Ярих харилцахын ёс, соёл

Хүний нийгмийн хөгжлийн ганцхан эхлэл байдаг. Тэр нь хэл яриа ба хэлээр харилцсан нь билээ гэж хэл, нийгэм сурганы ухааны эрдэмтэд нэгэн зэргээр баталдаг. Хэрвээ хэл, хэлэх байгаагүй бол “Харилцах” гэдэг ухагдахуун яаж байх билээ. Харилцахын ухагдахуун ухаан байгаагүй бол хүн хийгээд нийгэм хэрхэн хөгжих билээ. Хэлний хөгжлийн түүх нь нийгмээ хөгжүүлж харилцаагаа улам боловсронгуй болгосоор эдүгээ XXI зуунд хүрсэн нь гайхамшиг.

Гагцхүү юм бүхэн сайн муу хоёр талтай гэгчээр хүн, нийгэм хөгжсөн, ухаан ухамсар улам нарийссан энэ зуунд хүмүүсийн ярих харилцахын соёл хоцорч байгааг хэлэх юун. Тэр дундаа үгийн цээртэй угийн хүмүүжилтэй Монгол хүн ярих харилцахын хүндлэлээр дэлхийд дээгүүр ордог төдийгүй хаад, ноёд, ихэс дээдсийн багш нь үг хэл, зан, ёс суртахууны их хүмүүжил харилцааг зааж байсны гадна, эгэл жирийн ээж, аав, ахмад хүмүүс аялаг зөөлөн үг хэлээр хүүхэд, багачуул, залуу үеэ дагуулж хүмүүжүүлэн эрдэм номын болоод ярих харилцахын соёлд сургаж байжээ.

Ер нь манай ард түмэн эртнээс нааш эрхэмлэн хэлж, ярьж ирсэн эвлэг сайхан үгээр тун баян, аливаад бэлгэдэн сайнаар тайлж бие биесээ ярих харилцахын соёлд дагуулж байсан уламжлалтай. Бүдүүлэг үг хараал, зүхэл доромж үг, загнах, зандрах, гутаах, чичлэхийг ихэд цээрлэж, ахачлан, дүүчлэн аль сайн сайхан үгээр билэг бармид /сургаал номнол/ барьж байсан нь саяхан.

 

Хүмүүн бүр бие биенийхээ эрүүл мэнд энх сайхныг асуун мэндэлж, энэ мэндэд нь эндэж осолдохын алдаа элдэв хөнөөл, дайн самуун, өвчин тахал, өлсгөлөн өнчрөл, үхэл, хэрүүл зодоон бүхэн арилан тонилж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, сэдсэн бүхэн ёсчлон биелж, сайн үйлс цэцэглэн дэлгэрч муу явдал бүхэн хийсэн арилж, байхын бэлгэдэл байлаа.

 

“Ашдын билгээс амны билэг” “ Монгол хүн үгийн билэгтэй, хятад хүн эдийн билэгтэй”, “Ерөөлийн үзүүрт тос”, хараалын үзүүрт цус”, “Үг сөрвөл хэрүүл, үүл сөрвөл бороо”, “ Үгийн сайнаар эдгээж болно, үгийн муугаар үхүүлж болно" гэх мэтээр үг ярих, үгээр харилцахын арга зүйг зүйлчлэн сургасан байдаг.

Гэтэл УИХ-ын зарим гишүүн ч нэр төртэй сэтгүүлч, алба даягийн тушаалтан зарим нэг нь хулгайч, худалч идээч уугаач, луйварч, дээрэмч, наймаач, шантаач, золбин зодоонч гөлөг нохой гэхчилэн аль муу муухай үгээр ордон дотроо хэрэлдэж олон түмэнд тарааж байгаа нь тэр хүмүүсийн төрийн түвшин, намын намба хайччихав гэж халаг алдмаар байх юм.

 

Ер удирдах албан тушаалтан сонгуультан тамга барьж байгаа төдийгүй хэн бүхэн үгээ цэнэж ярих, харилцахын соёлор ягштал биелүүлж ёстой л олон дотор үгээ бэхэлж оорцог дотроо биеэ хянаж байгууштай юм даа. Ярих харилцахын соёл бол эхлээд мэндлэх, хүндлэхийн язгуур сайхан харилцааг сурах, сургахаас эхлэх байх. Монгол мэндчилгээ дөрвөн янз байдгийг бид олон ярьсан, бичсэн. Харин баярласнаа илэрхийлэх, уучлал гуйх хүндэтгэлийн харилцааны талаар товч зөвлөе.

