Монголчууд баялагтаа эзэн байх боломж бүрдлээ
- 2021-06-16
- Үнэн
- 0
“Шударга ёс-Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх өндөр эрх, үүрэг хариуцлагыг ард түмэн Ерөнхийлөгчийн сон-гуульд МАН-аас нэр дэвшиж, үнэмлэхүй ялалт байгуулсан тус намын дарга У.Хүрэлсүхэд олгосон юм. Ингэснээр Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа эхлүүлж, тодорхой үр дүнд хүрсэн том тэмцэл, томоохон бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх, үр дүнг нь үзэх, эх орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө тавьсан зорилго, зорилтоо биелүүлэх, УИХ, Засгийн газраа сөрж биш дэмжиж, хамтран ажиллах боломжтой болов. Иргэд, сонгогчдын их итгэлийг хүлээж, үнэмлэхүй ялалт байгуулсан У.Хүрэлсүх ард түмэндээ хандаж “Монголын ард түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулна” гээд улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ эв нэгдэл, ирээдүй хойч үедээ сайн сайхан нийгэм үлдээхийн төлөө “чөмгөө дундартал” хүчин зүтгэхээ тодотгосон билээ. Энэ удаагийн сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч өмнөх төрийн тэргүүнүүдээсээ онцлогтой. Ялангуяа эрхийг нь нэлээд хязгаарлаж, үүргийг нь тодотгож өгсөн. Тодруулбал, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн насны доод хязгаарыг 45-50 болгож, дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох боломжтой байсныг зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалт хийсэн. Мөн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнц-лийг алдагдуулдаг байдлыг хумих зорилгоор Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан хүрээнд Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрх олгохоор тусгасан билээ.
Зарим нэгийг нь онцлон дурдвал, уг хуульд заасны дагуу Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй бөгөөд энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Мөн гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах, Монгол Улсаас гадаад улсад суух Бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах эрхтэй. Түүнчлэн онцгой нөхцөл бий болбол улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх эрхтэй бөгөөд түүнийг нь УИХ долоо хоногийн дотор хэлэлцэж, батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв УИХ шийдвэр гаргаагүй бол тухайн зарлиг хүчингүй болно. Ерөнхийлөгч энэ мэтээр холбогдох хууль, дүрэм журамд тодорхой тусгасан эрх үүргийнхээ хүрээнд ажиллана.
Хамгийн гол нь мөрийн хөтөлбөр буюу хийж, хэрэгжүүлэх ажил нь бодит, амьдралд ойр, амласан амлалтаа биелүүлэх боломж бүрэн дүүрэн байгаа учраас ард иргэд У.Хүрэлсүхэд итгэл хүлээлгэсэн. Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх “Шударга ёс-Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөртөө улс орон, ард иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бататган, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлээ эрхэмлэж, сонгодог парламентын ардчилал, хараат бус шүүх, хүчирхэг эдийн засагтай, баялгийнхаа эзэд болсон чинээлэг хангалуун, аз жаргалтай иргэдтэй улс болгон эрчтэй хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгож тодотгосон. Тухайлбал, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн их бүтээн байгуулалт болох Газрын тосны үйлдвэрийнхээ үүдийг нээх, төмөр замаа барьж дуусгах, цахилгаан станцуудаа босгох, түлш шатахуун, гэрэл дулаан, хүнсний дотоодын хэрэгцээг бүрэн хангах, улмаар экспортлох ажлаа эрчимжүүлэх үүргийг хүлээлгэв. Мөн есдүгээр сарын 2-ныг “Хүн төрөлхтөн дайныг ялсан өдөр” болгон тэмдэглэх санаачилга дэвшүүлж, визгүй зорчдог орны тоог хоёр дахин нэмэгдүүлж, “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтарч ажиллах боломжийг нь олголоо.
