Төрийн түшээ

БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албыг 1964-1990 онд гурван арван жил хашсан, төрийн нэрт зүтгэлтэн Цэдэндамбын Готов агсны мэндэлсний 100 жилийн ой өнөө жил тохиож буй. Энэ эрхмийн тухай Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт зохиолч, XX зууны шилдэг сэтгүүлч Л.Түдэв докторын хориод жилийн өмнө бичсэн өгүүллийг зохиогчийн охин Т.Шүрбумын зөвшөөрөлтэйгөөр нийтэлж байна. Уншигч та бүхэн болгоон соёрхож уншина уу.

Төрийн түшээ, түшээ гүн гэж урьдын цагт хэн хүнд ховорхон олддог хэргэм байсан ажээ. Тэр нь төрд түшээ болж, тус хүргэсэн хүнд олгодог хэргэм төдийгүй цол чимэг байсан нь хорьдугаар зууны дундуураас хойш мартагдан гээгдсэн хэдий боловч сүүлийн үед хүмүүсийн амнаас үе үе гардаг нэр томьёо болоод байна. Гэхдээ зөвхөн л нэр хаягийн төдий ойлголтын хэмжээнд явна. Гэтэл мөнхүү үгийн гүн утгыг хүмүүсийн ухамсарт өнгөц төдий үлдсэн байдалтай хэлбэрдэн өгүүлэх нь илэрхий харагдана.

