Б.Элбэгзаяа: Зам, дэд бүтцээ сайжруулснаар хоёр цэгээр нүүрс экспортлох боломжтой

Цар тахлаас шалтгаалан уул уурхайн бүтээгдэхүүний экспортод багагүй асуудал үүсэхийн сацуу ийн хүнд цаг үед экспортыг тасралтгүй үргэлжлүүлэх, найдвартай, аюулгүй шийдэл бол төмөр зам гэдгийг харуулав. Мөн тээвэрлэлтийн өртөг буурна. Энэхүү хүчин зүйл болон дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсөж, нүүрс эрэлттэй байгаатай холбогдуулан тээвэр ложистикийн зам, боомтыг өргөтгөх шаардлага үүсэж байна. Хилийн боомтуудыг өргөтгөснөөр нүүрсээ их хэмжээгээр экспортлох боломж бүрдэнэ. Цаашид ч тухайн бүтээгдэхүүний үнийн өсөлт хадгалагдах төлөвтэй байгааг холбогдох албаныхан тодотгож буй.

Манай улсын хувьд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулснаар жилд 30 сая тонн нүүрс, ашигт малтмал, бусад ачаа тээвэрлэж экспортлох боломж бүрдэх тооцоо гаргасан. Тус төмөр замын бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгаж, ашиглалтад оруулж чадах эсэх тухайд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа “Ирэх онд багтаан төлөвлөсөн ёсоор төмөр замыг ашиглалтад оруулна гэсэн хүлээлттэй байна. Бидний харж буйгаар төмөр замыг ашиглалтад оруулсан ч авто болон чингэлэгт гэсэн хосолсон тээвэр рүү шилжинэ. Зам, дэд бүтэц сайжирсан тохиолдолд тээвэрлэлтийн өртөг буурах магадлалтай. Ингэснээр Монгол Улс төмөр зам, авто тээврийн хоёр цэгээр нүүрс экспортлох боломжтой. “Эрдэнэс Тавантолгой” компанийн тухайд холих байгууламжийн асуудал чухал байгаа юм.

Нийт 30 сая тонн нүүрс ачихын тулд өдөрт 1000-2000 вагон нүүрс ачих шаардлагатай. Үүнийг ачдаг өндөр хүчин чадалтай функт байх ёстой. Төмөр замын цаад үзүүрт 208 км-т Хятадын талд нарийн царигтай. Иймд холболтын төмөр замын асуудлыг ярьж байна. Хамгийн том зах зээл бол Хятад. Тус улсын хүнд үйлдвэрт хэрэглэгдэх нүүрсийг экспортлох нь Монгол Улсад чухал байна. Хятадын талаас 2060 он гэхэд түүхий нүүрсний хэрэглээг 70 орчим хувь бууруулах бодлого баримталж буй. Энэ хүрээнд 2035 он гэхэд 35 хувиар бууруулах тооцоо байна. Нүүрсний хэрэглээнээс татгалзаж буй энэ цаг үе, ойрын жилүүдэд экспортын хэмжээг маш өндрөөр тогтоох ёстой. Хятадын талтай экспортлох нүүрсний хэмжээг тогтоох хэрэгтэй. Ингэснээр аливаа хүндрэл гарахгүй. Хэдийгээр нүүрсний хэрэглээнээс дэлхий даяар татгалзаж эхэлж байгаа ч Монгол Улс нүүрсний баялгаа зөв цаг хугацаанд, оновчтой хэмжээгээр экспортлох шаардлагатай.

Цаашид нүүрсийг гүн боловсруулах, дараагийн шатны бүтээгдэхүүн гаргах шаардлагатай байна” хэмээв.

 

С.ЮМСҮРЭН

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)