Шударга ёсны төлөөх алалдаан

Эх орны алс хязгаарт олон нялх хүүхэдтэй нэгэн өрх толгойлсон ядарсан эмэгтэйн гэрт нэг банди өсөж өндийжээ. Өлөн нойтон, өмсөх зүүхээр гацуу хүүгийн амьдрал хойт эцэгтэй болсноос хойш бүр ч там болж хувирав. Хойт эцэг хэмээгдэх тэр адгуус өлчир бага бандийг үхширтэл нь зоддог, гэртээ ч хонуулдаггүй, угаас олдоц муутай хоолыг нь бүр чангална. Нэгэн халуун зун нохойгоо дэрлээд гэрийн гадаа унтаж байсан хүүг аймшигтай муухай чанга буун дуун цочоон сэрээсэн аж. Сэрээд хартал өөрөө цусандаа хутгалдчихсан, хайртай нохой нь эцсийн амьсгалаа хурааж байлаа. Харин хүүгийн дэрлэсэн нохойг буудаж алсан мөнөөх хойт эцэг нь марсайтал инээн, бах нь ханав бололтой маадга маадга алхан гэр рүүгээ орох нь тэр. Хожим өөрийнх нь ярьсанаар тэрээр бүтэн өдөр чих нь юу ч сонсохгүй, хэдэн өдөр тувт бөөлжиж явжээ. Хөөрхий хүү, энэ үед мэдрэлийнх нь хэчнээн эд эс үхээ бол, ямар их сэтгэлийн арилшгүй шарх олоо бол! Амьдрал тааруу, өөрөө ч үг цөөнтэй, ноомой юм болохоор хавьтсан болгон дээрэлхэж ихэрхэнэ.

Арав төгсөхөд нь түүнд сургууль ном ч олдсонгүй, харин “Илгээлтийн эзэн” хэмээн хөөргөж хэдэн хонь дагуулан гарт нь шилбүүр атгуулав. Ийнхүү хонины бэлчээрт ганцаар үлдсэн хүү амьдралын жаргал, эрх чөлөөний сайхныг мэдэрч, сэтгэлд нь хурсан гомдлоо цаасан дээр шүлэглэн буулгаж “Пионерын үнэн”-д “Илгээлтийн эзэн хоньчин” гэдэг нэрээр явуулах боллоо. Тэр үеийн үзэл суртлын харцгууд ч шүлэгч-илгээлтийн эзнийг гярхайгаар олж харан хойтон жил нь үзэл суртлын сургуульд оруулж өгчээ. Суртал нэвтрүүлгийн зорилгоор тэр үед нам засаг ийм зүйл бишгүй л хийдэг байсан. Харин хүүг сургуулиа төгсмөгц ажилд авахын оронд цэрэгт мордуулах нь тэр. Тэр үед дээд сургууль төгссөн хүн хэр барагтай бол цэрэгт явдаггүй атал хэл үг гаргахгүй номхон ноомой юм болохоор хөөрхийг дээрэлхэж байгаа нь тэр. Нийгмийн шударга бус байдал хамгийн харгис бүдүүлэг, болхи мөртөө хурц байдлаар илэрлээ олдог газар тэр үед арми байв. Хамгийн номхон ноомойг нь гахай маллагч болгоод зогсохгүй цэрэг толгойтой болгон ирж дээрэлхэж дэглэдэг байжээ, тэр үед. Оныхон биенээ дэглэнэ, дэглүүлэгч хариугаа доод оныхноос авна, хамгийн зодуулдаг нь хариугаа гахайчнаас ирж авна. Сонин тогтоц байгаа биз! Ноомой хүүг гахайчин болголоо. Армиас төрсөн анхны, цор ганц ромботой гахайчин!

Цэргээс ирээд хүү ажилд орсон боловч түүнд байр хаанаас олдох билээ. Хотын хамгийн хойно айлын хашаанд ноорсон гэрт амьдарна. Эр юм болохоор эхнэр авч хүүхэдтэй ч боллоо. Гэвч дарга нар нь түүний үнэнч шударга зүтгэлийг хавар намрын гол төлөв биеийн хүчний ажилд хөөж явуулах байдлаар л “шагнана”. Цалин цавуу нь ч хамгийн бага. Эхнэрийнх нь байнга хөх явдаг нүд л нийгэмд дээрэлхүүлсэн уураа гаргадаг ганц ч болов лүд барамтай юм байна гэдгийг гэрчилнэ.