Хүн хүндээ хүндэтгэлтэй харилцахын гол нь хүнд үг хэлээрээ, үйл ажлаараа туслах туслалцаа юм. Хүний тус багаддаггүй гэдэг дээ. Тусын хариу “ Баярлалаа“, “Их баярлалаа”, “Гялайлаа”, “Ээ ашгүй яасан сайн юм бэ”, “Яасан сайн хүн бэ”, “Та надад их тус боллоо”, “Таны тусыг мартахгүй баярлалаа” гэх мэтээр хэлж хэвшүүлж заншъя. Үүнээс ажил үйлсийн онцлогоор ерөөлийн сайхан үгээр ч талархаж баярласнаа илэрхийлдэг монгол уламжлал бий. Ярих харилцахын ухаалаг нэг соёлын ёс нь уучлалт гуйх явдал юм. Ухаантай хүн уучилдаг, ухаангүй хүн уурладаг гэж монголчууд ярьдаг даа.

 

Ямар нэг (бага атугай ч) алдаа эндэл гаргасан, зохисгүй үг хэлсэн, үйлдэл хийсэн аваас уучлалт заавал гуйж буруугаа цайруулдаг нь ёс юм.

 

Тухайлбал “Уучлаарай миний буруу”, “Уучлаарай тун тоогүй юм боллоо”, “Уучлаарай би алдаа гаргалаа, дахин алдахгүй байя”, “Уучлаарай тусгүй юм боллоо”, “Уучлаарай би мэдээгүй өөрийн болгоомжгүй, ухаангүйгээс боллоо, хойшид онцгой анхааръя” гэх мэт эервүү зөв зөөлөн үгээр уучлалт хүсэж хэвшмээр байна. Хүүхэд залуу үедээ энэ бүхнийг сургаж дагуулмаар байгаа, соёл хүмүүжлийн нэг чухал хэсэг юм.

Ерөөс ямар нэгэн хүний харилцаанд алба амь гэлтгүй хэн хэндээ хүндэтгэл үзүүлдэг эелдэг харилцаа үг хэлээр л илэрч байдаг. Хүний хэлсэн ганц сайхан үг хүнийг баярлуулж тайвшруулж одоогоор бол бие сэтгэлийн дархлаа бий болгож байх шиг байна. Хүндэтгэлийн эелдэг харилцааг ахмадууд багш сурган хүмүүжүүлэгчид төдийгүй удирдах ажйлтнууд, эцэг, эх хүмүүс их бодож ажил амьдрал бүхэндээ хэвшүүлж чадвал уур уцаар, зовлон зүдгүүрч багасах, сэтгэл зүйн онцлогтой. Ялангуяа хэцүү хүнд цаг үед хүний сэтгэл зассан үг хүнд дорхноо хүрдэг. Жишээ нь, “Та бүү санаа зов тайвшир”, “Таны энэ ажил хэзээд бүтнэ, та зовох хэрэггүй”, “Танд би, бид тусалъя”, “ Танд манай дарга, хамт олон тусална”, “Энэ эмч, багш, инженер, дарга их сайн хүн байгаа юм танд сэтгэл гаргаж тусална“, “Та сайхан амрах хэрэгтэй, сэтгэлээ тайван байлга, энэ чинь таны сэтгэл зовох зүйл биш байна”, “Энэ өвчин эмгэг чинь эдгэрнэ, шинжлэх ухаан хөгжсөн энэ сайхан үед та сэтгэл зоволтгүй эмч чинь эдгээж чадна”, “Таны хань нөхөр, гэр бүл чинь сэтгэл сайтай сайн хүн шүү, ийм сайн хань гэр бүлтэй хүн юу алзахав”, “Таны хүү, охин, хүргэн, бэр чинь өндөр боловсролтой, үнэнч шударга сайн залуучууд байна билээ” гэх зэрэг хүний сэтгэл зүрхэнд хүрэхээр үнэн санаанаасаа, үнэн үгээр хүндэтгэл үзүүлэх нь хүний урмыг сэргээн ухаарлыг нэмэх уламжлалтай сайн арга юм даа.

Харин худлаа өргөх манж зан гарган хий дөвийлгэх, өөрийн ашиг бодож хуурамч хүндлэл, үг хэлээр дайлах нь ямар ч явцгүйг хүн бүр ойлгодог, мэдэрдэг. Ер нь чанар муутай хуурамч, өндөр дүн үнэлгээ хүнийг, өөрийгөө дөвийлгөн буруу үнэлдэг болгохоос гадна, сэтгэлийг нь хий цатгасан буруу арга гэж сурган хүмүүжүүлэх ухаанд харш хэмээн үздэгийг хэлмээр байна. Хүний сайхан сэтгэлийг сэвтээж болохгүй үг ярианы соёлыг хэвшүүлж чадвал энэ том ухаан билээ.

 

З.ЦЭВЭЭНРАВДАН /Профессор багш/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)