Тамирчдын тосгоныг хоёр тэрбум ам.долларын өртгөөр барьж байгуулжээ

Токиогийн олимпыг зохион байгуулах хорооноос хэвлэл мэдээллийнхэнд тамирчдын тосгоныг танилцуулжээ. Уг тосгоныг хоёр тэрбум ам.доллараар босгосон бөгөөд 21 барилга байгууламж, 5650 өрөөнд “Токио-2020” олимпын үеэр 12 мянга орчим тамирчин, дасгалжуулагч болон албаны хүмүүс амьдрах юм. Токиогийн Чюо дүүрэгт байгуулагдсан тамирчдын тосгон ирэх сарын 13-нд албан ёсоор нээлтээ хийнэ. Тосгонд уламжлал ёсоор эмнэлэг, банк, дэлгүүр, хими цэвэрлэгээ, үсчин, кафе, хэвлэл мэдээллийн төв, фитнесс заал зэрэг оршин суугчдын тав, тухыг хангах бүхий л үйлчилгээг цогцлоожээ. Энэхүү тосгоны захирагчаар өдгөө 84 настай Сабүро Кавабүчийг томилсон байна. Тэрбээр 1964 оны Токиогийн олимпын хөлбөмбөгийн төрөлд шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан оролцож байснаас гадна Японы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Ташрамд дурдахад, “Токио 2020” олимпод оролцох далбаат завь, дугуйн спортын тамирчид тусдаа “ дагуул” тосгонд амьдарна.

ТАМИРЧДЫН ТОСГОНД СОГТУУРУУЛАХ УНДААГ ЗӨВШӨӨРЧЭЭ

Зуны спортын XXXII наадамд оролцох тамирчин, дасгалжуулагч болон албаны хүмүүст согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг зөвшөөрснийг зохион байгуулах хорооноос мэдэгдлээ. Ингэхдээ зөвхөн өрөөндөө л хэрэглэх ёстой аж. Өөрөөр хэлбэл, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ согтууруулах ундааны төрлийн зүйл огт хэрэглэж болохгүй гэж заажээ. Үүнээс гадна тамирчдыг бэлгэвчээр хангахгүй гэдгээ хэлсэн байна. 1988 оны Сөүлийн олимпоос эхлэн ДОХ, ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх зорилгоор тамирчдыг бэлгэвчээр хангаж эхэлсэн юм. Согтууруулах ундааг зөвшөөрсөн ч зохион байгуулах хорооноос гаргасан дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд тэмцээнд оролцуулахгүй, цаашлаад Японоос албадан гаргах хүртэл арга хэмжээ авах гэнэ.

 

 

Б.МӨНХЗУЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)