Ийнхүү ардчилалтай золголоо. Хэлмэгдэгч маань ч анхны ардчилагчдын нэг нь болсон нь ойлгомжтой. Түүнтэй энэ хорвоод шударга харилцсан ганц хүн бий бил үү! Түүнийг ядахнаа хүн гэж хүндэтгэж эн тэнцүү ярилцсан хүн байлуу! Нийгэм нь хүн ёсноос гадуур шударга биш. Түүний ухамсарт амьдрал энэхүү шударга бусын золиос болсон. Тэрээр ийнхүү амьдарч байгаа нийгмээ төдийгүй ерөөс хорвоо, хүн төрөлхтнийг үзэн яддаг болжээ. “Хүнийг би таних тусмаа адгуусыг улам хайрлах боллоо” гэж Сократ хэлсэн байдаг. Хүн төрөлхтнийг жигшихийг мэзантроп гэдэг. Волтэр, Моллэр нар гаргууд мэзантропчид байв. 

Мезантропч болсон мөнөөх залуу өдгөө манай нийгэмд нэртэй зартай нэгэн болжээ. Хаалттай нийгэмд зөвхөн албан тушаал дагаж л эрх мэдэл буй болдог бол нээлттэй нийгэмд эд хөрөнгөнөөс гадна алдар цуу, увайгүй шударга зан ч эрх мэдлийг шууд ба шууд бусаар эзэндээ олж ирдэг хэрэгсэл аж. Чухам ийм хэрэгслээр тэрээр “хонзонгоо” авч гарах нь тэр. Хойт эцгээсээ, онц сурлагатнуудаас, хоньчдоос, оюутнуудаас, хал цэргүүдээс, дарга нараас... амьдралын зовлонгийнхоо өр төлөөсийг нэхэв. Бүр садист маягаар. Энэ бүхнээ тэрээр нийгэмд шударга ёс тогтоохоор үзэж тарж, үсэрч наалдаж байна гэж тайлбарладаг ба олон түмэн ч түүнийг шударга эх оронч гэж цоллодог. Далимд хэлэхэд тэрээр энэхүү шударга үйлдлийнхээ үр дүнд арван жилийн өмнө УТТ-ны гишүүн ч мөрөөдөшгүй сайхан тансаг амьдрал өөртөө цогцлон байгуулсан.

Хувь хүний ийм араншин түүхэнд олон нийгмийг, нийгмийн олон бүлгийг, олон айлыг өөрчилж хувь заяаг нь тодорхойлжээ. Харин энэ өвөрмөц мөртөө ялангуяа бүдүүлэг нийгэмд тодорхойлох хүчин зүйл нь болдог араншинг анх Оросын их зохиолч Феодор Достоевский тод томруун гарган бичсэн юм. Дараахан нь Австрийн сэтгэлзүйч Зигмүнд Фройд үүнийг бүр шинжлэх ухааны аргаар задлан шинжилжээ. Эндээс фройдизм, психоанализ гэх мэтийн гүн ухаан, сэтгэлзүй, социологи, урлаг, утга зохиолын бүхэл бүтэн салбар үүсэн гарсан. Энэ бүхний эх үүсвэр буюу хөдөлгөгч хүчийг Фройд бэлгийн сэрэл гэж үзсэн бол тухайлбал Юнг хэмээгч үүнийг өлсгөлөн, хоол идэх сонирхлоос үүдэлтэй гэжээ. Харин энэ араншин хүнд ихэнхдээ 15 орчим наснаас өмнө тогтон нэгэнт төлөвшдөг гэж психоаналитикчид нэгэн дуугаар баталдаг. Ялангуяа ямар орчинд хүн болж өндийж ирсэн нь энд гол хүчин зүйл болно. Өлөн нойтон, өнчин өрөөсөн, хойт урьдахын зовлон үзсэн, ухаан санаа болоод бие бялдар дорой, эд эрхтэн, эрүүл мэнд, гоо үзэмж хагас хугас зэрэг бусдаас ямар нэг юмаар дутуу гацуу өсөж өндийх нь комплекс буюу дутуугаа мэдрэн зовох сэтгэхүй бүрдүүлдэг ба энэ нь тэр хүний насан туршийн зовлон болж ааш араншинг нь тодорхойлдог байна. Хэрэв нийгмийн тодорхой нөхцөл бүрдэн ийм хүн эрх мэдэлтэй болох юм бол ямар эмгэнэлт зүйл болдог гэж санана!

