Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
- 2021-07-03
- Байгаль орчин
- 0
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 2-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Шарын гол, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдэж, Хүдэр, Хараа, Ерөө, Сөгнөгөр, Сэлбэ, Улиастай, Онон, Хэрлэн, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван үерлэж байна.
Маргааш буюу 3-нд Хараа гол Дархан хот, Ерөө гол Дулаанхаан сум, Онон гол Дадал сум Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин 9-15 см нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Түүнчлэн хур борооны эрчимшил хэмжээнээс хамаарч голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэж байгаа тул үeр, усны аюулаас болгоомжтой байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарна уу. Үүнд:
-Ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх,
-Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
-Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
-Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
-Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)