Нөхөн сэргээлтгүй хаягдсан Шийртийн гол шавраар урсаж, Орхон гол ширгэхдээ тулж байна

Малчдаас ирсэн дуудлага…

Зуны эхэн сар хэдийнэ дундаа орж, Монгол орон даяар хүн, малгүй нуруу тэнийсэн энэ цагт Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг, Орхон багийн нутагт орших Шийртийн гол улаан шороогоор урсаж. Орхон голд цутгаж байгааг эс тооцвол коронагийн аюулаас өөр сэтгэл түгшээх юмгүй, нэг л сайхан… 

Хангай нутгийн сор, тагт нутаглаж, байгалийн сайхан, өвсний сортой, усны тунгалагийг хөөсөн малчдын хувьд сүүлийн жилүүдэд хамгийн ихээр сэтгэлийг нь түгшээх болсон зүйл бол Шийртийн голын шар шавартай усны аюул гэнэ. Уудам монголын нутаг уул ус, өвс ногоо жигдэрсэн уулсын дунд орших Орхоны хөндий буюу Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдээс “…сэтгүүлчээ, нутагт маань ирээд нүдээрээ хараад, байгаа бүхнийг гоёл чимэглэлгүй, шийдвэр гаргадаг дарга нарт хүргээд өг. Өмнө олон сэтгүүлчийг бид авчирсан ч бидний үгийг гаргах бүү хэл, энд ирсэнээ ч мартчихаад байна… Үнэхээр шударга зүйл гэж байхгүй болчихоогүй юм бол, нутагтаа болгоод л амьдрах гэсэн малчдын үгийг сонсоод, дээр амьдардаг дарга нарт хүргээд өг” хэмээн хатуухан шаардсаны улмаас мянган сонсохоор нэг үзье хэмээн Цэнхэр сумын Орхоны багийг зорьсон юм. 

Нар жаргаж, бүрий болж байхад даваа өгсөж, сүглийлдсэн их ойн дундуур явж байхдаа “ийм сайхан хангайгаас, энэ хэцүү даваагаас сүрдэхгүй уул, усыг ухахад хүргэсэн зүйл нь дөчийн бидон дүүргээд ачдаг байсан тэр их алт байсан тухай. Их алт харсан хүнд нүгэл, буян хоёр нэг л шугаманд оччихоод маргаашаа мартдаг, магадгүй маш их шунаг, сувдаг сэтгэл нь хаачихдаг юм байхдаа…” гэх мэтээр өвөр зуурааөөрсдийн хэмжээнд мэдээллээ солилцсоор манай сурвалжилах багийнхан тэргэл сар голлосон шөнө дундын үед Орхон голын эх рүү орж ирлээ. Хөндий тэр чигээрээ нам гүм, хоточ ноход нь хүртэл хуцахаасаа залхуурсан мэт налайх аж. Мандах нарнаас түрүүнд донгодох хөхөөн дуунаар сэрсэн бид “сэрүүхэн тунгалаг агаар асгарах мэт амьсгал туучин бие рүү нэвтрээд байна уу гэмээр сайхан” гэдэгтээ санал нэгдсээр нутгийн малчнаар заалган шавар шиг зууралдсан голын эхийг олж, учрыг нь олж хужрыг нь тунгаахаар Шийртийн хөндий өгсөж давхилаа…

 

Шар шавраар урссан Шийртийн гол

Үнэндээ, хөндий өгсөх тусам зүрх, сэтгэл маш их өвдөж байлаа. Учир нь энэ уудам хөндийн салаа бүхэнд горхи, булаг урсаж, гурван аймгийн 10 гаруй сумын 100-гаад өрх зуны гурван сард энд зусан хүн малгүй жаргадаг байсан цаг ердөө л 30 хүрэхгүй жилийн өмнө гэж байгаа. Гэтэл өнөөдөр хамгийн их үржил шимтэй байсан Шийртийн хөндий тэр чигээрээ гаслан гашуудах мэт шавар нь зууралдсан шар шороог элгээрээ эргүүлүүлж, хаа сайгүй ухаж хаясан хиймэл шавар нууранд хаа нэг ангир амсхийхээс өөр бөртийх эзэнгүй аж. Алтыг нь аваад авдрыг нь хаясан алт ухсан хүмүүсийн хайхрамжгүй үйлдэл, нөхөн сэргээлтгүй хаясанаас болж өнөөдөр алтнаас болж ухагдаж, угаагдсан шар шаврыг долоон хоногийн өмнө орсон ширүүн бороо үер болгон өргөжүүлж Шийртийн гол шар шавраар урсаж, 30 км урсаад нийлдэг Орхон голыг ширгээхэд тулаад байгааг малчид сэтгэл нь зовинон өгүүлцгээж байлаа. 

