СУИС болон бөхийн сургуулийг хааж, лам нарын тоонд хязгаар тогтоомоор байна
- 2021-06-15
- Нийтлэл
- 12
Яг өнөөдрийн нийгэмд ажил хийдэг хүмүүс үгүйлэгдэж байна. Ажил хийх сонирхолтой, хөдөлмөрлөж байж сайхан амьдарна гэдгийг ухаарч тэмүүлсэн хүмүүс нь жил ирэх бүр цөөрөөд байна л даа. Баялаг бүтээж, хөлсөө урсгасан нь адлагдаж, дуулж бүжиглэж, хошигнодог нь олширчихоод яваа нь өнөө цагийн хатуу үнэн. Тэгэхээр одоо дээр, дооргүй нэг л зүйлд голлож анхаармаар байна.Ажил хийдэг хүмүүсийг аль болох хэмжээнд нь олон болгомоор байна. Ажил хийдэг хүмүүсийг бэлддэг сургуулиудыг олноор нь байгуулж байж л улсаараа хөгжинө.
Өнөөдрийн өнгөө эргээд харах нь ээ СУИС-ийг хаая гэж адгахаас аргагүй нөхцөл үүсчихэж, Монгол даяар.Хаадаггүй юм аа гэхэд дуулж бүжиглэж хошигнодог армийг бэлддэг урлаг соёлын сургуулиудад хязгаар тавих цаг ирчихэж. Монгол шиг гуравхан сая хүнтэй улсад ганц сургууль л дуулж, бүжиглэдгүүдийг бэлдэхэд хангалттай. Бултаараа дуулж бүжиглээд бүгдээрээ аятай, дажгүй амьдраад байна уу гээд анзаарахаар тэс өөр зураг харагддаг. Нийтийн дуучдаас гэхэд л С.Жавхлан, С.Батсүх гэх мэт цөөхөн дуучин л дажгүй мөнгө олоод давгүй амьдраад яваа анзаарагддаг. Рок, попынхон дунд учиргүй гялалзаж яваа нь бас их цөөхөн. Дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа, гитарчин Өөжгий, “Харанга”, “Хурд” гэсхийгээд бараглана.Товчхондоо дуу, бүжгээр сайхан амьдардаг нь тун цөөн. Бусад нь насан туршдаа нэг тийм дундуур, гунигтай амьдардаг нь гашуун ч гэлээ үнэн.
Яахав өнгөц харахад дуулж, бүжиглэж, жүжиглээд сайхан яваа мэт харагддаг л даа. Олдог мөнгө, ахуй амьжиргаа талаас нь харвал их гунигтай төрх байдал урлагийнхан дунд нийтлэг үзэгдэл болчихсон. Тоглолт зохион байгууллаа гэхэд л ах, дүү, ойр тойрныхондоо бөөн төвөг дараа болж яваа ажиглагддаг. Өнөөдүүл нь ч тасалбарыг нь авах гэж, бусдад худалдаж өгөх гэж тэрүүхэндээ зовлон, асуудал болдог нь нуух юмгүй ил үнэн. Ингэж өөрийгөө ч, өрөөлийг ч стресстүүлж зовж амьдарснаас “Гачуурт”-ын Л.Чинбатыг дагаад төмс тариад сурчихмаар байгаа юм. Ажил хийвэл ам тосдоно гэдэг зүгээр ч нэг үг биш.Хөлсөө урсгаж, хөдөлмөрлөх хэрээр өгөөж нь гардаг, сайхан амьдрах асуудал биш болдог учраас ийм зүйр үг гарсан хэрэг.
Бөхчүүд гэж аархсан, эрэлхсэн бүлэг байна, нийгэмд. Үндэсний өв соёлоо тээгчид гэсэн гоё тодотгол доор жинхэнэ өв, соёлынхоо эсрэг мөн чанартангууд дэвж, шавж, аархаж, эрэлхэж яваа харагддаг. Сүүлдээ бүр “Бөх бол төр юм” гэсэн элийрэл рүү орчихсон. Бөх тойрсон элийрэл ингээд зогсохгүй. Эр хүн бүхэн бөх болох шахуу туйлшрал газар авчихсан галзуурч буй. Шуудхан хэлэхэд, бөх тойрсон энэ “моодорхол”-оо зогсоох цаг болчихож.Булчинг биш тархийг шүтдэг нийгмийг бүтээе гэвэл эхлээд бөхчүүд бэлтгэдэг энэ олон сургуулийг хаахаас эхэлмээр байна. Олны мэддэгчлэн аваргуудын байгуулсан хэдэн сургууль бий. Х.Баянмөнхийн “Шонхор”, Б.Бат-Эрдэнийн “Аварга”, А.Сүхбатын “Олимп” сургуулиуд лав бөх бэлдсээр өнөөг хүрсэн. “Их шавь” гэдэг сургууль ч байдаг санагдаж байна. За тэгээд Үндэсний биеийн тамирын дээд сургууль гэх мэтээр тоочвол өчнөөн нэр жагсаах хэрэг гарна. Ингэсгээд орхиё.
