Төрийн худалдан авах ажиллагааны авлига

Хураангуй 

Төрийн худалдан авалтын ажиллагаан дахь болгоомжтой хянуур байдал нь нийгэм, эдийн засгийн хувьд оновчтой худалдан авалт хийх боломжийг нийтийн албан тушаалтнуудад олгодог боловч энэ нь авлига үүсэх нөхцлийг нэмэгдүүлдэг. Үүний улмаас төрийн худалдан авалтын ажиллагааны эрх чөлөө болон авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хоорондын тэнцвэрийг хангах асуудал тулгарч байна. Энэхүү судалгаа нь 2019 оны 187 улсын төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль болон практикийн талаархи судалгааны тоо мэдээллийг ашиглан эдгээрийн хамаарлыг судалсан. Судалгааны үр дүнгээс харахад Засгийн газрын үйл ажиллагааны үр ашиг бага байх үед худалдан авах ажиллагааг зохицуулах нь тустай, харин үйл ажиллагааны үр ашиг өндөр байх үед худалдан авах ажиллагааг зохицуулах нь ач холбогдол бага байсан аж.

Төрийн худалдан авах ажиллагаа нь авлигад өртөмтгий байдаг. Худалдан авах ажиллагаан дахь авлигын дүн нь худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний үнийн дүнгийн 8%-25% хооронд хэлбэлздэг тухай судалгаанууд байна. Худалдан авах ажиллагаатай холбоотой авлига, хээл хахууль түгээмэл байсаар иржээ (Ди Телла ба Шаргродский 2003 он, Олкен 2007 он, Коллиер ба бусад 2016 он, Колоннелли ба Прем 2020 он, Личанд ба Фернандес 2019 он). Түүнчлэн худалдан авалттай холбоотой гэрээг шинэчлэн байгуулах үед авлига хээл хахууль ихээр гардаг юм байна (Декароли 2014 он, Декароли ба Пламбо 2015 он, Кампос ба бусад 2019 он).

Худалдан авах ажиллагааны шийдвэр гаргах эрх чөлөө их байх хэрээр авлига өргөн тархсан байх нь түгээмэл байдаг. Тиймээс худалдан авах ажиллагааны байгууллагуудын сонголтыг хязгаарлаж, зохицуулалтыг нэмэгдүүлснээр энэ байдлыг өөрчилдөг. Гэхдээ ийнхүү худалдан авах ажиллагааг хязгаарлах нь нийтийн албан тушаалтнууд нийгэм, эдийн засгийн хувьд оновчтой худалдан авалт хийхэд саад болдог сул талтай. Тиймээс эдгээрийн тэнцвэрийг хэрхэн хангахыг тодорхойлох шаардлага гарсан тул бид энэ судалгааг хийв.

2019 оны 187 улсын худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, практикт Босио болон бусад судлаачид (2020 он) дүн шинжилгээ хийсэн байна. Бид төрийн худалдан авах үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжилтнүүд, хуульчдаас стандарт асуулгаар дамжуулан тоо мэдээлэл цуглуулсан. Уг асуулгын асуултууд нь 2,5 сая долларын өртөгтэй төсөөлөл бүхий замын төслийн худалдан авалтын ажиллагааг бүхэлд нь хамарсан. Улс бүрийн судалгаанд хамрагдсан хүмүүст 2.5 сая долларын өртөг бүхий зам засварын төслийг танилцуулаад, уг төслийн худалдан авалтыг зохион байгуулах дүрэм журмын талаар асуусан. Тэдний хариултад үндэслэн бид ил тод байдал, өрсөлдөөн, тендерт оролцогчдод тавигдах шаардлага, гэрээний шударга байдал зэргийг багтаасан худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэмжүүрийг боловсруулсан. Судалгаанд оролцогчид мөн худалдан авах ажиллагааны практик нь хуулиас ялгаатай эсэх, болон ямар ялгаа байгааг тайлбарласан нь практиктай холбоотой хэмжүүрийг бий болгох боломжийг бидэнд олгосон.

Зураг 1-д үзүүлснээр худалдан авах ажиллагааны тухай хуулийн зохицуулалт нь түүний практик үйл ажиллагааг төсөөлж байгааг бид тогтоосон ба өөрөөр хэлбэл хуулийн зохицуулалт их байх хэрээр албан тушаалтнууд өөрсдийн дураар зохицуулах практик бага байсан. Түүнчлэн бидний таамаглаж байгаагаар худалдан авалтанд практик ажиллагаа бага байх хэрээр үр дүн илүү сайн байх болно. Өөрөөр хэлбэл, худалдан авах ажиллагааны практик нь авлигын бага түвшин, хэн нэгэн этгээдэд давуу байдал олголтын индекс, хуйвалдаан, өрсөлдөөнгүй байдал, зардал хэтрэлтийн индекс, цаг хугацааны хоцрогдол, чанар муу байх зэргийг хамарсан индекстэй холбоотой байдаг. Харин худалдан авалтын хууль тогтоомжийг худалдан авалтын үр дүнтэй холбон таамаглах боломжгүй байдаг аж. Өөрөөр хэлбэл зохицуулалт нь худалдан авалтыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд хангалтгүй юм.