Орхоны хөндийд нийлэх Орхон голд урдаас Шийртийн гол, араас нь Өлтийн гол урсаж нэгддэг юм байна. Харамсалтай нь хөрсөн доорхт алтны нөөцөөсөө болж 30 жилийн турш хэвлийгээ ухуулсан энэ хөндийд нөхөн сэргээлт хийгээгдээгүй хаягдсанаас болж өнөөдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн 90 гаруй өрхийн үхэр, адуу, хонь, ямаа энэхүү сайхан уудам хөндийд зусаж байгаа хэдий ч таваараа бэлчих бэлчээргүй, тухалж ундаалах усгүй болчихож. Хангайн малчид ундаалах усгүй, хариуцлагаа ухамсарласан зарим нэгэн хүмүүсийн хүчээр гүний худгаас ундаалж байгааг харахад үнэндээ дэндүү харамсалтай байсан юм. 

2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд уг хөндийг үйл ажиллагаа эрхэлж байсан 11 компанийн олборлолтын эрхтэй 13 лицензийг цуцалсан гэнэ. Компаниудын үйл ажиллагааг цуцлахын өмнө Байгаль орчины сайд Н.Цэрэнбат болон албаны бусад хүмүүсийн хамтаар Орхоны хөндийд ирж, нөхцөл байдлыг нүдээрээ үзэж, танилцаад буцаж байж. Харин тэднийг ирэхээс хоёр хоногийн өмнө Шийртийн хөндийд олборлолт хийж байсан Монгол газар компанийн газар дээр ажиллаж байсан техникууд гэнэт л бужигналдаж, хот руу буцаж, зарим нь хөндий уруудан жалга ганганд нуугдаж, нинжа нараас өөр юмгүй болсон гэнэ. Хэдийгээр сайд энэхүү “айлчлал”-аараа уг хөндийд алтны компаниудын олборлолт явуулахыг хориглож, үйл ажиллагааг явуулах эрхийн лецзинзийг цуцалж “сайхан зүйл” хийсэн ч харамсалтай нь “олборлолтын лиценз цуцлагдсан” хэмээсэн компаниуд ухсан газраа тэр чигээр нь хаяжнөхөн сэргээлт хийлгүй орхисоны горыг өнөөдөр Орхоны хөндийд нутаглаж байгаа малчид, малтайгаа эдэлж байна. Асуудлыг олон гарцаар судалдаггүй, ард түмнийхээ үгийг сонсдоггүй шийдвэрийн горыг эдэлж байгаа малчдын хувьд машид бухимдалтай, зарим нь ярьж байхдаа нулимсаа барьж чадахгүй уйлж байсан нь даанч өрөвдөлтэй байлаа.  

 

Гучин жил ухлаа, алтыг нь авч дууссан бол нөхөн сэргээгээд өгөөч!!!

 

