Орчлонгийн баяр - Олимпын өдөр

Одоогоос 127 жилийн тэртээ буюу 1894 оны VI сарын 23-ны билэгт сайн өдөр Францын соён гэгээрүүлэгч, Барон хэргэмт Пьер-де-Кубертен нь цэл залуу 31 настайдаа Парис хотноо эртний Грекийн олимпын наадмыг сэргээн, таван тивийн улс үндэстнийг спортоор нөхөрлүүлэн, энх тайван, хамтын ажиллагааны үйлсийг хөгжүүлэх сод санаагаа хэрэгжүүлэн, Олон улсын олимпын хороог байгуулсан түүхтэй.

Энэхүү өдрийг хүмүүн төрөлхтөн нандигнан хүндэтгэж,1948 оноос эхлэн, “Олон улсын олимпын өдөр” хэмээн дэлхий дахинаа өргөн  тэмдэглэдэг болсон билээ.

Тухайн үед ОУОХ-г тэргүүлж, байсан Шведийн иргэн Зигфрид Эдстрём Олимпын өдөр хэмээх  шинэ баярыг санаачлан, үүнийг дэмжсэн Португали, Грек, Австри, Канад, Швецарь, Их Британи, Уругвай, Венесуэл, Бельгийн спортлог залууст баярын мэндчилгээ албан ёсоор дэвшүүлж энэ тэмдэглэлт үйл явдал дэлхийд хүчтэй давлагаалж эхэлсэн юм.

 

Олимпын өдөр нь нийгмийн хөгжилтэйгээ уялдан, шинэ утга агуулгаар улам бүр баяжин, 1987 оноос олон нийтийг хамарсан гүйлт зохион байгуулдаг уламжлалыг тогтоосон. Түүнчлэн орчин үеийн олимпийн хөдөлгөөний эцэг, суут эрдэмтэн П.Кубертен өөрөө олимпийн өдрийг үзээгүй таалал төгссөн ч түүний зүрхийг эртний олимпын өлгий Олимпия ууланд хадгалан мөнхжүүлж, гүн хүндэтгэл үзүүлжээ.

Францын их бичгийн хүн Пьер-де-Кубертен нь 1500 жил “унтсан” эртний олимпыг зоригтой сэрээж, дэлхий нийтийн хамгийн дээд цэнгэл наадмыг бидэнд бэлэглэсэн ачтан мөнөөсөө мөн. Эртний Эллада гүрний Пелопонесийн хойгт орших Олимпия уулын энгэрт манай эриний өмнөх 776 онд анхны олимп зохиогдсон түүхийн он тоолын эхтэй. Энэхүү наадам нь 5-6 сар  үргэлжилж, Грекийн олон омог аймгийн эрэлхэг дайчин эрс өрсөлдөж, Зевс бурхандаа мөргөн, энэ үеэр элдэв дайн байлдаанаа нам зогсоон, олимпийн эвлэрлийг хатуу чанд даган мөрддөг байсан нь сайшаалтай.

Харин 12 зууны турш 4 жил тутам нижигнэдэг байсан олимпын  наадмыг Грек орныг эзлэн  түрэмгийлсэн Римийн эзэнт гүрний  хаан Теодосиус гэгч манай эриний 393 онд харгис зарлигаараа тас хааж, хар  хуудас нээсэн нь гуниг гутамшиг дагуулсан.

 

Гэвч ган сэлмээр  дийлээгүйг, хулсан бийрээр бүтээдэг эрдэмтдийн  ачаар ОУОХ шинээр байгуулагдан, 1896 онд орчин цагийн  олимпын наадам эх өлгий Грек нутагтаа эргэн ирсэн гэрэлт өдрийг мартахын аргагүй.

 

ОУОХ нь дэлхий дахины олимпын хөдөлгөөнийг удирдах үүргээ нэр төртэй биелүүлж, олон бэрхшээлийг даван туулсан. Есөн ерөнхийлөгчийн нүүрийг үзэж, 206 орныг эгнээндээ нэгтгэн, өвөл, зуны олимпийн наадмыг баздаг ОУОХ нь дэлхийн I, II  дайны үед 3 удаагийн олимпоо цуцалж, тэр бүү хэл цар тахлын хар гайгаар энх цагт "Токио-2020" наадмыг түүхэндээ анх удаа хойшлуулсан ч спорт-олимпизмийн тугаа өндөр мандуулсаар.

МҮОХ-ны хувьд анх 1987 оноос дэлхий дахинаа олимпын өдрийн нэрэмжит гүйлтийг зохион байгуулах үйлст идэвхийлэн оролцож эхэлснээс хойш жил бүр олон нийтийг хамарсан гүйлтийг өрнүүлж, найман настай балчраас наян настай буурал, энгийн тамирчнаас эгэлгүй аваргууд хүртэл оролцсон намтартай. Зөвхөн Улаанбаатар хот төдийгүй, хөдөө орон нутагт 34 жил тасралтгүй зохиосон олимпын өдрийн олон төрөлт арга хэмжээнд нийт 50000 хүн хамрагдаж, таван цагаригтай футболкоор гангарсан, таатай мишээл нүүрэндээ тодруулсан, олимпизмоор цээж дүүрэн амьсгалсан олон түмнээ харахад сэтгэл өөрийн эрхгүй баяр хөөрөөр дүүрнэ.

ОУОХ ч “Olympic Day” онцлог баяртаа онцгой ач холбогдол өгч, Ерөнхийлөгч, олимпийн аварга Томас Бах баярын мэндчилгээ дэвшүүлэн, эрүүл энх хөдөлмөрлөж, эрч хүчтэй зүтгэж, идэвх зүтгэлээр жигүүрлэхийг уриалан, олимпын өдрөө баяр хөөртэйгээр спортоор хичээллэн тэмдэглэхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөлөө.

Яг нэг сарын дараа буюу VII сарын 23-нд Токио хотноо зуны XXXII олимпын наадам бүтэн нэг жил хойшилсны дараа ёслол төгөлдөр нээгдэх мөчийг хүн төрөлхтөн, түүний дотор спортод зүрх сэтгэлээсээ хайртай Монголын ард түмэн тэсэн ядан хүлээж байна.

 

"Токио-1964" олимпоос гараагаа эхэлсэн Монголын баг тамирчид 13 наадамд оролцож, чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагын төрлөөр 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн амжилтын эзэд бөгөөд энэ удаагийн олимпод оролцох эрхээ өвөртөлсөн арван спортын 42 тамирчин олимпын өндөрлөг өөд тэмүүлэх зориг эрмэлзлээр дүүрэн оргилж байна.

 

 

Дэлхийн 206 Үндэсний олимпын хороотой хамтдаа тэмдэглэх Олимпын баяр монгол хүн бүхэнд илч гэрлээ түгээж, агуу олимпизм айл бүхэнд зочлон, манай гаригийн спортын хамгийн  том баяр цэнгэлийн манлай-олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох нэр хүндтэй агаад хариуцлагатай үүрэг хүлээсэн "TEAM MONGOLIA" бүх гишүүдэд хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй амжилтын дээдийг хүсэн, дэнж сайхан нутагтаа дээлийн захыг нь мушгин хүлээнэм.

Олимпын баярыг хамтдаа тэмдэглэж буй Монголын олимпын их гэр бүлийн бүх гишүүд, түнш, хамтран ажиллагсад, дэмжигчиддээ алтан медаль шиг мөнхөд гялалзаж, олимпизмоор цээж дүүрэн амьсгалж, аз жаргал, амжилт ололтоор бялхахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Монголын Үндэсний олимпын хороо 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)