Засгийн газар төсөвт тодотгол хийх чиглэлээр ажиллаж эхэлжээ
- 2021-06-15
- Үнэн
- 0
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар мэдээлэл хийлээ. Хуралдаанаар гурван чиглэлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонссон байна. Нэгдүгээрт, цар тахлын нөхцөл байдал, цаашид Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлэх арга хэмжээ. Хоёрдугаарт, төсвийн тодотгол, Улсын баяр наадам, цаг үеийн бусад асуудал. Гуравдугаарт, хөрөнгө оруулалт, төсвийн чиглэлд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ялангуяа цар тахлын үед эдийн засгаа хэрхэн дэмжих асуудлаар мэдээлэл сонсож, ярилцжээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан бүлгийн гишүүд Ерөнхий сайдаас асуулт асуун тодруулж, гарц шийдлийн талаар нэлээд дэлгэрэнгүй ярилцсан байна.
НӨХЦӨЛ БАЙДЛЫГ СУДАЛЖ БАЙЖ НААДАМ ХИЙХ ЭСЭХИЙГ ШИЙДНЭ
Цар тахлын асуудлаар Засгийн газар ойрын үед тодорхой шийдвэр гаргахаар болжээ. Мөн төсвийн тодотголыг Улсын баяр наадмаас өмнө хэлэлцэж шийдвэрлэхээр болсон байна. Энэ хоёр асуудлын тухайд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Баяр наадамтай холбоотой асуудлаар Ерөнхий сайдтай ярилцсан. Өнөөдөр шийдвэр гаргах хараахан болоогүй байна. Нөхцөл байдлаа харъя гэсэн. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилээс гадна олон аймаг, сумын ой тохионо. Тиймээс Засгийн газар нөхцөл байдлыг судалж байгаад зургаадугаар сарын сүүлчээр энэ асуудлыг ярилцаж, шийдэхээр тогтсон. Хөл хорио тогтоох арга барилаа өөрчилж, арай өөр арга хэмжээ авах саналаа МАН-ын бүлэг Засгийн газартай ярилцсан. Засгийн газар саналаа боловсруулаад тодорхой асуудлаар та бүхэнд хандана гэж бодож байна” гээд төсвийн тодотголын тухайд тэрбээр “Хүүхдийн мөнгөний асуудлаас эхлээд улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн. Засгийн газар улсын төсөвт тодотгол хийх чиглэлээр ажиллаж эхэлж байна. Удахгүй УИХ-д өргөн барина. Өргөн барьсны дараа УИХ хэлэлцэж, шийдлээ гаргана. Байр, цахилгаан, дулааны хөнгөлөлтийн асуудлыг төсөвт тодотгол хийхэд ярина” гэв.
Засгийн газраас цар тахлын үед авах хариу арга хэмжээний хүрээнд энэ оны долоодугаар сарын 1 хүртэл хүүхэд бүрд 100 мянган төгрөг, айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны мөнгийг улсаас төлөх шийдвэр гаргасан хугацаа нь дуусаж байгаа юм.
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХАВРЫН ЧУУЛГАНААР БАТАЛНА
Засгийн газраас өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн 11 хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэн эцэслэн батлах саналд бүлгийн гишүүд байр суурь нэгджээ. Засгийн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо зэрэг төр болон төрийн бус байгууллагууд тухайн хуулийн төслийг боловсронгуй болгох чиглэлд маш идэвхтэй ажиллаж буйг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга тодотгосон бол тус хуулийн төслийн онцлог зүйл заалт, ямар шаардлагаар шинэчлэн найруулах болсон талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцууллаа.
Нэгдүгээрт, УИХ Хөдөлмөрийн тухай хуулийг дээр дурдсан дөрвөн талтай зөвшилцөж байж, харин бусад хуулийг улс төрийн шийдвэрийнхээ хүрээнд баталдаг. Тус хуулийг зөвшилцсөний эцэст баталдаг учраас аль ч улс оронд нэлээд удаан хугацаанд хэлэлцдэг байна. Одоо УИХ-аар хэлэлцэж буй Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг 2018 онд өргөн барьсан. Өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй, 1999 оны тавдугаар сарын 14-нд баталж байсан хуулийг шинэчлэн найруулах ажлыг 2005 оноос эхлүүлсэн байна. Улмаар 2008 онд Засгийн газар тэргүүтэй холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийг байгуулан ажиллаж буйг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлээд шинэчлэн найруулах болсон шалтгааныг тайлбарлав. Тэрбээр “1999 оноос хойш хөдөлмөрийн зах зээл бүрэн өөрчлөгдөн шинэчлэгдсэн. Тухайн үед Засгийн газар ажил эрхлэгчдийн 80-90 хувьд нь ажил олгож байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нэг том ажил олгогчтой байсан. Харин өнөөдөр Засгийн газар төрийн албаны 180 гаруй мянган хүний ажил олгогч болж байна. Үлдсэн ажил эрхлэгчид хувийн байгууллагад ажиллаж, эсвэл хувиараа бизнес эрхэлж байна. Одоогоос 20 гаруй жилийн өмнө бид нэг ажил олгогчтой байсан бол одоо олон ажил олгогчтой болоод байна. Үүнээс гадна хөдөлмөрийн харилцаа өөрөө их өөрчлөгдсөн. Жишээлбэл, “COVID-19” хөдөлмөрийн харилцаанд цахимаар, гэрээрээ, хагас цагаар, уул уурхайн салбарт уртын ээлжээр, ажилчдаа өөр байгууллагад шилжүүлж ажиллуулах гэх мэт олон шинэ өөрчлөлтийг бий болголоо. Мөн туслах малчдын асуудал зэрэг хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд тусгаагүй олон шинэ зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан” хэмээв.
Хоёрдугаарт, Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлд аль ч тал сэтгэл хангалуун биш байгаа аж. Хэрэв аль нэг тал нь сэтгэл хангалуун байвал аль нэгэн талын ашиг сонирхлыг дутуу тусгасан гэсэн үг тул энэхүү хуулийг зөвшилцлийн үр дүнд баталдаг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталж, хэрэгжүүлснээр хөдөлмөрийн зах зээлд үүсээд буй бүх асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй ч тус салбарт ахиц дэвшил бий болгоно гэдэгт талууд санал нэгдсэн байна.
С.ЮМСҮРЭН
Сэтгэгдэл (0)