Ядуурлыг бууруулcан түүхэн туршлагаас нь Монгол л суралцууштай
- 2021-06-22
- Нийтлэл
- 0
ХКН-ын 100 жилийн ойд
БНХАУ-д ядууралтай тэмцэж ялалт байгууллаа хэмээн БНХАУ-ын дарга Си Зиньпин улс орон даяар өрнүүлсэн ядуурлыг арилгах кампанит ажлын тайланг танилцуулахдаамэдэгдэж байв. “ХКН ба хятадын ард түмний хүчин чармайлтын ачаар манай улс туйлын ядуурлыг бүрэн яллаа” – түүний хэлсэн цогтой үгс.
ХКН-ын 11 дэх удаагийн Төв Хорооны түүхт “III бүгд хурал”-aac (1978 он) хойш 43 жил өнгөрчээ. “Соёлын хувьсгал”-ын 10 жилийн там дотор бүрэн сүйрч байсан улс орныг дампуурлын ирмэг дээрээс нь суга татаж гаргаж ирээд хөгжүүлчихсэн түүх ердөө 40 гаруйхан жилийн настай. Хятадaд өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлогоо зарлаж хэрэгжүүлээд 43 жилийг туулжээ. Тэгвэл бид ардчилсан хувьсгалаа хийгээд ардчилал шинэчлэлийн замаар замнаад 31 дэх жилдээ явж байна. Зөрүү нь ердөө 12-хон жил. Тэнд 800 сая хүн ардыг гуйранчлалаас салгачихжээ, бид 3-хан саяулаа, гуравны нэг нь байнга ядуу, тэмцээд тэмцээд бардаггүй. Үүнд л гарц хайх гэж Хятадын туршлагыг нэвтрүүлэе, бүр хуулбарлая.
Хятадын реформын 43 дахь жилд нь ХКН-ын 100 жилийн ой давхцаж байна. Энэ нам ядуурлын эсрэг тэмцлээрээ хүн төрөлхтний түүхэн дэх нэгэн том гайхамшгийг бүтээсэн гэсэн алдрыг хүртлээ. Коммунист нам гэхээсээ ядууралтай зоригтой тэмцсэн прагматик нам гэж нэрлэлтэй.
1978 онд реформ хэрэгжүүлж эхэлснээс хойших 43 жилийн хугацаанд Хятад нь хүн төрөлхтний түүхэнд ядуурлыг бууруулах хамгийн гайхалтай шийдлийг олж, хүн амынхаа 70 гаруй хувийг ядуурлаас ангижруулжээ. Энэ бол дэлхийн нийт хүн амын аравны нэгтэй тэнцэх тоо юм.
Энэ 40 гаруй жилд Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 1978 онд дэлхийд 1.8 хувь эзэлдэг байсан бол 2017 онд 15.5 хувь эзэлж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг, дэлхийн “хамгийн том аж үйлдвэр”, “хамгийн том бараа нийлүүлэгч”, “гадаад валютын хамгийн том нөөцтэй” улс болж чаджээ. ДНБ-ий нэг хүнд ногдох дундаж хэмжээ 43 жилийн тэртээ 155 ам.доллар байсан бол одоо 900 ам.доллар орчим болж өсчээ.
2013 оноос хойш жил тутамд 10 гаран сая иргэнээ ядуурлаас ангижруулж байна. Ингэхэд Хятадын ядуурлаас ангижруулах туршлага нь дэлхий нийтэд яалт ч үгүй хүлээн зөвшөөрөгджээ. Ганцхан эшлэл авъя.
Дэлхийн Банкны захирал Жим Ён Ким:–Ядуурлыг бууруулах Хятадын энэ туршлагаас дэлхий нийтээрээ суралцууштай юм. Хятадад өнгөрсөн 40 жилд ядуурлыг бууруулсан гайхамшиг бол хүн төрөлхтний түүхэнд ховор тохиох үзэгдэл юм. Хятад улс ойрын хугацаанд ядуурлыг бүрмөсөн арилгах зорилтоо биелүүлнэ. Хятадын амжилтаас бидэнд сурах юм их бий. Хятадад хэрхэн энэ амжилтад хүрснийг бид мэдэхийг хүсч байна. Энэ нь Хятадын цаашдын өөрчлөлтөд тус болох төдийгүй Хятадын туршлага дэлхийн бусад орны хөгжилд үр шимээ өгөх болно гэжээ.
