Төрөөс олгож буй халамж, хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэхийг ҮАБЗ-өөр хэлэлцэж шийднэ
- 2021-06-14
- Үнэн
- 0
Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын улмаас нийгэм, эдийн засаг, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулах, дэмжих зорилгоор Засгийн газраас хэд хэдэн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлж буй. Тухайлбал, 18 хүртэлх насны хүүхдүүдэд олгодог 20 мянган төгрөгийг 100 мянга болгож, айл өрх, зарим аж ахуйн нэгжийн хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцаж байна. Мөн энэ оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл хуульд заасан хугацаанд НДШ төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж, байгууллагыг татвар, албан татвар төлөгчийн хуулийн дагуу тайлангаа гаргасан төлбөл зохих татварыг хуулийн хугацаанд төлөөгүй бол торгууль, импортоор оруулж ирэх хүнсний будаа, ургамлын тос, өвс, малын тэжээл, хүнсний буудайн үрийг импортын бараа болон гааль, НӨАТ-ын татвар, дотооддоо боловсруулсан өвс, тэжээлийг НӨАТ-аас чөлөөлж байгаа билээ. Түүнчлэн ипотекийн зээлийг дээрх хугацаанд буюу энэ оны долоодугаар сарын 1-нийг хүртэл үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн хойшлуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрч байна. Халдварын үед авч хэрэгжүүлж буй дээрх хөнгөлөлтийн хугацаа дуусах дөхөж байгаатай холбогдуулан Засгийн газраас эрсдэлийн шинжилгээ хийж эхэлжээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Долоодугаар сарын 1-нээс хойш төсөв санхүүгийн чадамж болон улсын үйлдвэрийн газрууд цаашид хэрхэн хичээж ажиллах, ямар дэглэм үйлчлэх вэ гэдгийг судалж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд үзүүлсэн хүүхдийн мөнгөний нэмэгдэл, ус, цахилгаан, дулааны хөнгөлөлт зэрэг халамжийн чиглэлийн арга хэмжээний хугацаа дуусах гэж байна. Халдварын нөхцөл байдал эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар цогц эрсдэлийн шинжилгээ хийж, цаашид яаж шилжилт хийх вэ гэдгээ тооцоолох ёстой. Одоогийн нөхцөл байдлаас авч үзэхэд бидэнд шилжилтийн үе зайлшгүй хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Цар тахлын өмнөх суурь руу шууд шилжих боломж байна уу. Эдийн засаг үүнийг даах уу гэдэгт шинжилгээ хийж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Гэтэл дээрх мэдээлэлтэй холбогдуулан цар тахлын хүндрэл бэрхшээлийг даван туулах зорилгоор олгож буй хөнгөлөлтүүдийг зогсоох гэж байна гэдэг асуудлыг иргэд, олон нийт хөндөж, шүүмжлэлтэй хандах болов. Тиймээс үүсээд буй нөхцөл байдалд Засгийн газрын хэвлэлийн алба болон Ашигт малтмалын газрын Тосны газраас мэдээлэл хийж, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд үзүүлж буй дээрх хөнгөлөлт, халамжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхийг мэдэгдлээ.
Ц.ГАНЗОРИГ: ВАКЦИНЫ ҮР ДҮН ИРЭХ САРД ГАРАХ ТУЛ ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙ
Засгийн газар Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан үйл ажиллагаагаа зогсоогоогүй. Монгол Улсын Ерөнхий сайд нийслэл болон орон нутагт хийж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, холбогдох үүрэг чиглэл өгч ажиллаж байгааг Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг хэлээд хоёр зүйлд няцаалт хийж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр “Засгийн газраас цар тахалтай холбогдуулан аж ахуйн нэгж, айл өрх, иргэдэд олгож буй халамж, хөнгөлөлтийг ирэх сарын 1-нээс зогсооно гэдэг мэдээлэл ташаа юм. Одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна. Цар тахлын нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ үед эрсдэлээ үнэлээд иргэн, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа хүүхдийн 100 мянган төгрөг, цахилгаан, дулаан, хог, ус гээд таван төрлийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байсан. Тиймээс дээрх таван төрлийн халамжийг Засгийн газрын болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн эхний хурлаар хэлэлцэж, шийдвэрлэнэ. Мөн шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдэхгүй. Засгийн газар өнгөрсөн хугацаанд шатахууны үнийг 530 хүртэлх төгрөгөөр хямдруулсан” гээд иргэд, олон нийтийн дунд үүссэн, эргэлзээ төрүүлсэн асуудал буюу хөл хорио тогтоох эсэхэд мөн тайлбар өглөө. Тодруулбал, эл асуудлаар Ерөнхий сайд эрдэмтдийн багтай нухацтай хуралджээ. Олон улстай харьцуулахад манай улсад вакцин хийлгэсэн хүмүүсийн 0.5 хувь нь халдвар авсан бол 800 мянган хүн бүрэн дархлаатай болсон аж. Үүнээс харахад 3.3 сая иргэний 2.5 сая нь эрсдэлтэй байгаа учраас одоогоор халдварын тохиолдол буурахгүй ч долоодугаар сараас бодит үр дүн гарна гэж эрдэмтэд үзжээ. Тиймээс хатуу хөл хорио тогтоохгүй гэдгийг мэдэгдлээ. Түүнчлэн дулааны улиралд газар тариалан, барилга байгууламжийн бүтээн байгуулалт зэрэг бүх салбарын үйл ажиллагаа идэвхждэг, мөн ирэх буюу долоодугаар сараас онгоцны шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулж, вакцинд хамрагдсан жуулчдыг хүлээн авах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж буйг дуулгалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан У.Хүрэлсүх тангараг өргөснийхөө дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, дээрх хөнгөлөлт, халамжийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотгол хийж, хүүхдийн 100 мянга болон бусад хөнгөлөлтийг үргэлжлүүлэх боломж байгаа эсэх талаар хэлэлцэхээр болжээ. Тиймээс бүх зүйлийг улс төрийн сонгуулийн үр дүнтэй холбож тайлбарлахгүй байхыг Засгийн газрын хэвлэлийн албан хүслээ.
