Ипотекийн зээлийн санхүүжилт 2024 он хүртэл үргэлжилнэ
- 2021-06-21
- Эдийн засаг
- 0
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний таван сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 327.3 тэрбум төгрөгийн зээлийг 4.426 өрхөд олгожээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 2.2 дахин өссөн дүн үзүүлэлт аж. Өнгөрсөн дөрвөн жилд ипотекийн хөтөлбөрийн хүрээнд сард дунджаар 32.6 тэрбум төгрөгийн зээлийг олгодог байсан бол 2021 онд сард дунджаар 75.9 тэрбум төгрөгийн зээлийг олгосон нь 2.3 дахин өндөр үзүүлэлт байжээ.
Түүнчлэн, 2021 оны зургадугаар сард Монголбанкнаас 75 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 50 тэрбум төгрөгийг нэмж, нийт 125 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байна. Цаашид Монголбанкнаас орон сууцны ипотекийн хөтөлбөрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөллийг харгалзан үзэж хөтөлбөрийг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр холбогдох байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрийн санхүүжилт 2024 он хүртэл тасралтгүй үргэлжилнэ гэдгийг Монголбанкнаас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)