Монголын бэлчээрийг нөхөн сэргээх боломжтой
- 2021-06-24
- Үнэн
- 0
Олон улсын ноолуурын эрэлт нэмэгдсэн нь Монголын уламжлалт бэлчээрийн чанар муудахад нөлөөлж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Цөлжилт, хуурайшилттай тэмцэх дэлхийн өдөрт зориулж ноолуур усны нөөцөд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ.
Хөвөн, маалинган даавуу, ноос, ноолуур зэрэг нь ургамал, амьтнаас гаралтай учир бэлчээр, ус шаарддаг. Газар нутгаа хэт их ачааллахгүй, усыг хэтрүүлэн ашиглахгүй байхын тулд түүхий эдийн тогтвортой хангамж зайлшгүй шаардлагатай. Энэ бүхэн уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд онцгой ач холбогдолтой юм. Цаг агаарын эрс тэс байдлаас шалтгаалан монгол ноолуур хамгийн нимгэн, чанартайд тооцогддог.
Ноолуурын эрэлтийг дагаж монгол малчид ямаа өсгөж байна. Ноолуур нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг монголчуудын хувьд найдвартай орлого. Гэхдээ ямаа бэлчээрлэхдээ өвсийг үндсээр нь зулгааж, газрын нөхөн төлжилтөд сөргөөр нөлөөлдөг.
Тиймээс бэлчээрийн даац хэтрүүлэхгүйн тулд гурван хонинд нэг ямаа байхаар тооцоолж сүргээ өсгөдөг байв. Харин одоо сүрэгт ямаа, хонины тоо тэнцүү болжээ. Монгол Улсын мал сүрэг өсөж, 2000 оноос хойш 70 сая толгойд хүрсэн. Бэлчээрийн даац хэтрэлт, уур амьсгалын өөрчлөлт Монгол орны газрын доройтол, цөлжилтөд нөлөөлж байна. Агаарын хэм өндөр, хур тунадас багассанаас хуурайших хандлага ажиглагдаж, бэлчээр, усан хангамжид нөлөөлсөн. Монгол орны бэлчээрийн талбайн 70 орчим хувь нь тодорхой хэмжээгээр доройтжээ. Гэхдээ зөв төлөвлөж, газар, усны эх үүсвэрийг хамгаалбал мал аж ахуйн тогтвортой менежментийн тусламжтайгаар ихэнх хэсгийг нөхөн сэргээх боломжтой. Малчдын орлогод сөргөөр нөлөөлөхгүйгээр сүргийн хэмжээг бууруулж, газрын доройтлыг арилгах, усны нөөцөд үзүүлэх дарамтыг бууруулж болно. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж, Монгол дахь хөдөө орон нутгийн иргэдийн дасан зохицох чадвар, эрсдэлийн менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд цаг уурын мэдээлэлтэй байгалийн нөөцийн менежмент, мал аж ахуйн тогтвортой төлөвлөлтийг нэгтгэж, малчдын уламжлалт хамтын ажиллагааны арга барилд тулгуурлан, тогтвортой эх үүсвэртэй мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний шинэлэг технологийг нэвтрүүлдэг. Ноолуураас олох орлого боловсруулалтаас нэмүү өртөг багатай. Монгол Улс ноолуурынхаа 80 хувийг экспортолж үлдсэнийг нь боловсруулж байна. Засгийн газрын ноолуурын хөтөлбөр нь орон нутгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх зорилготой. Монгол орны газрын доройтлыг арилгахын тулд улс орны тогтвортой хөгжлийн хүсэл эрмэлзэлд хувь нэмэр оруулах, тогтвортой байдлын хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнээс хүртэхийн тулд хамтын хүчин чармайлт шаардлагатай. Тухайлбал, загварын брэндүүдэд илүү хариуцлага хүлээлгэж, эдийн засгийн тогтвортой байдлын баталгаа олгох замаар дэмжих боломжтой болно.
Х.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл (0)