Үндэсний эв нэгдлийг бататгаж, төрдөө итгэх ард түмний итгэлийг бэхжүүлж, УИХ, Засгийн газраа сөрж биш хуулийн хүрээнд нэг бодлого, нэгдмэл үйл ажиллагаатай хамтран ажиллаж, эв эвдэх бус эв нэгдэх зарчмыг баримтлах нь юу юунаас илүү ус, агаар мэт хэрэгтэй байгаа билээ. Учир нь, үе үеийн Ерөнхийлөгч Засгийн газрынхаа эсрэг сөрж зогсох, зөрчилдөх, эсэргүүцэх, ажлыг нь гацаах, ард иргэдийг буруу зүйлд уриалан дуудаж турхирах тохиолдол цөөнгүй гаргадаг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нэг цонхоор нэгэн зүгт харж, Засгийн газрынхаа эхлүүлсэн томоохон ажлыг дэмжиж, урам зориг хайрлаж, хамтран ажиллаж байж үр дүнг нь үзэж, улс орон хөгжин дэвшиж, ард иргэдийн амьдрал ахуй сайжирна. У.Хүрэлсүхийн баримталж буй, ард иргэдийн хүсэж буй зарчим бол энэ.
ЗАЛУУС ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ҮҮД НЭЭГДЭВ
Мөн түүний мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон төрийн албанд намын харьяалал, хамаатан садан, нийгмийн тодорхой бүлэгт давуу байдал олгодог байдлыг таслан зогсоох, Баялгийн нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгөх, “Мянганы төмөр зам” үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгох, “Монгол шатахуун” хөтөлбөр хэрэгжүүлж, нефтийн хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэн, бензин шатахуунаа эх орондоо үйлдвэрлэх, аймаг, сум хооронд сайжруулсан, хатуу хучилттай зам барих “Нутгийн зам” төслийг эрчимжүүлж, “Мянганы зам”-ын магистрал сүлжээнд холбох ажлыг дэмжиж ажиллах зорилго, зорилтод иргэд ам сайтай байгаа билээ. Түүнчлэн “Орлоготой оюутан” хөтөлбөр санаачилж, оюутан, залуусын хөдөлмөр эрхлэх боломж, цагаар ажиллах ажлын байрны тоог нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллах, эх хэл, бичгийг бага сургуульд бүрэн эзэмшүүлсний дараа дэлхийн хоёр гадаад хэлийг ерөнхий боловсролын дунд, ахлах анги болон коллеж, их, дээд сургуульд сургах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Монгол хүн бүр чанартай боловсрол эзэмших, эрүүл мэндийн цогц үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүртэх, хүн амаа өсгөх, гэр бүл, хүүхэд, оюутан, залуучууд, ахмад настан, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ивээлдээ авах бодлого, зорилгоо мөрийн хөтөлбөртөө нарийн тодорхойлсон нь ялгарах нэг давуу тал болсон. Тодруулбал, Монгол Улсын 330 сум, Улаанбаатар хотын 171 хороо бүрээс 2100 залууг шалгаруулж, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд төрийн зардлаар сургаж, дэлхийн монгол хүн болох боломжийг нээж өгөх, шударга тэгш боломжийг олгохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан. Өөрөөр хэлбэл, муухан сурдаг ч мөнгөтэй л бол гадаад явж, мөнгөгүй нь хэчнээн сайн сураад ч мөрөөдлөө биелүүлэх боломжгүй байдаг ялгааг арилгаж, өөрөө хичээж, шалгарч чадвал, улсынхаа зардлаар их дээд сургуульд сурч, мэргэжил эзэмших боломжийг бүрдүүлэхээ амласан, бас биелүүлж чадна гэдэгт нь итгэсэн учраас оюутан, залуус түүнийг дэмжсэн. Ингэснээр хүсэл зорилго, мөрөөдөлтэй залуус дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах үүд хаалга нээгдэв.