Орхон багийн малчин А.Ганбат

Орхон багийн малчин А.Ганбат, ах нь энэ жил 53 хүрч байна. 23 наснаасаа өрх толгойлж, бие дааж мал малласан газар маань энэ Орхоны хөндий. 30-хан жилийн өмнө энэ ухаж төнхөөд улаан шороо болгочихсон байгаа Шийртийн хөндий тэр чигээрээ ферм байлаа шүү дээ. Маш олон айлууд энэ хөндий дүүрэн буучихаад идээ цагаагаа хийж, эвтэй найртай амьдардаг байлаа. Булган, Өвөрхангайн малчид манай нутагт ирж зусдаг, идээ цагаагаа хийдэг байсан. Гэтэл энэ сайхан хөндий маань өнөөдөр ийм болчихсон байна. Анх алт ухах гэж байна гэж ирэхээс эхлээд л өнөөдрийг хүртэл малчид зүгээр суугаагүй тэмцсэн юм. Даанч жирийн малчид бидний үг төрд, түмэнд ч хүрдэггүй юм байна. Харсаар байгаад нүдэн дээрээ нутгаа сүйрүүлсэндээ уйлмаар байдаг. Аргаа бараад сүүлийн жилүүдэд нөхөн сэргээлт хий гэж тэмцдэг болсон. Манай Орхоны хөндийд олон компани үйл ажиллагаа явуулж байна. Бага нь бага, их нь их гэхгүй нөхөн сэргээлт хийгээд явж байна. Өлт, Өлзийт тээл, Улз гол гээд алт ухсан ч нөхөн сэргээлтээ хийгээд явж байгаа компаниудтай нутгийн бид нар ярих зүйл байхгүй ээ. Харин энэ Шийртийн хөндий бол арай  л дэндүү байна. 

 

Бүх зүйлд гарц байдаг. Энүүхэн ард орших Өлзийт тээлд байдаг компани нөхөн сэргээлтийн талбайдаа ногоон өвс тариалж байна. Тэднээс туршлага судламаар л санагддаг. Болдог бол энэ сайхан нутгийнхаа төлөө ажиллаж чадах, сэтгэлтэй, хариуцлагатай аймгийнхаа компаниудад зөвшөөрлийг нь өгөөд, нөхөн сэргээлтийг нь хийлгээсэй гэж хүсч байна даа. 

 

Өлзий тээл уурхай малчдад гүний худаг, малд цэвэршүүлсэн устай нуур байгуулж өгсөн

 

Орхон багийн малчин Ш.Доржготов

Орхон багийн малчин Ш.Доржготов, Маш хэцүү байна. Та бүхэн харж байгаа байх. Энд цутгаж орж ирж байгаа шар шавартай ус бол Шийртийн хөндийгөөс орж ирж байгаа. Шийртийн хөндий тэр чигээрээ ийм шар шавраас бүрдсэн хаягдсан тогоонууд болсон. Лиценз цуцалсан нэрээр хаяж яваад огт нөхөн сэргээлт хийгээгүйгээс ширүүн бороо ороход хиймэл нууруудын далан сэтэрч, шар шавартай ус гол болон Орхон гол руу цутгадаг. Энэ шар шавар маш хортой. Мал туучаад гатлахад туруу нь хагарч, доголдог. Зун хагарсан туруу нь өвөл хүйтрэнгүүт хөлдчихдөг. Өмнө Орхон голооч мал, хүнгүй ундаалдаг байсан. Одоо энэ голоос  хүн бүү хэл мал ундаалах ямар ч боломжгүй болж, хангайд ундны усны гачаалд орж байна шүү дээ. Азаар Өлзийт тээл уурхайгаас гүний хоёр ч худаг гаргаж өгсөнөөр малчид ундны устай болж, энэ компани хиймэл нууруудын усыг шүүж цэвэршүүлж өгсөнөөр малаа ундлах устай болсон. Ингэж нэг Өлзийт Тээлийн амнаас ирж байгаа усаар л хүн, мал ундаалж байна.

 

Энэ хөндийд 20-иод компанийн нэртэй 80-90 нөхөрлөл үйл ажилагаа явуулж байгаад, бүгд олборлолт хийх лиценз цуцалсан гээд хаяад явсан. Нөхөн сэргээлтээ хийгээд үлдсэн Өлзийт Тээлийнуурхайд баярладаг. Энэ олон компаниас нэг ч гэсэн компани ийм хариуцлагатай байгаа нь овоо доо гэж боддог юм. Бас манай малчдаас нөхөн сэргээлтийн талбайдаа  ажиллуулдаг. Өглөөний 10.00 цагаас өдрийн 16.00 цаг хүртэл 50.000-70.000 төгрөгийн цалинтай ажиллана гэдэг малчдад маш том боломж. Малаа ч хариулчихна, бас ажил хийгээд 10 хоногт 500.000-700.000 төгрөгийн цалин авчихна, Өлзий тээл уурхайн удирдлагуудад Орхон багийн хэдэн малчид баярлаж явдаг даа. Энэ нутгийнханд ээлтэй ажилладаг ганц уурхай болохоор өөр яах билээ.  