Бөхийн сургууль олон байхын хэрээр бөх барилдаж их мөнгө олох хүсэлтэй залуусын тоо буурахгүй байх шиг санагддаг.Уурхайд ажиллаж улсаа хөгжүүлмээр ид насны залуус аймаг, улсын цол ярьсан шигээ яваад нийгмийн хандлага бас ташуур өгөөд байна л даа.Наадамд зодоглож түрүүлсэн бөхөд тансаг хаус, том машинаас эхлээд хамгаа бариад гүйдэг сэтгэлгээнээс үүдсэн гажуудал амь бөхтэй оршсоор байгаа. Түрүүлсэн бөхөд сөгдөж, мөргөж биш баялаг бүтээж, бүтээн байгуулалт өрнүүлсэн бизнес эрхлэгчид рүүгээ талархан хардаг нийгэм бүрдэж гэмээнэ бид хөгжинө. Ингээд харахаар элдэв наадамд түрүүлсэн бөхөд хамгаа бариад гүйдэг сэтгэлгээгээ өөрчлөх цаг болчихжээ.Бөхийн сургуулиудыг хаая, бөх бол төр юм гэсэн сэтгэлгээнээсээ салъя, ерөөс бөх гэхээр л хөл алдаж гүйдэг хандлагаа орхиё.Мэдээж үндэсний бөхийн тухайд өв, соёл тээгч мөн үү гэвэл мөн.Эрийн гурван наадмаа яг байгаагаар нь авч үлдэж, үндэсний бөхөө яг тэр хүрээнд нь, өв соёл тээгчийнх нь хэмжээнд хүндэтгэж хөгжүүлээд явахад л болчих юм.
Бөхийн сургуулиудын оронд бүх нийтийн биеийн тамирыг дэмжсэн сургууль, төвүүд байгуулмаар байна. Ингэвэл ядаж л иргэд нь эрүүл аж төрөх сайн талтай. Хуучин нийгмийн үед ХБХ-ын норм гэж байлаа.Үгчилбэл, хөдөлмөр батлан хамгаалахад бэлэн гэсэн утгатай л даа.Дайн болвол хэзээд бэлэн, хөдөлмөрлөхөд ямар нэг асуудалгүй гэдэг үүднээс ийм нормыг биелүүлэх ёстой гэсэн шаардлагыг иргэн бүрдээ тавьдаг байж. Дайнд бэлэн энэ тэр нь тухайн цагийн өнгө дагасан үзэл л дээ, мэдээж.Хамгийн гол нь эрүүл биетэй иргэдтэй байх гэсэн санааг нь өнөө цагийн өнгөнд бүтээлчээр буулгахад болохгүй юмгүй. Ахмадуудын хувьд гээд ярихад гэрийнхээ ойролцоо чийрэгжүүлэх танхимтай бол хөдөлгөөнтэй, эрүүл саруул аж төрөөд байна даа. Залуучуудад гээд харахаар хаа сайгүй хөл бөмбөг, сагсны талбай байгуулаад өгчихвөл бүх нийтийн биеийн тамирыг дэмжсэн том алхам болчихно.Бөхийн сургуулиудаасаа татгалзаад энэ чиг рүү явмаар байна.
