэг болох хэрэгтэй болно. Ийм арга хэрэгслийг орос ах нараа голж, гоодохоо болиод тэднээс байнга суралцаж байхыг зөвлөж байна.

Нийлмэл шим бордоог дэлхийн улс орнуудад өнөөдөр “амьд хөрс” хэмээн нэрлэж буй бөгөөд ногоон бордуурыг 5,0 мянган жилийн тэртээгээс хүн төрөлхтөн тариаландаа хэрэглэж ирсэн түүхтэй. Өнөө үед эрдэс бордоо өндөр үнэтэй болж, гадаад орнууд импортоор өгөхдөө өндөр татвар ногдуулдаг болж, Монголын тариаланчид өөрсдөө худалдаж авч бараг чадахгүй болоод буйг нуух юун билээ. Монголын 70 орчим сая толгой малаас жилд ойролцоогоор 60-70 сая тонн шивх, өтөг бууц гардаг гэсэн тооцоо байдаг. Үхэр, хонины бууц, ялгадсыг хатахаар нь зунжин, намаржин шатаадаг явдал бий шүү дээ. Үүнийгээ болиод зөвхөн үхэр, бог малын өтөг бууц, ялгадсыг боловсруулж, хагас нэвшсэн шим бордоо бэлтгэж болно.

Ингэхэд “универсаль” маягийн шанагатай бульдозер, чиргүүлтэй трактор, жаахан эрдэс бордоо, химийн шингэн хор, 1-2 механикжуулагчтай бригад нэг компанид байнга ажилладаг байхад л болно доо.

Өтөг бууц, шивх, сангасаа малчдаасаа эсвэл өөрсдийнхөө фермээс авч болно биз дээ. Ганцхан аргыг нь сураад, ажиллах л хэрэгтэй шүү дээ !! Хөрсний үржил шимийг дэс дараалалтай дээшлүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй сэлгээг мөрдөх хэрэгтэй бөгөөд сэлгээний таримлыг олшруулах шаардлагатай. Одоо Монголын тариаланчид сэлгээг бараг мартсан байна. Нөгөө л уринш-улаанбуудайн сэлгээтэйгээ л үлдэх бололтой. Тэгэхдээ үүнийгээ ч олигтойхон хийж чаддаггүй болжээ гэж зарим хүн ярьдаг юм билээ.

Үргэлжлэл бий

Монгол овогт Жамсрангийн ТҮМЭН

/МАН-ын 1970 оны ахмад гишүүн, техникийн шинжлэх ухааны доктор, профессор/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)