Сталиныг багад нь эцэг нь нэвширтэл нь зоддог байжээ. Осетин үндэстэн тэрээр гүрж эхнэр аван нутагт нь амьдарсан боловч бага үндэстний гадуурхагдах сэтгэгдэлд гүн автаж, гуталчны өчүүхэн орлого амьдралд нь хүрэхгүй гутаж, үүндээ шаналан архидаж, хамаг уураа хүүдээ гарган балбаж өгдөг байжээ. Угийн сул дорой биетэй Сталин сүмийн сургуульд явсан боловч сурлага, бялдраар бусдад дээрэлхүүлэн бүрэн комплекстой болж сургуулиа орхижээ. Дараа нь хувьсгалч болсон боловч өндөр боловсролтой гол төлөв жүүд үндэстэн нөхдийнхөө хажууд аргагүй л шушмаа байв. Иймээс тэрээр аугаа том Орос орныг удирдаж байхдаа жүүд, сүсэглэн, сэхээтэн нарыг онцгой үзэн яддаг байв. Бага насны хүнд амьдрал, өссөн орчинтойгоо харилцаж байсан агаар нь хожим нь энэ хүнийг түүхэнд төрсөн хамгийн том махчин болгожээ гэж үзэх үзэл их түгээмэл.

Орчин үеийн иргэншсэн, ялангуяа нээлттэй нийгэмд ийм нэгэн махчин гарч ирээд толгой тасдаад байх бололцоогүй л дээ. Гэхдээ мөнөөх сталиныг бага сургуулийн багш, шоронгийн харгалзагч, өндөр настны эмнэлгийн сувилагч, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч болгоод бод доо. Өрнөдөд энэ талаар маш их судалгаа хийгдсэнээс гадна зөвхөн кино гэхэд л янз бүрээрээ байдгийг санахад, сонирхож судлахад гэмгүй. Харин манайд энэ талаар шинжлэх ухааны судалгаа байтугай уран сайхны хэлбэрээр илэрхийлсэн зүйл ч үгүй. Монголын уран зохиолд Ц.Доржготовоос өөр хүний дотоод сэтгэл, араншин руу өнгийсөн хүн байдаг юм болов уу! Морь унаж мод тохсон нэг нөхөр агаарын даралтаас хамаараад улаан юм уу, хөх туг намируулаад, социализм руу ч юм уу, ардчилал руу, уухай ч юм уу, хараал тавиад л давхиад байна шүү дээ, манай уран зохиолд!

Социализмын үед нэгэн “томоохон” гэгдэх сэхээтэн байлаа. Тэрээр эрдэм ном хөөцөлдөхийн сацуу чадал чансаагаараа шалгарч багашаархан дарга ч хийж яваа. Хэдийгээр бусдаасаа илүү чадалтай боловч (өөрийнх нь өөртөө өгсөн үнэлгээ шүү?) зан аашнаасаа ч юм уу, нэг л олигтой дэвшиж гийгүүлэлгүй хамаг насаа баржээ. Түүний нүдэн дээр хариугүй амьтас суга дэвшицгээнэ. Тэрээр дарга нарынхаа шударга бус загнаж байгааг, хоорондоо хэрхэн долгинолцож байгааг харан яснаасаа зэвүүцнэ. Үүнээ хамаагүй илэрхийлэх нь аюултай учраас хамаг гомдлоо гэртээ ирж ярьдаг байжээ. 

