ОХУ вакцинжуулалтын гэрчилгээ нэвтрүүлжээ

ОХУ-д сүүлийн 14 хоногийн хугацаанд 20 мянган гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Тус улсын иргэд вакцинд эргэлзэж, дархлаажуулалтад хамрагдахаас татгалзаж буйг Кремлийн төлөөлөгч нигилизм гэж мэдэгдсэн. “Левада” төвийн өнгөрсөн сард явуулсан судалгаагаар оросуудын 62 хувь нь “Спутник V” вакцин тариулахад бэлэн биш байв.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 55 хувь нь коронавирусээр өвдөхөөс айхгүй гэж хариулжээ. Эрх баригчид вакцин хийлгэхээс татгалзаж буй хүмүүст хатуу арга хэмжээ авахаар боллоо. Энэ долоо хоногоос эхлэн кафе, ресторанаар үйлчлүүлэх тохиолдолд QR код уншуулна. Мөн яаралтай хийлгэх мэс заслаас бусад тохиолдолд вакцины гэрчилгээ шаардах аж. Төрийн болон үйлчилгээний салбарынхан нийт ажилчдынхаа 60 хувийг вакцинжуулах зорилт тавин ажиллаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин вакцин хийлгэх эсэх нь хувь хүний сонголт хэмээн мэдэгдсэн. Гэхдээ “Дельта” хувилбар тархаж, Засгийн газар бодлогоо өөрчилж эхэлжээ. Орон нутгийн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсон. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Хэрэв үйлчилгээний салбарт ажилладаг бол вакцин тариулах ёстой. Вакцинаас татгалзвал ажлаа солих хэрэгтэй” гэжээ. Программын дилерүүд зөвхөн эмчийн мэдүүлгээс гадна Засгийн газрын вакцины бүртгэлд нэр оруулах боломжтойг онцолжээ.

ЕВРОПЫН ЭМИЙН АГЕНТЛАГ ШАЛГАЖ БАЙНА

“Ройтерс” агентлагийн уламжилснаар Европын Эмийн агентлаг “Спутник V” вакциныг батлахыг ирэх есдүгээр сар хүртэл хойшлуулахаар болжээ. Вакцин боловсруулсан “Гамалея” хүрээлэн шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь өгөөгүй байна. ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангийн тайланд уг вакцины клиник туршилтуудын бүх мэдээллийг өгч, клиникийн сайн практик үзлэгийг хийжээ. “Спутник V” вакциныг хөгжүүлэгчид хоёр сарын дараа Европын холбооны орнуудын хөтөлбөрт багтана гэж найдаж байна. “Новая газета” сонинд бичсэнээр Оросын вакциныг Европын Эмийн агентлагийн дүрмийн дагуу эмнэлзүйн туршилт хийлгээгүй гэж зөвшөөрөл олгохоос татгалзаж байв. Ерөнхийдөө вакцины туршилтын хугацаа 210 хоног байдаг. Цар тахлын нөхцөлийг харгалзан коронавирусийн эсрэг вакцины туршилтыг түргэвчилсэн буюу 150 хоногийн хугацаа олгожээ. ОХУ-аас зөвшөөрөл авах өргөдөл хараахан ирээгүй байна. “Зөвшөөрлийн албан ёсны өргөдлийг хүлээн авсны дараа Европын Эмийн агентлаг “Спутник V”-гийн үнэлгээг дахин шалгаж, вэбсайтдаа нийтлэх юм. Вакцины аюулгүй байдлыг үнэлэхийн тулд хэдэн мянган сайн дурын ажилтнууд шаардлагатай. Вакцин хийлгэснээс хойш дор хаяж зургаан долоо хоногийн турш гаж нөлөөг хянах юм. Үүний зэрэгцээ Европын Эмийн агентлаг сайн дурынхны эрүүл мэндийн байдлыг хянахыг хатуу зөвлөжээ.

Оросын вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага судалж байна. Тус байгууллагын эмийн хүртээмжтэй байдлыг хариуцсан захирлын туслах Мариангела Симаогийн хэлснээр тус байгууллага “Спутник V” вакцины үйлдвэрлэгчээс вакцины тухай бүрэн дүүрэн мэдээллийг хүлээн аваагүй байгаа аж. Тэрбээр нэмж хэлэхдээ “Бидэнд хавтаст мэдээллийг бүхэлд нь олгож, мөн клиник зарчмыг дагаж байвал вакциныг мэргэжлийн баг шалгах болно. Шалгах ажлаа ирэх сард дуусгана” гэжээ. Тус вакцины үр дүн эхэндээ дэлхий нийтэд эргэлзээ төрүүлж байсан ч олон улсын анагаах ухааны “Lancet” сэтгүүл энэ вакцины үр дүн 91.6 хувьтай гэдгийг мэдээлснээр барууны улс орнууд хүлээн зөвшөөрч эхлээд байгаа юм.

Өдгөө АНЭУ, Египет, Казахстан, Беларусь, Аргентин, Венесуэл, Монгол зэрэг нийт 55 улс “Спутник V” вакциныг бүртгэснээр “AstraZeneca”-гийн дараа хамгийн олон оронд бүртгэгдсэн вакцин болоод байна.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)