Төрийн зүтгэлтнээр барахгүй харийн өнгөлзлөгт саад болж түмний амьжиргаанд халхавч нэмэр болдог уул усандаа ч монголчууд “түшээ гүн” цол өргөмжилдөг байсан нь их Монгол гүрний төв хоймрын амин судас болсон Орхон голдоо “Түшээ гүн” цол хайрлаж, жил бүрийд цасан цагаан мөнгөн ембүүгээр цалингий нь өргөдөг байсан дэлхийн өөр ямар ч улс оронд байхгүй өвөрмөц заншил бэлхнээ харуулж байна. Харийн зандалчид халдаад ирэхийн цагт хилэгнэн дошгирсон Орхон түшээ гүн сүрлэгээр хүрхрэн хөөсөрсөн их давлагаандаа дайсныг хумхин дарж хөлийг нь хорьж байсан домог мэт түүхээр баян энэ мөрөн хэрэгтэй цагт төрд үнэхээр түшээ болж, ямар ч гүн, вангаас дутахгүй тус хүргэж байсны дурсгал хүн ардын ой ухаанд үе дамжин дурсагдсаар амой. Төрийн түшээ гэдэг өндөр хэргэм цол нь төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэгчийн нэр бөгөөд манай түүх тийм түшээдээр төрөө түшүүлж, төрийн багана доргих ганхахыг мэдэхгүй явсан цаг цөөнгүй бий билээ. Тэртээ холын явдлыг дурдалтгүй дэргэдэх хүмүүсээ цохон жишээлэхэд ч хэдийгээр хуруу дарам цөөн хүн гарахаар барахгүй бараг ганцааранг нь ч нэрлэхээс аргагүй тийм болтлоо цөөрсөн ч гэсэн өнөө болоод хойчид үлгэртэй явсан төрийн түшээ манайд байнаа. Тэр бол Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албыг бараг гурван арван жил дамжин тасралтгүй хашсан Цэдэндамбын Готов гуай юм. Хорьдугаар зууны шинэ Монголын ардын эрхт төрийн түүхэнд гээгдэхгүй бичигдэн үлдэх ёстой маш цөөхөн хүний нэг нь бөгөөд ерөөс төрийн түшээ гэж нэрлэгдэх олон үзүүлэлтийг нэгэн биеэр төлөөлж чадах ховор хүн билээ. Тэр бол дэлхийн хоёрдугаар дайны дундуур хүнд бэрх цагийн давлагаанд эрдэм ном сурч, дайны дараах энх цагийн бүтээн байгуулалтад ханцуй шамлан орсон үеийнхний төлөөлөгч төдийгүй ахмад үеийнхний даруу бөгөөд даамай, няхуур бөгөөд шаргуу, тэсвэртэй бөгөөд журамтай, тэмүүлэлтэй бөгөөд суурьтай, голч шударга, төлөв төвшин эрхэм чанаруудыг авч үлдсэн хүмүүсийн нэгэн тул ийм хүмүүжил төрийн түшээгийн шалгуурт яв цав нийцэж, төрийн албыг удаан жил хашихад нь нэгэн гол хүчин зүйл болж байсан гэлтэй. Тэр олон жилийн турш тийм өндөр албанд халаагүй суусан хүн гэхэд гайхуулж сайрхах юм уу, гэнэ алдаж хөнгөмсөгдөх, алагчлан долдойдох эсвэл сүлбээлэн хуйвалдсан тухайд ямар ч үг яриа, хэл ам гарч байсангүй нь дээрх чанарын гэрчилгээ буй заа. Түүнийг төрийн өндөр албан хааж байх гурван арван жилд улс оронд, ялангуяа нам төрийн дээд өндөрлөгт нам тайван байгаагүйгээр барахгүй шуугиант явдлууд цөөнгүй гарсан боловч Готов гуай аль нэгэнд нь нэр холбогдож гэнээ гэж хэзээ ч яригдаагүй нь бас л нэгийг хэлээд байгаа ажээ. Цэдэндамбын Готов бол хөдөөгийн малчны хүүхдээс орчин үеийн эрдэмтэн болсон Монголын шинэ сэхээтний нэгэн төлөөлөгч, манай нийгмийн ухааны ууган эрдэмтдийн нэг мөн. Түүнийг дэд эрдэмтний зэрэг хамгаалж МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ТӨРИЙН ТҮШЭЭ байх үед Оросын нэрт зохиолч Гаврийл Кунгуров “Малчны хүү эрдмийн зэрэг хамгаалж байна” гэсэн нийтлэл бичиж хэвлүүлсэн нь тухайн үедээ дуулиант үнэлгээ байлаа. Түүнээс хориод жилийн дараа “Малчны хүү сансарт нислээ” гэсэн дуулиан дэгдэж байсан шиг л тавь, жараад оны Монголын нөхцөлд “Малчны хүү эрдмийн зэрэг хамгааллаа” гэдэг нь онцгой тохиолдол байж, тэр үеийн эрдэмтдийн идэвх чармайлтаар ургасан эрдмийн тариалангаас л ирээдүйн сансрын монгол нисэгч ургац хураасан билээ. Сансрын анхны нисэгчийг Монгол Улсын баатар цолоор шагнасан зарлигт Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал, тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов нарын гарын үсэг бий. Тийнхүү гараанаас барианд хүрэх гурван үеийн буухиа уулзварт Ц.Готов гуай гарынхаа үсгийг үлдээсэн цорын ганц хүн болов. Юү гэвэл Ю.Цэдэнбалаас өмнө Монгол төрийн нэрд гарсан зүтгэлтэн, Монголоос олон улсын Лениний шагнал хүртсэн цорын ганц хүн Жамсрангийн Самбуу агсны тэргүүлсэн Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар мөн л Ц.