Бас лам нарын тоог цөөлмөөр байна.Нэг дүүргээс төдөөс илүү лам хэрэггүй ч гэдэг юм уу лам бэлдэх шатанд тооны хязгаар тавимаар санагддаг.Өнгөрсөн түүхээ сөхөөд харахаар лам нарын тоонд хязгаар тавьсаар ирсэн байдаг юм.Өнгөрсөн зууны эхээр монгол хүний төчнөөн нь лам байсан, лам нарын тоо арай ч их байжээ гэсэн ойлголт байдаг л даа. Гэхдээ хувьсгалчдын тэр яриа хэтрүүлэгтэй, худал байсан нь өнгөрсөн түүхээс анзаарагддаг. Манжийн үед гэхэд л лам нарын тоонд хязгаар тавьж байсан барим тавим баримт бий.Гэтэл одоо Энэтхэгт лам болохоор шавилан суугсад тоогоо алдчихаж. Хүмүүсийн нэг их анзаараад байдаггүй өнцөг л дөө. Сая ковидын үед эх орондоо ирсэн лам нарыг хараад ямар олноороо бэлтгэгдэж байгааг нь анзаарсан хэрэг. Лам нарын тухайд амар аргаар мөнгө олох гэж бурхны номд шамдах нь олон болжээ гэсэн шүүмжлэл дуулддаг. Номын уг утгыг нь хайж, философийг нь судалж, жинхэнэ утгаараа номд шамдагсад тун цөөхөн, хийморийн сан тавьж, жилийн засал ном үйлдэх төдийг өнгөц сураад амь зуудаг нь олон болсон нь бодитой ил үнэн. Ингээд харахаар лам нарын тоонд хязгаар тавихаас аргагүй санагддаг.
Хөдөлмөрлөж биш, амар хялбар аргаар мөнгө хөөсөн мэргэжил, ажил ингээд зогсохгүй. Хуульчид, эдийн засагчид гэхэд л эрэлтээсээ хол давчихсан.Бараг л толгойтой бүхэн хуульч, эдийн засагч болчихсон яваа анзаарагддаг. Шуудхан хэлэхэд, тоо нь замбараагаа алдсан хуульчид, эдийн засагч мэргэжилд ч хязгаарлалт тавимаар байна. Ажил хийдэг нь, хөлсөө урсгаж хөдөлмөрлөдөг нь олширч байж л хөгжил ирнэ.
Наад зах нь л олноороо бирж дээр тоглож сурмаар байна.Хөрөнгийн зах зээл дээрээ улсаараа тоглоод сурчихсан орнуудын хөгжил дэлхийн энтэй яригддаг.Том компаниуд нь хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж, иргэд нь хувьцааг нь худалдаж авч үндэсний компаниудынхаа хөрөнгө оруулагч болох гарц шийдлийг идэвхтэй ярьж, энэ чиглэлээр нөлөөллийн том ажил хийж яваа залуус цөөнгүй болсон нь олзуурхмаар хандлага санагддаг.Иргэд том компанийн хувьцаа эзэмшигч болоод эхэлбэл муусайн баячууд гэсэн хандлага алга болно, төр нь компаниудаа уулгалан дээрэмдэх, ад үзэж шахаж хавчих хандлага ч үгүй болно.Хувьцааных нь тодорхой хувийг эзэмшдэг компани руу төр, улстөрчдийн зүгээс ямар нэг дайралт ирвэл хувь эзэмшдэг арван мянган иргэн сөрөөд жагсдаг орчин бүрдэнэ гэсэн үг.
Улсаараа криптовалют, цахим мөнгө гэх мэтийг хэлэлцдэг, хөөрөлддөг, шинэ дэвшилттэй бүхэн рүү тэмүүлэгч үндэстэн болмоор байна. Уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтыг үзэн яддаггүй сэтгэлгээг төлөвшүүлж, халамж амлаж хамаг боломжийг нь үгүй хийдэг популист улстөрчдийг дагаж ханардаггүй хандлагыг тогтоомоор байна. Хоёроос гурван их дээд сургуульд суралцсан, дор хаяж хоёр гурван хэлтэй, баялаг бүтээгчдээ бахархан харж үлгэрлэн дуурайдаг, эдийн засаг, улстөрийн шинжлэх ухаанч мэдлэгтэй, ухаалаг, хэрсүү иргэдтэй болчихвол хөгжих тийм ч том асуудал биш.
