Ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
- 2021-06-28
- Байгаль орчин
- 0
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ долоо хоногт буюу зургадугаар сарын 28-ны өдрөөс долдугаар сары 5-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна.
Тодруулбал, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29,30-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, долдугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4, 5-нд Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Харин 29-өөс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
Иймд иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллагууд үерийн аюулаас сэргийлж, гол, мөрөн, нуурын эрэг дагууд болон уулын ам, бэл, гуу жалга, үерийн эрсдэл бүхий газар суурьшихгүй байх;
Тээврийн хэрэгслийн жолооч, малчид, иргэд баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар гол, мөрөн гатлахгүй байх;
Амралт, зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлэхийг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)