 

Шийртийн гол шавраар урсаж, Орхон гол ширгэж байна

Орхон багийн малчин Ч.Самбуудаш

 

Орхон багийн малчин Ч.Самбуудаш, энэ нутгийн унаган хүү. Манай аавынх Цэнхэрийн халуун рашаанд нутагладаг. Хорь гаруй жил мал маллаж байна.

 

 

Төрийн тахилгат Суварга хайрхан уулаас эх аван урсаж, таван аймгийн 130 гаруй сум, багийн хүн малыг ундаалж, Сэлэнгэ мөрөнд цутгадаг Орхон голын эх ундарга юм шүү дээ. Орхон голын эх ундарга нь Тээл, Улиастайн гол болдог. Тэгэхээр энэ нутаг шараар урсаж байгаад нутгийн иргэд бидний зүрх шимшрэхээс яах билээ. 

 

Малын мөрнөөс өөр мөр гарч үзээгүй онгон байгалийг минь алтанд шунагчид 20 гаруй жил ийм болтол нь сүйтгэж орхисон нь дэндүү харамсалтай байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ хөндийд үйл ажиллагаа явуулж байгаа 11 компанийн лицензийг цуцалсан. Лиценз цуцаллаа гэнгүүт бүх компаниуд техникээ ачаад явчихаар нь хамгийн их баярлаж байсан малчид өнөөдөр харамсаж байна. Учир нь тэр олон компаниас хариуцлагаа ухамсарлаж, нөхөн сэргээлтээ  хийсэн нь хоёр, гуравхан нь байна. Бусад нь азны юм гээд зугтаад алга болсоны гор сүүлийн хоёр жил Шийртийн хөндийгөөс урссан шар шавран голын улмаас Орхон гол ширгэхэд хүрч, хангайд амьдарч байж малчид, мал ундлах усгүй болсон. 

Хэрэв арын Өлзийт Тээлийн уурхай байхгүй бол энэ хөндийн малчид, мал ундлах усгүй болох байсан. Энэ уурхайн нөхөн сэргээлт хийж нуурын усыг цэвэршүүлж, бас малчдад зориулан гүний худаг гаргаж өгсөнөөр хөндийд нутаглаж байгаа малчид энэ уурхайн гаргаж өгсөн хоёр худагнаас ундаалж байна. Гэтэл энэ хөндийгөөс тонн, тонноор нь алт олборлосон компани, хүн сураггүй алга болсон. Ашиглаж байсан талбайгаа жижиг компаниудад ацаглаж орхиод өөрөө зугтаад алга болсон. Нэг сөөм газар ч нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас өнөөдөр Шийртийн гол шар шавраар урсаж, Орхон гол руу цутгагдаж, Орхон гол ширгэхдээ туллаа.

 

Орхоны хөндийд Орхон багийн 90 гаруй өрх зусаж байна

Цэнхэр сумын Орхон багийн Иргэдийн хурлын дарга, хэд хоногийн өмнө орсон ширүүн борооны улмаас нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон Шийртийн хөндий дүүрэн байгаа хиймэл нууруудын хуучин далан сэтэрч,  хальж урссанаас болж, Орхон гол руу цутгадаг хэсгээр маш их шар шавартай ус орж ирсэн. Бороо намдаад долоо хонож байхад ус татрахгүй байгаа нь уурхайнханы ухаж сүйдэлсэн шороон овоолго, алтаа угаадаг байсан тогтоол нуур нь л үерийн усанд хальсан гэсэн үг. Энд тэндгүй л баахан нуур үүсгээд хаячихсан, ухсан талбайдаа нөхөн сэргээлт хийгээгүй, ухаж байгаад л хаячихаад явснаас болж үүсээд байгаа юм. Орхоны хөндийд манай багийн 90 гаруй өрх малтай зусаж байна. Үүнээс гадна, ойр орчмын өөр баг, хил залгаа аймгийн иргэдэд ч энэ асуудал хамаарна. Тэр бүх өрх айлын хүн, малын уух ус, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байна гэсэн үг. Тиймээс бид хэдийгээр лицензийг нь цуцалсан ч гэсэн өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан гэдэг утгаараа нөхөн сэргээлтийг нь хийлгэх ёстой хэмээн үзэж, дээд шатны байгууллагуудад асуулга хүргүүлээд байгаа. 