Аль юм болгон Б.Болдсайхан эмчийн хэлдэг шиг улсаараа “айлын эрх тэнэг хүүхэд шиг” аж төрөх вэ. Одоо Израиль, Дани, Швед лугаа хөгжмөөр байна. Израиль, Шведийн хөгжлийн нууц уг нь их энгийн. Иргэн бүрийнхээ цэрэг, эх оронч үзлийг асааж чадсан учраас өнөөгийн хөгжилдөө хүрсэн гэж учир мэдэх улс ярьдаг. Эх оронч иргэдтэй байх ч их энгийн. Дуу хуур, шоу цэнгээнээс илүү бүтээх хийхийг шүтэж амьдардаг иргэдийг л өнөө цагт эх оронч гээд байгаа юм.
Төгсгөлд нь давтаад онцлоход иргэд нь хэрсүү, төр нь ухаалаг, бөх, дуучин, ламд шүтэж биш баялаг бүтээгчдэд шүтэж, баялаг бүтээгчдээ дагаж хөгждөг хүчтэй иргэдтэй улс болчихвол гуравхан сая хүнтэй улсад хурдан хугацаанд сэвхийтэл хөгжих дүүрэн боломж бий.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Сэтгэгдэл (12)
(202.126.90.124)
Яана даа ийм юм бичиж байгаа сэтгүүлч байх гэж. Хэддүгээр зуунд ямар үнэт зүйлийг эрхэмлэдэг нийгэмтэй дэлхий eртөнцөд амьдарч байгаагаа eр нь мэдэж байна уу. 100 гаруй жилийн өмнө хөлдчихсөн байгаад сэрсэн сэтгүүлч үү
Зочин (202.55.188.81)
Сэтгүүлчид ном унших цаг болжээ.
зочин (103.57.94.158)
хойд солонгос болгох нь. хүн лам болно уу бөх болно уу чамд ямар хамаа байнаа. сэтгүүлч нарын тоог цөөлмөөр юм. энийг бичсэн хүн зүгээр коммэнт шиг юм бичсэн байна. хянагч байдаггүй юм байх даа ажил дээр нь
Зочин (192.82.77.31)
Соёл, урлаг бол аливаа улсын үнэт өв мөн, харин СУИС-ийн сургалт, удирдлага зохион байгуулалтыг шинэчлэх цаг болсон. Байгууллагын үйл ажиллагаа удирдлагаас шалтгаална.
Чөтгөр (124.158.96.210)
СУИС-аас жинхэнэ урлагийнхан төрж гарч байна гэж ямар тэнэг нь чамд шивнэчихээв?
Mongol hun (66.181.161.79)
Hogjiliig material aar oilgodog mongoor oilgodog hardag hunii yarial bndaaaaaa
зочин (202.9.46.186)
Маш зөв нийтлэл байна. СУИС-г төгсөгчдийн ихэнхи нь найр наадам хэсэж явдаг, ажлын байргүй.... СУИС-н удирдлага нь рекламдахаас цаашгүй тэтгэврийн нас нь хэтэрсэн хэдэн авгайчууд байдаг. СУИС- н удирдлагын талаар сошиалд ноцтой мэдээллүүд үе үе гарч байсан ч тэр нь тэр дороо хаагдаж алга болдог нь хачирхалтай.... Боловсролын яам, Засгийн газар СУИС- н удирдлагыг яаралтай сольж салхи оруулахгүй бол ялзралд орж дууссан газар шүү. ..Уг нь төрийн өмчийн их сургууль нэртэй юм шүү дээ...
Зочин (66.181.179.172)
Урлаггүй хаа холдох юм дураараа я....н бэ.
(202.9.46.248)
Яг үнэн хэдэн далдаганасан хошин шогийн юмнууддаа бас Алтан гадас өгчихнөө.Бүүр Коммунизмдээ орох гд бгаам ажилчин анги үйлдвэрүүд ажиллаж бж улс хөгжинөө.Дуу дуулж бүжиглэж Хошин шоглож марзганаж маазарсаар,хөлсөө гартал барилдаад Монгол улс хөгжихгүй ээ.
зочин (90.188.54.82)
маш зөв нийтлэл байна. бас маш олон сэтгүүлч сурвалжлагч ямарч хэрэггүй нэвтрүлгүүд эхнэр нөхрийн хоол хийх гэх мэт өрх бүр үйлдвэрлэгч байх. Одоо хэдэн өрх хувийнхаа хашаанд аарсдийн идэх ногоогоо тарьсан болдоо
(192.82.87.174)
duraaraa yankan be
Сампил (66.181.161.119)
Энэ үнэн шүү Нийтлэлийг дэмжиж байна
Хоосон байна
Хоосон байна