Зураг 1 Худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомж ба практикийн харилцан уялдаатай байна

Эх сурвалж: Босио ба бусад (2020 он)

Энэхүү нөхцөл байдалд шийдэл гаргахын тулд худалдан авах ажиллагааны дүрэм журмын өртөг ба үр өгөөжийн хоорондын зохистой тэнцвэрийг тогтооход төрийн байгууллагын чадавхи чухал гэж бид үзэж байна. Хэрэв байгууллагын чадавхи сул бол хүнд сурталтнууд хээл хахуулийг нэмэгдүүлэх болно. Энэ тохиолдолд худалдан авалт хийж буй байгууллагад олгогдож буй эрх чөлөөг хязгаарлах замаар авлигыг бууруулах боломж ихээр гарч байна. Харин төрийн байгууллагын чадавхи өндөр байгаа нөхцөлд худалдан авалтын эрх чөлөөг хязгаарласнаар авлигыг бууруулахгүй боловч гарах зардал чирэгдэл нэмэгдэх болно. Улсын секторын чадавхийг хэмжихийн тулд Дэлхийн Банкнаас гаргадаг Хүмүн капиталын индекс (Ангрист ба бусад, 2019 он) болон Дэлхийн Банкнаас гаргадаг Засгийн газрын үр нөлөөт байдлын үзүүлэлт зэргийг ашигласан.

Бидний хийсэн дүн шинжилгээгээр дээрх хандлага батлагдаж байна. Худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн үр дүнд авлигын тохиолдол буурах нөлөө нь засгийн газрын чадавхи багатай улсуудад (-0.13, статистикийн ач холбогдлын түвшин 5%) өндөр, засгийн газрын чадавхи өндөртэй улсуудад (-0.06, статистикийн ач холбогдлын түвшин 10%) харьцангуй бага байна. Энэхүү үзэл баримтлалын дагуу хүмүн капиталтай холбоотойгоор хууль тогтоомжийн дундаж индекс ба практикийн дундаж индексийн хооронд статистикийн ач холбогдол ялгаатай байгааг өгөгдөл бас харуулж байна. Өөрөөр хэлбэл хүмүн капиталын түвшин доогуур улсуудад худалдан авалтын практик бус харин илүү хатуу заалттай хууль тогтоомж үйлчилдэг бол хүмүн капиталын түвшин өндөртэй улсуудад эсрэгээрээ байдаг. Эндээс дүгнэхэд улсын секторын чадавхи багатай улсуудад хууль тогтоомжоос илүү сайн практикийг хэрэгжүүлэх боломжгүй гэдэг нь харагдаж байна. Улмаар засгийн газрын үр ашиг бага байх үед худалдан авах ажиллагааг чөлөөтэй байлгах нь ашиг тустай бол харин засгийн газрын үр ашиг өндөр байх үед худалдан авах ажиллагааг чөлөөлөх нь хор хохирол ихтэй гэж нотоллоо.

Мэргэжилтнүүдийн дунд явуулсан санал асуулгад үндэслэн бид судалгааны зорилгоор худалдан авах ажиллагааны төслийн чанарын индексийг тодорхойлсон. Зураг 2 ба 3 -аас харахад хүмүн капиталын түвшин багатай улсуудад худалдан авах ажиллагааг илүү хатуу зохицуулалттай үед бүтээгдэхүүний индекс өсдөг бол харин хүмүн капиталын түвшин өндөр улсуудад энэ нөхцөлд бүтээгдэхүүний индекс буурч байна. Баримт нотолгооноос дүгнэхэд худалдан авах ажиллагааны зохицуулалт нь авлигад ихээхэн нөлөөтэй байгаа боловч энэ дүгнэлт нь зөвхөн улсын секторын чадавхи багатай улсуудад л тохирч байна.

Зураг 2 Хүмүн капитал багатай улсуудын бүтээгдэхүүний чанар ба хууль тогтоомж 

 

Зураг 3 Хүмүн капитал өндөртэй улсуудын бүтээгдэхүүний чанар ба хууль тогтоомж

 

Эх сурвалж: Босио ба бусад (2020 он)

Зохиогчид:

Эрика Босио, Симеон Джанков, Эдвард Глейзер, Андрей Шлейфер     

  Эрика Босио (Дэлхийн банкны судлаач)

  Симеон Джанков (Лондонгийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн зах зээлийн группын бодлогын захирал)

  Эдвард Глейзер (Харвардын их сургуулийн эдийн засгийн профессор)

  Андрей Шлейфер (Харвардын их сургуулийн эдийн засгийн профессор)

voxeu.org

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)