 

Орхон багт 400 га талбайд нөхөн сэргээлт хийх зайлшгүй шаардлагатай

 

Цэнхэр сумын Мэргэжлийн хяналтын байцаагч, Хаврын шар усны үер, зун намрын борооны үерийн үед бол шар  шороо нь тэр чигээрээ л гол руу урсаад орчихдог болохоор алт угааж байгаа юм шиг л улаанаараа эргэсэн ус  урсчихдаг. Та нарыг ирэхийн өмнө хэд хоног үргэлжилсэн бороо орж, үер болсноор Шийртийн хөндийн хаягдсан хиймэл нууруудын далан сэтэрч, Орхон гол руу цутгагдсан байгаа. Хамгийн гол нь нөхөн сэргээлт хийгдээгүй талбайгаас болж байгаль, гол горхи сүйтгэгдэж байна. Мөн энэ нутгийг бараадаж нутагладаг малчид, мал хэцүү байдалд орж байгаа юм. Эхнээсээ уул уурхайн компаниудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгөх, цуцлахдаа нөхөн сэргээлтийг нь хариуцлагатай хийхийг шаардаж, хариуцлага тооцох систем нь хатуу чанга байдаг бол ийм харамсалтай зүйл тохиолдохгүй гэж хувь хүнийхээ хувьд бодож явдаг юм. Орхоны хөндийд 11 компанид олгогдсон ашигт малтмалын 13 лицензийг Засгийн газраас 2019 онд цуцлах шийдвэр гаргаж байсан. Ингэснээр усны эх, археологийн олдвор бүхий газарт экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулан үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани, аж ахуй нэгжүүдийн олборлолт хайгуулыг зогсоосон байдаг. Энэ хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь таслан зогсоож, нөхөн сэргээлт хийхийг үүрэг болгосон байдаг. Одоогоор Өлзийт тээл шиг нөхөн сэргээлт хийсэн газар алга. Орхон багт нийт 400 га талбайд нөхөн сэргээлт зайлшгүй хийх шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт байдаг. Гэвч хариуцлагагүй уул уурхайнхан нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас уршигт хор дагавар нь өнөө хэр нь үргэлжилж байгаагийн илрэл энэ гэсэн үг. 

Нэгэн зүйл, долоон хоног үргэлжилсэн борооны улмаас ухаад орхисон хиймэл нуурын далан сэтэрч, угаасаар байгаад шар шавар нь л үлдсэн алт олборлогчдын буруутай үйлдлийн улмаас хамгийн ихээр хохирч байгаа Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн хэсэг малчдын хүсэлтээр Орхоны хөндийгөөс хийсэн бидний сурвалжилга энэ хүрээд өндөрлөж байна. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх гэж бас энэ бүхэн маань иргэддээ ээлтэй, энэ засгийн эрх мэдэлтэй нөхдүүд байгаль орчин, малчдадаа ээлтэй шийдвэр гаргаасай хэмээн хүссэн учир бүхий л талыг тэнцвэртэй оролцуулах гэж хичээлээ. Энэ утгаараа Орхоны хөндийд зусаж байгаа малчидтай уулзаж, иргэдээ төлөөлөн төрд ажиллаж байгаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргатай нь ярилцаж, иргэн төрийг холбосон төрийн албан хаагчаас шаардлагатай тодруулга авсанаа энд багтааж бичлээ. 

Бүх зүйлд гарц байдаг. Энүүхэн ард орших Өлзийт тээлд байдаг компани нөхөн сэргээлтийн талбайдаа ногоон өвс тариалж байна. Тэднээс туршлага судламаар л санагддаг. Болдог бол энэ сайхан нутгийнхаа төлөө ажиллаж чадах, сэтгэлтэй, хариуцлагатай аймгийнхаа компаниудад зөвшөөрлийг нь өгөөд, нөхөн сэргээлтийг нь хийлгээсэй гэж хүсч байна даа хэмээн нутгийн малчдын өгүүлсэнээр энэ удаагийн сурвалжилгаа ийнхүү дуусгая.

 

Сэтгүүлч Д.Пүрэв

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)