Ц.ЭРДЭНЭБАЯР: ШАТАХУУНЫ ҮНИЙГ НЭМБЭЛ ХУУЛИЙН ДАГУУ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛНЭ
Дээрх мэдээллийн дараа иргэдийн дунд ялангуяа жолооч нарыг бухимдуулсан асуудалд Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр тайлбар хийж, шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдэхгүй гэдгийг хэллээ. Тэрбээр “Бид шатахууны үнийг хянаж байдаг. Цар тахлын үед эдийн засаг хүндэрсэн учир АИ-92 бензинийг нийт хэрэглэгчийн 33 хувь нь хэрэглэдэг. Тиймээс АИ-92 бензиний шатахууны нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлж байна. Олон улсад шатахууны үнэ өсөж байгаа ч зах зээлд АИ-92 бензинийг 1430 төгрөгөөр нийлүүлдэг. Цаашид АИ-92 бензиний үнийг өсгөхгүй байх арга хэмжээг авч байна. Хэрэв үнээ нэмбэл хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлнэ” гэлээ.
ТӨРӨӨС ҮЗҮҮЛЖ БУЙ ХӨНГӨЛӨЛТ, ХАЛАМЖ БОДИТ ДЭМЖЛЭГ БОЛОВ
Цар тахлын үед бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх сарын 1 хүртэл буюу долоон сарын хугацаанд төр хариуцах шийдвэр гаргаж, хэрэгжүүлсэн нь бодит дэмжлэг болж чаджээ. Тодруулбал, тэглэсэн төлбөрүүдийн санхүүгийн эх үүсвэрийг “Эрдэнэт” үйлдвэр хариуцаж, ойролцоогоор 650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргаж, 123800 аж ахуйн нэгж, 900 мянга гаруй айл өрх энэхүү хөнгөлөлтөд хамрагдаж байна. Жишээлбэл, 75 ам метр талбайтай байранд амьдардаг, фитнесс ажиллуулдаг иргэний хувьд сардаа 125 мянган төгрөгийг байр, цахилгааны дулаан, мөн фитнесс клубийнхээ цахилгаан, дулаанд 1.2 сая орчим төгрөгийг төлдөг гэж бодоход тухайн айл сард 1.3 сая төгрөгийн хөнгөлөлтийг төрөөс авч байна гэсэн үг юм. Энэ бол цар тахлын үед бодит хийгээд томоохон дэмжлэг болж байгаа тул айл өрх, иргэн аж ахуйн нэгжүүд талархалтай хандаж буй.
Хүүхдийн мөнгөөр дамжуулан айл өрхүүдийг дэмжих шийдвэр, шийдлийг гаргахдаа тодорхой судалгаанд үндэслэжээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийн дэмжлэгийг хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх замаар айл өрхүүдэд үзүүлэх нь зүйтэй гэдгийг судалгаагаар тогтоосон байна. Тиймээс 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд сард 20 мянган төгрөг олгодог байсан бол цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас өнгөрсөн оны гуравдугаар сард үүнийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, энэ сарыг дуустал олгохоор төсөвт санхүүжилтийг нь тусгасан. Нийтдээ 864 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан бөгөөд 1.2 сая хүүхэд энэхүү мөнгийг авч байна. Ингэж хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлж олгосон нь цар тахлын хүндхэн энэ үед олон айл өрх, хүүхэд гэдэс цатгалан хоолтой хонох, амьжиргаа нь дээшлэх боломж бүрдүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, айл өрхүүдэд хамгийн бодит дэмжлэг болж чадсан гэдгийг олон жишээ харуулж байна. Дөрвөн хүүхэдтэй айл сард 400, зургаан хүүхэдтэй айл 600 мянган төгрөг авч буй нь чамлахааргүй дэмжлэг. Хэдэн хүүхэдтэй байхаас үл хамаарч тухайн айл өрхөд боломжийн тусламж дэмжлэг болж буй тухай ээжүүд цахим хуудсаараа дамжуулан төр засагтаа талархаж буйгаа илэрхийлж байна.
Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах талаар авч хэрэгжүүлж буй төр, засгийн дээрх арга хэмжээг олон улсын банк санхүүгийн байгууллагууд “хамгийн оновчтой, зөв” хэмээн өндрөөр үнэлсэн юм.
С.ЮМСҮРЭН
Сэтгэгдэл (0)