БАЯЛАГТАА ЭЗЭН БАЙХ ЭХЛЭЛИЙГ ТАВЬСАН, ОДОО ҮР ДҮНГ НЬ ҮЗЭХ Л ҮЛДЭВ
Ард иргэдийн туйлын хүсэл болсон шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлэх боломжтой болов. Үүний тулд шударга бусын хонгилыг нурааж, ардаа алагчилдаггүй, авлигаас ангид шударга төрийг цогцлоох, хараат бус шүүхтэй, хувь хүн бус хууль засагладаг шударга ардчилсан засаглалыг бэхжүүлэх, хуулийн гадуур, хулгайн замаар алдагдсан орд баялаг, улсын үйлдвэрүүдээ Монголын төр, ард түмэндээ эргүүлэн авч, үр шимийг нь иргэн бүрд тэгш, шударга хуваарилах амлалт өгсөн. Үүний эхлэл суурийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ тавьсан билээ. Товчхон эргэн сануулбал, “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет”, Бор-Өндөр, Багануурын уурхай гээд маш олон уул уурхайн салбарын баялаг, улсын үйлдвэрийн газрууд алдагдчихсан байсныг буцаан авч, үр шимийг нь ард иргэддээ хүртээсэн юм. Тодруулбал, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа асар том зориг, тэвчээр гаргаж, ихээхэн тэмцэл өрнүүлж байж улс орон, ард түмнийхээ “саалийн үнээ” буюу “Эрдэнэт” үйлдвэрийг хураан авч, улсын мэдлийнх болгож чадсан. Одоогоос таван жилийн өмнө буюу 2016 онд “Эрдэнэт” үйлдвэрийг хувьчилсны дараа жилд 184 тэрбум төгрөгийг улсын төсөвт тушааж байсан бол улсын мэдэлд эргүүлж авсны дараа жил нэг их наяд төгрөгийг тушаав. Мөн Асгат, Салхит, Тост Тосон бумба, Гутайн даваа, Ноён уул зэрэг олон орд газраа буцаан авч, ард түмний мэдэлд өгсөн. Мөн түүний удирдсан Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд тууштай тэмцэж, 938 лицензийг цуцалж, 7.2 га газрыг чөлөөлсөн. Ийнхүү шийдэмгий, эр зоригтой эхлүүлсэн тэмцэл, үйл хэргээ тэрбээр цаашид үргэлжлүүлэх, бид баялагтаа эзэн байх боломж бүрдэв.
ГОЛ ЗАРЧИМ НЬ ЭВ ЭВДЭХ БУС НЭГДЭХ ЯВДАЛ ЮМ
Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш 30 хоногийн дотор УИХ-д тангараг өргөх ёстой бөгөөд товыг УИХ тогтоодог. Энэ дагуу сонгуулийн дүнгээр олонхын санал авсан У.Хүрэлсүхийг энэ сарын 25-ны 11:40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргүүлэхээр тогтоолд тусгаж, үүнийг чуулганд оролцсон гишүүдийн 77 хувь нь дэмжиж баталсан. Ерөнхийлөгч “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн УИХ-д андгай өргөдөг байна. Арав хоногийн дараа ийн тангараг өргөж, тамгаа гардан авснаар У.Хүрэлсүх эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээх нөхцөл боломж нь бүрдэнэ.
Бид ямар Ерөнхийлөгчтэй болж байна вэ. Товчхондоо, эв эвдэх бус нэгдэх зарчим баримтлагч Ерөнхийлөгчтэй болж байна. Тодруулбал, түүний хэлж ярьж, хийж бүтээж буй мөрийн хөтөлбөртөө тусгасан зорилго зорилтоос харахад шударга үнэний түүчээ, ард иргэдээ өмгөөлөн хамгаалагч, авилга хулгайг таслагч, ард түмнийхээ эв нэгдлийн зангилаа, ардчилал, үндэс язгуураа дээдлэгч, хэлснээ хэрэгжүүлэгч хөгжил дэвшлийн Ерөнхийлөгч байх нь гарцаагүй.
С.ЮМСҮРЭН
Сэтгэгдэл (0)