Дэлхийн Банкны захирлын хэлсэнтэй яг санаа нэгтэй байна. Хятадын энэхүү гавьяаг дэлхий дахинд хамаатуулах хэрэгтэй. Яагаад гэвэл:
- Xятадын ард иргэд ийнхүү 40 гаруй жил гайхамшигтай хөдөлмөрлснөөрөө дэлхийн хөгжлийг ахиулж, XXI зууны хүн төрөлхтний хувь заяаныирээдүйд том хувь нэмрээ оруулжээ;
- Энэ 40 гаруй жилд БНХАУ нь олон зуун сая ядуусыг ядуурлаас гаргаж, ажил амьдралтай нь золгуулаад зогсохгүй өөдлөн дэвжих замыг нь зааж өгсөн аугаа их үйлс бүтээснээрээ хүн төрөлхтөний үүрэх ачаанаас илт хөнгөвчилжээ;
- Дэлхийн хүн ардын 10 хүн тутмын нэгийг ядуурлаас гаргана гэдэг бол ерөнхий утгаараа эх дэлхийдээ асар их тус хүргэжээ гэсэн үг юм;
- Ковидын цар тахалтай дэлхий нийтээрээ тэмцэн буй хүндхэн энэ цаг үед ядуурлын эсрэг тэмцлээ сулруулахгүй байгаа нь дэлхийн бусад улс түмэнд үлгэр жишээ болно.
ХКН-ын XIX хурлаас заасан үндэсний нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтод 2020 онд бүх талын чинээлэг нийгмийг байгуулна, 2035 онд социалист орчин үеийн улс болно, энэ зууны дунд үе гэхэд хүчирхэг, ардчилсан, иргэншсэн, эвсэг зохицонгуй, үзэсгэлэнт сайхан, социалист, орчин үеийн хүчирхэг гүрэн байгуулах явдал мөн гэж заасан байгаа.
Хэдийгээр ковид гэх цар тахал дэлхийг нэрмээд 1.5 жил өнгөрсөн ч Хятад нь эдийн засаг-нийгмийн бодлогоо огтхон ч сулруулсангүй, харин ч өсөлттэй явж байна. 2020 онд бүх талын чинээлэг нийгмийг байгуулна гэсэн тэр зорилт үндсэндээ хангагдсан.
Ядуурлыг арилгасан тэр туршлага гэдэг нь Хятадын хувьд тун энгийн ойлголт юм. Эдийн засгийн тогтолцооны хувьд шинийг бүтээж, зоригтой алхам хийж, тасралтгүй өөрөө өөрийгөө засч, шургуу хичээл зүтгэл гаргаж, оюун ухаанаа дайчилж ажиллахаас өөр гарц байгаагүй. Нэгэнт зөв зам дээрээ гараад авбал хэлбэрэлтгүй урагшлах итгэл зориг, эрч хүч ундарчихна. Гэхдээ үүндээ ихээхэн зориг зүрх, тэвчээрээ шавхан байж хүрнэ. Гэм нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэдгээс арай холуур ойлголт. Монголтой жиших гэж байгаа бол шүү дээ. Би жишээсэй гэж бичиж байна.
Хятадад бол ядуу өрх, ядуу иргэн нь ажил хийж, ажлын үр дүн нь мөнгө болж, тэр хэрээрээ амьдрал ахуйгаа өөд татаж буй үзэгдэл. Ажиллаад мөнгө хуримтлуулаад, түүнийгээ зөв зараад ядуурлаас гарчихна. Монголд бол ядуу өрх, ядуу иргэн нь төрийн халамжийгшударга ёстой хослуулан шаардаж, улс төржиж, бөөн асуудал дэгдээгээд тэр эрчээрээ ядуу яваад байна. Гол ялгаа нь энэ.
Хятадад бол макро, микро эдийн засгийн онол, санхүү-зээлийн бодлого, ОУВС-гийн зөвлөлгөө хятад айл өрхүүд дээр нэг их хамаатай биш. Монголд бол том онол яриад яриад 30 жил ядуурал нь хэвээрээ байна.
Хөдөлмөрлөсөн нь баялаг болоод ирсэн хятадын энэ туршлагыг орчин үежүүлээд, техник технологи нэвтрүүлчихнэ. Хятадын ололт гэж ердөө л энэ. Нэгэнт л улс ядууралгүй болчихвол бүс нутгийн хөгжлийн стратеги, технологийн инновац, үйлдвэрлэлийн хөгжил, орчин үеийн банк санхүүгийн систем аяндаа бүтчихдэг нь Хятадын хөгжлийн шинэ туршлага юм. Ядууралгүй байвал нийгэм тогтвортой байж болно гэдэг нь ч Хятадын түүхэн туршлага болно.
2018-2021 он бол ядууралтай туйлбартай тэмцэх гурван жилийн төлөвлөгөөний жилүүд юм. Одоо ч хэрэгжиж байна. Ядуурлыг бууруулах чиглэлд 2019 оноос шийдвэрлэх дайралтаа хийгээд 2021 он гэхэд нэг ч ядуу хүнгүй болох зорилт тавьсан. Энэ гурван жилд Хятадад хэрэгжүүлсэн ажил манайд хур туршлага болж хэрэгжээсэй.
