Төрийн түшээдэд төвлөрлийг сааруулахад нэмэрлэх санал
- 2021-06-16
- Нийтлэл
- 0
Монголын үндэсний уул уурхайн том үйлдвэргүй байгаад анхны орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Эрдэнэтийн зэсийн баяжмалын шинэ үйлдвэрийг ойрмогхон барьж ашигласныг бид бүхэн санаж байгаа.
Энэ үйлдвэрийг Зөвлөлт Холбоот улсын гүн их тусламжаар байгуулсан бөгөөд тэр үед “ах нар” гэж хүндэтгэдэг, оросууд ч Монголд ямар нэг бүтээн байгуулалт хийх, монголчуудад зааж сургахдаа өөрийн эх оронч сэтгэлгээгээр ямар нэг “атгаг” муу санаагүй тусалж сургадаг зантай улс гэдгээ харуулсан.
Тийм ч учраас манай улсад анх байгуулсан уул уурхайн том үйлдвэр нь үлгэр жишээ болсон цаашид уурхайн том үйлдвэрийг энэ жишээгээр бий болгохыг үзүүлсэн юм. Эрдэнэтийн үйлдвэр нь анх байгуулагдахаасаа өмнө л төмөр зам, авто зам тавигдаж, үйлдвэрийн ажилчдын байр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг үйлчилгээний газруудыг барьсан. Уурхайн баяжмал ашиглахтай зэрэгцэн уурхайн хот бий болсон гэдгийг бид бүхэн одоо харж байна. Эрдэнэтийн бүтээн байгуулалтыг хараад юуны урьд байгалиа хамгаалсан төмөр ба бетон зам тавих, ажилчдын байр, бүх төрлийн үйлчилгээний газруудаа барьж байгаад ямар нэг шинэ байгууламж үйлдвэрийг аглаг хээр газар эхэлж байгуулдгийг мэдэж билээ.
Гэтэл хоёр дахь том уурхай буюу Монголын өмнөт хээрийн говьд Оюутолгойн алт, зэсийн том орд нээгдээд 20оодхон жил боллоо. Энэ уурхайн байдлыг ажиглахад зам харгуй тавигдаагүй, олон зуун ажилчин нь нийслэл Улаанбаатар дахь гэр орноосоо 600-гаад км газар онгоцоор ирж, очиж ажилладаг. Үйлдвэр нь нүүдлийн шинжтэй хөнгөн маягийн барилгуудтай, гэтэл алт зэсийн баяжмалын нөөц тийм ч амархан дуусахааргүй бололтой. Уг баяжмал багасаж дуусахаар бол үйлдвэр нь хэзээ мөдгүй хаагдаад ажилчид гэрээсээ ирэхгүй болох богино настай уурхай юм шиг дүр төрхтэй байх юм. Дэлхийд дээгүүрт тооцогдох том шинэ уурхайг харийн хүний нүд сэтгэлээр бус Монголын говийг хөгжүүлэх монгол сэтгэл оюунаар хандах хэрэгтэй.
Бидний өвөг дээдэс эх дэлхийн их алт эрдэнэсийг газрын хэвлийн авдрандаа гар хүрэлгүй хадгалсныг бидний үл анх онгойлгож ашиглах болсон их азтай улс. Гэтэл энэ их алт эрдэнэсээ харийнхнаар ухуулаад зөөлгөөд хоосорсон авдар /нутагтай/ хоцрох бус ядаж дээр нь хойт, хойтын үеийнхэнд минь хэрэг болохоор бүтээн байгуулалтын суурь, үйлдвэр, завод тавибал дээр болов уу.
“Алтыг нь аваад авдрыг нь хаях”-нь гэсэн монгол ардын сургаал бий.
Одоо цагт шаардлагатай байгаа төвлөрлийг сааруулахад ч ашиг тусаа өгөх байх. Баялгаа ухуулж дуусахаас өмнө үүнийг л гол анхаармаар байна. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин хэлэхдээ,
-“Бидэнд алт мөнгө гол нь биш… Алт мөнгөнөөс тунгалаг ус, цэвэрхэн ургамал, цэвэр экологи” гэсэн байдгийг бас санах нь чухал.
Өөр бас нэг уурхайн талаар бодлоо илэрхийлье.
Өмнөговийн Тавантолгойн нүүрсний баялаг анх илрээд нүүрсийг нь ердийн /тэмээн/ хөсгөөр зөөвөрлөж эхэлснээс хойш хувьсгалын 100 жилтэй зэрэгцэж Тавантолгойн нүүрсний том уурхай бий болж төмөр зам тавигдана гэсэн ардын ам яриа байдаг байсан нь одоо зуун жилийн дараа биелэгдэх бололтой.
Тавантолгойн хөндийд нүүрсний дөрвөн том уурхай ажиллаж байна. Ерөнхийдөө уурхайнууд нүүрсээ Хятадад гаргаад 10аад жил боллоо. Гэтэл Эрдэнэс Тавантолгой гол том уурхай /төрийн/ түүний ажилчид Улаанбаатар хот дахь гэрээсээ автобусаар /500гаад/ ирж, очдог ба уурхай дээр байх ээлжийн 14 хоног байхдаа салхинд дэрвэсэн хэдэн монгол гэрт хоног тоолон байдаг мөн л байнгын нүүдэлчин Монголынхоо амьдралтай байна.
Дэлхийд гайхагдахаар нүүрсний баялагтай том уурхай атал ажилчин албан хаагчид нь явуулын чанартай уурхай хаагдвал явахад бэлэн байдалтай байх юм. Тус аймгийн Шивээхүрэнгийн нүүрсний том уурхай ч энэ Тавантолгойн уурхайтай адил нөхцөл байдалтай дуулддаг.
Иймд говьд нээгдсэн уурхайнууд дагасан хот тосгод байгуулж, үйлдвэржүүлэх ба хүмүүс тогтвор суурьшилтай гэр байр нь ажлынхаа газар ойрхон ажиллах бүх нөхцөл бололцоогоор хангагдсан, гэр бүлээрээ ая тухтай байвал ямар сайхан бэ. Улаанбаатар хотын хүний төвлөрөл ч багасахад ашигтай болно.
Ер нь уурхайг шинээр нээхэд ухаж зөөхдөө бус юуны урьд зам, дэд бүтэц, байр үйлчилгээний төв, цэцэрлэг, сургууль бий болгож байж ашигладаг. Хуультай ч болгомоор, хойшид нээж ашиглах олон уурхай гарах байлгүй.
С.БАТСҮХ
/Өндөр настан, Даланзадгад/
Сэтгэгдэл (0)