Гэр хорооллын “агрономич”

Т.Банзрагчийг хоёр өрөө байраа зарж гэр хороололд 0.07 га газар авч, хашаа барин, гэрт амьдарч эхлэхэд олон хүн гайхжээ. Тэглээ гээд тэр шантарсангүй, хөдөлмөрлөж эхэлсэн байна. Гэр хороололд тохь тухтай амьдрах нь хэн бүхэнд холын мөрөөдөл. Гэхдээ тэд хашааныхаа гадна талыг үндэсний хэв шинжийг агуулсан хээгээр чимэглэж, өнгө алаглуулан будаж, төрийнхөө сүлдийг залжээ. Эгнүүлэн тарьсан мод, бутыг харахад, цэцэрлэгт хүрээлэнд ороод ирчихсэн мэт. Өнгөрсөн өдрүүдэд орсон цас мод, бутыг нэлэнхүйд нь хучжээ. Гэрийн эзэн Т.Банзрагч “Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад жолоочоор ажилладаг бол гэргий Б.Болормаа нь хувиараа үсчний үйлчилгээ үзүүлдэг.

Тэднийх гурван хүүхэдтэй. Бүгд их сургууль төгсөж, ажил амьдралынхаа мөрийг хөөжээ. Гэр хороололд амьдардаг хүмүүсийг ажилгүй, агаар орчныг бохирдуулдаг гэж адалдаг байдлыг өөрийн хүч хөдөлмөрөөр өөрчилж болдгийг харуулахын тулд хоёр өрөө байраа зарж, хотоос зайдуухан газар авсан нь энэ. “2010 онд орон сууцаа зараад гэр хороололд амьдарч эхлэхэд хүмүүс гайхширах, шүүмжлэх зэрэгцсэн. Байраа зарж, олсон мөнгөөрөө гэр хороололд хашаа аваад өөрсдийн хэмжээнд сайхан тохижуулаад амьдрах боломжтой. Аливаа ажлыг дэс дараалал, төлөвлөгөөтэй хийдэг. Миний санхүүгийн эх үүсвэр цалин. Гэр бүлээ авч явахын хажуугаар хашаагаа бага багаар тохижуулсаар ирсэн. Цалингийнхаа 50 хувийг хашаандаа зарцуулдаг. Бүх зүйлийг төлөвлөгөөний дагуу хийж хэвшсэн. Арван жилийн турш үргэлжилсэн ажил. Санхүүгийн боломжтой хүн хүссэн загвар хийцээрээ хэдэн сарын хугацаанд хийх бүрэн боломжтой. Олон залуусыг үлгэр дуурайл аваасай гэж боддог юм. Хүн хөдөлмөрч, бүтээлч сэтгэлгээтэй байвал хүссэн орчиндоо тав тухтай амьдрах боломжтой” гэж Т.Банзрагч ярив. Тэднийхэн 0.07 га газрыг арван жилийн хугацаанд цэцэрлэгт хүрээлэн шиг тохижуулж, эко орчин бүрдүүлжээ. Есөн төрлийн 40 ширхэг мод тарьж, арав гаруй төрлийн цэцэг жимс ургуулж, өвлийнхөө хэрэгцээг хангаж, ногоон цайгаа хүртэл өөрийн гараар бэлтгээд ууж байна. Өдгөө лууван, ногоон сонгино, саримс, яншуй зэрэг нарийн ногоо тарьснаа хурааж, хүнсэндээ хэрэглэж байна. Одоогийн залуучууд орон сууцанд амьдарч, олон жил банкны зээл төлж амьдардаг. Тэгвэл 0.07 га газраа өөрийн хүслээр тохижуулж, өрөөл бусдад үлгэр дуурайл болж буй Т.Банзрагчийн туйлын зорилго нь хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, эко орчинд эрүүл саруул элэг бүтэн амьдрах. Тэрбээр “Бүхий л зүйлийг сэтгэлээсээ хийдэг. Ажлаа тарж ирээд хоолоо идчихээд л хашааныхаа тохижилтын ажлыг хийж эхэлнэ. Гараа хөдөлгөхгүй ам нь л “ажилладаг” хүмүүс олширч байгаад харамсдаг. Нэг ч гэсэн хүн манайхаас үлгэр жишээ аваад хашаагаа өөрсдийн боломжоороо тохижуулаасай гэж боддог. Манайхан орон сууцны зээл аваад 20-30 жил өртэй амьдардаг. Миний бодлоор тийм баймааргүй санагдаад байдаг юм. Гаднын оронд өөрийн өмчийн газар дээрээ хауст амьдрахыг эрхэмлэдэг. Гэтэл манайд эсрэгээрээ орон сууцанд амьдрах гэж хошуурдаг. Уг нь хүн хөдөлмөрлөөд хөрөнгө санхүүгийнхээ асуудлыг зохицуулж чадвал хүссэн орчиндоо сайхан амьдрах боломжтой гэдгийг залуучуудад хандаж хэлье” гэв. Т.Банзрагчийнх агаарын бохирдлыг бууруулахад өөрсдийн хэмжээнд хувь нэмрээ оруулж, гал түлэхээ больжээ. Цахилгаанаар халаалтаа шийдсэн гэсэн үг. Байшингийнхаа хажууд байрлах гэртээ ч мөн адил гал түлэхгүй. Шалны халаалт суурилуулсан гэнэ. Нүхэн жорлонгоо булж, өөрөө эко ариун цэврийн суултуур хийжээ. Ингэснээр агаар орчныг бохирдуулахгүй, харин ч ногоон төглийг бүрдүүлж чадсан нь цаанаасаа хөдөлмөрч зантайг нь илтгэх. Т.Банзрагчийнх байгалийн зүлэгтэй учир есөн төрлийн цэцэг ургадаг гэсэн. Гэр хороололд тоглоомын талбай бараг л байдаггүй. Харин Т.Банзрагчийнх хашаандаа тоглоомын талбай барьж, тохижуулснаар зундаа ирж тоглох хүүхдийн цуваа тасрахаа больжээ. Олон жил үргэлжилсэн бүтээн байгуулалт болохоор тодорхой хэмжээний санхүүг зарцуулсан нь ойлгомжтой. Харин сарынхаа цалингаас санхүүгийн асуудлыг тухай бүрд шийдсэн нь хамгийн зөв гаргалгаа гэлтэй.