Яг ямар туршлага вэ? Үүнд юуны өмнө нүүлгэн шилжүүлэлт орно. Ядууралд гүн шигдчихсэн оршин суугчдын оршин суух нутгийг өөрчилнө. Зам тавигдаагүй, усны шугам байхгүй, мэдээлэл холбооны сүлжээгүй, хятадуудын ярьдагаар “уулын хавцал”-д суурьшсан байдлыг нь хуу өөрчилнө. “Нүүлгэн шилжүүлэх аргаар ядуурлыг бууруулах бодлого” хэмээн нэрлэдэг бодлогоос нь бид шууд хуулбарламаар байна. Амьдрал ахуй нь дээшлэхгүй, ажил олдохгүй бол заавал тэр нутагтаа буг оргиод байхгүй шинэ хот, суурин, тосгон руу нүүлгэнэ. Нүүлгэн шилжүүлэх, шилжиж очсон газар нь үйлдвэрлэлээр ядуурлыг тэтгэхийг орон нутгийн засаг захиргаа гол үүргээ гэж үзнэ. Ядуурлыг бүсчлэн шийдвэрлэх кампанит ажил Хятадад өрнөсөөр байгааг нь хэлж байна.
2019 оны байдлаар Хятадад 30 сая иргэн ядуу байсан. Үүнд голдуу хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, өвчин зовлонтой хүмүүс, мөн боловсролын түвшин доогуур, хөдөлмөрлөх чадваргүй ядуус гэсэн тооцоо судалгаа улсаас гаргасан. Эрүүл саруул биетэй, хөдөлмөрлөх чадвартай ядуусыг олон талаас нь хавчиж, дэмжиж түлхсээр ядуурлаас нь нэгэнт гаргасан.
Хятадад ядууралтай тэмцэхдээ шилжүүлэн нүүлгэх, үйлдвэрлэлээ хөгжүүлэх, экологийн нөхөн олговор өгөх, боловсрол хөгжүүлэх, нийгмийн доод баталгаа гаргаж өгөх зэрэг арга хэлбэрээр ядуу иргэдээ ядуугаас ангижруулсаар байна. Ядуурлыг бууруулах ажлын араас үр дүнг нь баталгаажуулах олон аргыг Хятадад сэджээ. Үүнд хяналт шалгалтын хатуу чанга үнэлгээний дүрэм хэрэгжүүлж байна. Ядуурлыг бууруулсан гэх тоон ба хуурамч мэдээллээс сэргийлж, бодит үр дүнд хүргэхийн тулд захиргааны чанга гар оролцуулжээ.
Өөрөөр хэлбэл Хятадад ядуурлыг “нийгмийн томхон дайсан” гэж авч үзэж байна. Тэр “дайсан” нь Хятадын хөдөөгүүр байх ба хотуудад ядуурлыг албадлага-урамшууллыг хослуулаад шийдэж чадсан туршлагаа гацаа тосгон бүрт туршиж хэрэгжүүлж байна.
Хятадад “ядуу гацаа”, “ядуу тосгон” гэсэн нарийвчилсан ангилал хийж, ядуурлаас нь гаргах албадлага-урамшууллын хосолсон ажил одоо ид эрчимтэй хийж байна.
Монгол руугаа татаж авчран харьцуулбал манайд ядуурал нь ил нүднээ байж байдаг, түүнийг хэн ч оролдож гоочилдоггүй. Нийслэлд ядуурал маш их байна. Бараг нийт ядуусын 90 хувь нь нийслэлд байх шиг. Хөдөө сумын төв нэртэй балгасан сууринд ажилгүй ноорхой иргэд их байна. Иймд Улаанбаатартаа “ядуу дүүрэг”, “ядуу хороо”, аймгуудад “ядуу сум” гэсэн ангилал нэн даруй хийх хэрэгтэй. Ядуу иргэдтэй тулж ажиллах, ядуу иргэдийг амьдрал сайтай нутаг руу шилжүүлэх, Улаанбаатарт ядуураад салахгүй байгааг нь уугуул аймаг руу нь албадан буцаах, аймаг суманд нь ажлаар хангах тусгай тогтолцоо буй болгох цаг тулжээ.
Ядууралтай тэмцэх нь Хятадын орон нутгийн бүх шатны дарга нарын үндсэн гол үүрэг, ажлаа дүгнүүлэх шалгуур болдогийг манайд шууд хуулбарламаар байна. Монголд ажилгүйдлийг хэн хэрхэн арилгав, хэдэн хүнд ажлын байр гаргаж, аж амьдрал нь хэрхэн сайжрав гэдэг тусгай шалгуур (хууль) нэн даруй УИХ-аасаа батлан, Засгийн газраараа албажуулж мөрдөе. Энэ бол ардчилалд нь харшлахгүй бодлого шүү.
Сэтгэгдэл (0)