Готов гуай ажиллаж байсан билээ. Тийнхүү Монгол Улсын шинэ түүхийн 1990 он хүртэлх 26 жилийн хугацаанд Монголын төрөөс иргэдийнхээ гавьяа зүтгэлийг үнэлэн хүртээсэн бүх төрлийн шагналын гэрчилгээ үнэмлэхэн дээр нэг бол Ж.Самбуу, Ц.Готов, нэг бол Ю.Цэдэнбал, Ц.Готов, нэг бол Ж.Батмөнх, Ц.Готов гэсэн гарын үсэг хослон дурайж байсан билээ. Хэчнээн хүний өвөрт, хэчнээн хүний өвөнд гарынхаа үсгээр баталгаажуулсан үнэмлэх нь явдгийг Готов гуай өөрөө л мэддэг юм уу гэхээс хөндлөнгийн хүн тооцоолж дөнгөхөөргүй их тоо гарах буй заа. Түүний гарын үсэгтэй үнэмлэх, одон тэмдэг бүр нь түүнийг хүртсэн хүн бүрийн сэтгэл санааг урамшуулж, шинэ шинэ гавьяанд зоригжуулан дуудаж байсныг бол бүүр ч тооцоолоход хүнд бөгөөд багш хүний хувьд Готов гуай урамшуулал, урам хайрлахын их увдисыг нарийн мэдэрдэг хүн болой. Тэр өөрөөсөө биш төрийн нэрийн өмнөөс хүмүүст хийх амлалтаар нь биш нэгэнт хийж бүтээчихсэн бодит гавьяагаар нь үнэлэн олгож байгаа төрийн хишиг хэдий ч гэсэн түүний гарын үсэг нь хуучнаар яривал “мутрын адис” мэт баталгаа болж явсан тэр жилүүдэд хэчнээн хүний сэттэл оюунд баярын зул, итгэлийн хүж асааж, хатуу бэрхийг даван туулахад нь, давшгүй гэсэн давааг давахад нь тус хүргэснийг цахим тооцоолуураар гаргахад түвэгтэйг товч дурсан өгүүлэх нь: Төр маань зөвхөн шагнал урамшил эрхэлдэг бус Монгол Улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, олон улсын харилцаа, дотоодын аюулгүй байдал, засаг захиргааны бүх шатны байгууллагын тал бүрийн үйл ажиллагаа, төрийн хууль эрхийн болон ойр, хэтийн бодлого, үйлс зорилгын хэрэгжилт, ямагт боловсронгуй болж байх шаардлагыг хангах, Үндсэн хуулийг сахин хэрэгжүүлэх, төр, ард түмний холбоог бэхжүүлэхэд чиглэсэн өргөн хүрээтэй зорилтыг өдөр шөнө, өглөө үдэшгүй, нүд цавчилгүй, гар чичрэлгүй гүйцэтгэдэг томоохон цогцолбор учраас төрийн нарийн бичгийн дарга бол нарийн түвэгтэй амьд их үйлсийн “гал тогоонд” ёс төдий буюу дамжуулагчийн үүрэг гүйцэтгэх ямар ч боломжгүй тул цахилгаанаар зүйрлэвэл гагцхүү шаардлагатай хүчдэл ихэсвэл өөрөө шатах, багасвал өөрөө улайх гал хамгаалагчийн зэрэглэлтэй онцгой алба юм. Үүнийг “гэрэл тасраалгүй”, “түймэр гаргалгүй” 26 жил халаагүй хашсанаараа Цэдэндамбын Готов гуай бол наян насныхаа ойгоор төрөөсөө хадаг төдийгүй манай үеийн баатрын гэрэгээ гардан авах учиртай төрдөө цорын ганцхан түшээ маань билээ. Төрийн өндөр хариуцлагатай алба зогсоо зайгүй хашихын зэрэгцээгээр Готов гуай төрийн хууль боловсруулах, төрийн механизмуудыг боловсронгуй болгох ялангуяа бүх шатны ардын депутатууд, Ардын Их Хурал, түүний байнгын комиссууд, Монголын парламентын бүлгэмийн үйл ажиллагааг улам боловсронгуй болгоход ихээхэн хувь нэмэр оруулж, цөөнгүй баримт бичиг боловсруулалцаж, нэг биш өгүүлэл, нийтлэл, ном товхимол бичсэн бүтээлч эрдэмтэн билээ. Түүний нэр алдрыг 1990 оноос өмнөх насанд хүрсэн иргэн бүр, тэр ч байтугай “Эхийн алдар” одон хүртсэн хэдэн зуун мянган ачит ээжийн хүүхдүүд хүртэл мэддэг байсан боловч намтар түүх, үйлс бүтээлийг нь нарийвчлан мэдэх хүн ховор байлаа. Сүүлийн үед залуудаа хийж явснаа бахдан ярьж сонин хэвлэлийн хуудаснаас төрийн нууцыг хүртэл дэлгэхэд хүрч буй ахмадуудын “ярилцлага” гээчийн дотор Готов гуайн яриа харагдахгүй байгаа нь нэгд түүний хэтэрхий даруугийнх, хоёрт, түүний төрийн нууцыг хадгалж, ёс журмыг сахих бат зарчмын гэрч буй заа. Хэдий тийм боловч наян насны өндөрлөг дээрээс ач үрдээ ам нээх нь илүүц зүйл биш гэмээр ямар ч атугай хорьдугаар зууны шинэ Монголын ардын төрийн түшээ Цэдэндамбын Готов таны наян насны ойд баяр хүргэж, сэтгэлийн цөөн үгээрээ хадаг барья.

“ДАЛ” сонин. XII жарны цагаан луу жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын есний наран цогт улаан бич өдөр.

Дугаар 101 (3)

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)