В.Путин топ нэр дэвшигчдээ зарлалаа
- 2021-06-22
- Дэлхий
- 0
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх есдүгээр сард болох Төрийн Думын сонгуулийг угтан “Нэгдсэн Орос” намын жагсаалтын хувилбарыг танилцууллаа. Ерөнхийлөгчийн санал болгосон жагсаалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг нэрлэжээ. Тэрбээр “Нэгдсэн Орос” намыг үүсгэн байгуулагчдын нэг юм. Харин хоёрт Гадаад хэргийн сайд Сергей Лавров, гуравт Коммунарка дахь 40 дүгээр эмнэлзүйн эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценко, дөрөвт Бүх Оросын Ардын фронтын штабын дарга Елена Шмелева, тавд Анна Кузнецоваг нэр дэвшүүллээ.
Шмелева Владимир Путиний сонгуулийн штабын даргаар ажиллаж байв. В.Путин тэднийг улс төрд шинэ хүмүүс ч туршлагатай, “хүнд жингийнхэн” гэж тодорхойлжээ. Харин “Нэгдсэн Орос” намын дарга Дмитрий Медведев, Ерөнхий сайд Михаил Мишустин, Ерөнхий нарийн бичгийн дарга Андрей Турчак нар жагсаалтад багтаагүй болно. “Нэгдсэн Орос” бол ОХУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотой чухал шийдвэрүүдийг гаргахад гол үүрэг гүйцэтгэдэг улс төрийн хүчин. Жагсаалтыг намын их хурлаар эцэслэн батлах юм.
Ажиглагчдын таамагласнаар В.Путин намын дарга Медведевийг өөрчлөх бодолгүй байна. Тэрбээр 2011, 2016 оны сонгуульд “Нэгдсэн Орос” намын жагсаалтыг тэргүүлж байв. Энэхүү жагсаалтыг 2007 онд В.Путин тэргүүлсэн юм.
Сэтгэгдэл (0)