Хашааны будгийн өнгийг дахин сэргээхээс эхлээд урсгал зардал гардаг талаар ч ярьж байсан юм. Өвлийн улиралд төлөвлөгөө гаргаж, хавар, зун, намар хийх ажлынхаа зургийг тодорхойлж, нэг бүрчлэн хийснээр өнөөдрийн тав тухтай орчныг бүрдүүлж чадсан байна. “Хашаагаа анх тохижуулж эхлэхэд их л том газар шиг санагдаж байсан. Харин одоо хийх ажил их байхад газар нь багадаад байх юм” гэж тэрбээр хошигнов. Хийх тусам л урам зориг ордог юм билээ. Төлөвлөсөн ажлынхаа 50 хувийг хийсэн. Хүүхдийн тоглоомын талбай, усан бассейн, сүүдрэвч гээд урин дулааны улиралд хийх ажил их байгаагаа ч Т.Банзрагч онцлоод инээмсэглэлээ. Цахим орчноос тэдний хашааны зургийг хараад хязгаарын БаянӨлгий аймгаас зорьж ирсэн хүн ч байдаг аж. Зундаа өнгө алагласан цэцэгс хашаагаар нь дүүрэн ургадаг учир эрвээхэй эргэлдэнэ. Зориод ирсэн хүмүүсийг найрсгаар угтан авч, тохижилтоо үзүүлж, хэрхэн хийх талаар зөвлөгөө өгдөг байна. “Өнгөтэй өөдтэй өөдрөг амьдрах нь өөрөөс тань хамаарна шүү. Хөдөлмөрч байгаарай” хэмээсэн Т.Банзрагчийнх Эрдэнэт хотдоо ийнхүү эко орчныг бүрдүүлж амьдарч байна. “Бид эрүүл мэнддээ анхаарал хандуулж, усан спорт, сагсан бөмбөг, дугуйн спортоор хичээллэдэг. Өнгөрсөн зун дугуйн холын аяллыг хоёр удаа хийсэн. Эрдэнэт Улаанбаатар чиглэлд 434 км, харин Дархан чиглэлд180 км аялсан” гэв. Урин дулааны улиралд хүний цуваа тасардаггүй гэж Т.Банзрагч хэлээд инээмсэглэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.179.27.11)

    2021-06-20

    buteelch ich aj achuich zaluud bolon ger buld n eruul enchiig chusen erooj ulam goe amidraaraa