В.Путин: Орос, Украин бол нэг үндэстэн

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ард иргэдийнхээ асуултад хариулсан шууд нэвтрүүлгийг “Нэгдүгээр суваг”, “Россия 1”, “Россия 24”, НТВ, ОРТ телевиз, “Мир”, “Маяк”, “Вести ФМ”, “Радио России” радио шууд дамжууллаа. 2019 онд сая гаруй асуулт ирүүлснийг Кремлийн алба нэгтгэн боловсруулж, Ерөнхийлөгч хариулт өгсөн байдаг. Төрийн тэргүүнд хоёр сая орчим асуулт ирүүлсэн байна. Цахим орчинд “Москвагаас Путинд” программыг 650 мянга гаруй удаа татжээ. Олон улсын сэдвээр асуусан анхны асуулт бол Украины талаар байв. Москва “найрсаг бус улс” -ын жагсаалтад Киевийг оруулаагүй ч дипломат харилцаа нь хүндэрсэн АНУ, Чех улсыг багтаажээ. Кремлийн тэргүүн В.Зеленскийтэй ойрын ирээдүйд уулзах бодолгүй байгаа аж. Барууны орнууд хориг арга хэмжээ авсан ч ОХУ хөгжиж, батлан хамгаалах чадвар өндөртэй байгааг В.Путин дурджээ. Кремлийн албан ёсны сайтад байршуулсан шууд нэвтрүүлгийн бичлэгээс түүвэрлэн орчууллаа.

-Иргэд коронавирусийн давлагаа, шинэ хувилбараас айж байна. Манай улсад вакцинжуулалтад сайн дураараа хамрагдахаар заасан ч зорилтот бүлгийнхнийг заавал дархлаажуулахаар болсон. Олон нийтийн арга хэмжээг хориглосон атлаа “Евро 2020”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах шийдвэр иргэдийг талцуулсан. Энэ мэт цар тахлын үеийн журмуудыг тайлбарлана уу?

-“Евро 2020” зэрэг томоохон спортын арга хэмжээг зохион байгуулахдаа олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэхээс өөр аргагүй. Хүн амын дархлаажуулалтын тухай 1998 оны хуульд хоёр үндсэн заалт байдаг. Үндэсний вакцинжуулалтын хуваарийн дагуу заавал дархлаажуулах бүлэг байдаг. Ковидын халдварын эсрэг вакцинжуулалтыг үндэсний төлөвлөгөөг хуулийн хүрээнд боловсруулсан. Гэхдээ Төрийн Думын депутатууд дэмжээгүй тул цар тахлын эсрэг вакцинжуулалтыг үндэсний хэмжээнд заавал хийх шаардлагагүй гэж үзсэн. Хуульд ОХУ-д өвчлөл ихсэх, тахал тархах тохиолдолд эмч нарын зөвлөмжийн дагуу иргэдийн тодорхой ангилалд, ялангуяа эрсдэлийн бүлэгт хамаарах хүмүүсийг албадан вакцинжуулахаар заасан. Бид хуулийн хүрээнд л ажиллаж байна.

-Иргэд вакцинд итгэлгүй байгаа. Вакцин хийлгэсэн хүмүүс ч өвдөж байна. Вакцин шинэ омгуудаас хамгаалах уу?

-Вакцин хийлгэх шаардлагагүй гэж боддог хүмүүс байдаг. Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүс халдвар авсан ч хөнгөн өвдөж, хурдан эдгэж байна. Вакцин зохион бүтээсэн хүмүүстэй уулзсан. Манай улсад Новосибирскийн “Вектор” төвийн боловсруулсан “EpiVacCorona” болон Гамалеягийн эрдэмтдийн гарган авсан “Спутник V” вакциныг тарьж эхэлсэн. Гурав дахь вакцинаа танилцуулсан ч иргэний эмчилгээнд нэврүүлээгүй байна. “Вектор”-ын вакцин нь ерөнхийдөө синтетик шинж чанартай, гаж нөлөө байхгүй. Би урт хугацааны хамгаалалтыг бодож “Спутник V” вакциныг тариулсан.

-Та В.Зеленскийтэй уулзах уу?

-Украиныг яагаад найрсаг бус орны жагсаалтад оруулаагүй юм бэ гэж олон хүн асуусан. Би Украины ард түмнийг манай улсад ээлтэй хүмүүс гэж боддог. Би энэ талаар олон удаа ярьсан. Дахин хэлье украин, орос бол ерөнхийдөө нэг ард түмэн. Харамсалтай нь, гаднын хүчин зүйлийн нөлөөн дор орос үндэстнийг хувааж байна. Би энэ сэдвээр аналитик нийтлэл бичнэ. Киевийн одоогийн эрх баригчид илт найрсаг бус хандлага баримталж, суурин оросуудыг уугуул иргэдийн жагсаалтад оруулаагүй. Хаа сайгүй явцуу бодолтой хүмүүс, туйлширсан үндсэрхэг үзэлтнүүд байдаг.

-Барилгын материалын үнэ огцом өслөө. Та ямар нэгэн байдлаар арга хэмжээ авах уу?

-Инфляц, хэрэглээний зах зээл дээрх барааны ханшийн өсөлттэй холбоотойгоор материалын үнэ нэмэгдсэн. Манай улсын инфляц дөрвөөс 5.9 хувь болж өссөн. Үүнтэй тэмцэж Төвбанк эдийн засагт илүүдэл мөнгөний нийлүүлэлт гаргахгүй байгаа. Инфляц зорилтот индикаторууд буюу дөрвөн хувь руу эргэж ирнэ гэж найдаж байна. Гэхдээ энэ жил амжихгүй. Түүнчлэн металлын үнэ дэлхийн зах зээл дээр огцом өссөнийг дурдах хэрэгтэй. Энэ нь хүнсний бүтээгдэхүүнд бас хамаатай, элсэн чихрийн үнэ өссөн. Одоо барилга байгууламжтай холбоотой барааны үнийг хязгаарлах зохих шийдвэрүүдийг гаргаж байна.

-Их Британийн цэргийн эсминец хөлөг Хар тэнгист нэвтэрсэн. НАТО манай улсын хилийн ойролцоо сургуулилалт хийж байгааг та хэрхэн дүгнэх вэ?

-Дэлхий ертөнц дайны ирмэгт ирлээ гэж бодох хэрэггүй. Бид НАТО-гийн хөлөг онгоцыг живүүлсэн ч дэлхийн гуравдугаар дайн эхлэхгүй. Учир нь, нөхцөл байдлыг эхлүүлсэн хүмүүс ялахгүй гэдгээ мэдэж байгаа. Хүн юуны төлөө тэмцэж байгаагаа мэддэг байх ёстой. Бид өөрсдийн, ирээдүйнхээ төлөө тэмцэж байна. Мянга мянган километрийг туулж бусад орны хилд тулж ирсэн нь бид биш.

 

Б.Батцэнгэл

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (192.82.90.69)

    2022-02-28

    Зөнөг өвгөн чинь одоо бас юугаа элийрээд байнаа