Тэдний хүүхдүүд эрдэм боловсролтой сүрхий хүмүүс болон өсөж өндийсөн. Харин бусдаас ялгагдах онцлог нь нийгмийн шударга бус байдлын тухай, эргэн тойронд ямархуу муухай бэртэгчин хахуульчин хүрээлж байгаа тухай, аль шударга үнэнээр явсан нь дандаа хохирдог тухай ухаан орсон цагаасаа хорь гаруй жил бүрэн лекц сонсож цээжилсэн явдал байлаа. Энэ бол азгүй аавынх нь гэртээ ярьдаг ганц сэдэв нь! Харин хүүхдүүд нь нийгмээ эсэргүүцсэн 90 оны хувьсгалд идэвхтэй оролцсон боловч нийгмээ яаж засаж янзалж төлөвшүүлж дээрдүүлэх талаар санаа оноо гарган ханцуй шамлаж ажиллахын оронд дайсны дунд ганцаараа гэгчээр идсэн уусан байж магадгүй талаар “шинжлэх ухааны” суут таамаглал дэвшүүлэн, эргэн тойрноо хардсан хагаралдуулсан муулах, хараах, харлуулах, хардах гутрангуй үзлийн томоохон онолч болжээ. Түүний яриаг сонсож суухад хөөрхийг хүн болж төрснийх нь төлөө өмнөөс нь өрөвдмөөр (яагаад гэвэл тэрээр үүндээ их гутаж байгаагаа ярих дуртай) санагдана. Тэрээр энэхүү гутрал гунигаа “шударга ёс” гэгч зүйлээр халхална. Энэхүү дэндүү сайхан мөртөө дэндүү ойлгомжгүй тодорхойлолтыг тэрээр дэндүү өөриймшүүлж, дэндүү гамгүй хэрэглэнэ. Ухаан нь хэн нэг нь шинэ хувцас өмссөн байвал шударга биш, яагаад гэвэл хахууль авч таараа биз, харин өөрөө шинэ хувцастай болсон нь шударга, яагаад гэвэл худалдаж авсан мөнгийг нь жорлон ухаж хөлсөө гоожуулж байж олсон!

Ард түмэн гэж бий юу гэвэл бий. Гэхдээ энэ нь харьцангуй ойлголт! Ядахнаа тухайн улс үндэсний хүн амын 50 хувь нь нийлж байж ард түмэн гэсэн ойлголтод хүрэхээс, “ард түмэн хэлж байна!” хэмээн цээжээ бяцартал нүдэн шүлс үсчүүлэх нь үгүйдээ л сэжиглэм. Тэгвэл шударга ёс гэж бий юу гэвэл бас л бий. Харин үүнийг ясчлан тогтоож, үүнээс ийш бол шударга, тийш бол биш гэж хэлэх шалгуур үгүй. Ерөөсөө шударга ёс гээд нарийвчлах юм бол энэ нь илүү гүн ухаан, теологийн маш өргөн ухагдахуун болохоос хажуу айлын Доржийнх өнгөт зурагттай байхад манайд юу ч алга гэсэн ойлголт биш. Герег хэлний “дихайесис”, латины “юстификацио” гэсэн ухагдахуун чухам юуг тодорхойлох тухай нь олон мянганы турш үе үеийн ухаантнуудын бодлогширол, бясалгал байжээ. Бурхны өмнө аль нь зөвдөх вэ л гэсэн асуулт шүү дээ. Хүн хүн өөр өөрийнхөөрөө тайлбарлана. 

Одоо энэ ойлголт маань илүү иргэншээд “хууль” гэсэн ерөнхий утгатай болсон байна. Өөрөөр хэлбэл тоглоомын дүрэм. Чамайг ингэсэн байвал шударга биш, өөрөөр хэлбэл хууль зөрчлөө гэж үзээд цээрлүүлнэ, харин ингэхийг манай энэ газар нутгийн хязгаар дотор нүгэл хэмээн үл үзмүй гэх маягтай. Иймээс газар бүр өөр өөр хууль үйлчилнэ. Хэдийгээр өдгөө лалын орнуудад олон авгай авах нь бахархал, бусад газруудад шударга биш гэж үздэг гэх мэтийн зарим том ялгаа оршсоор буй боловч ерөнхийдөө иргэншин соёлжиж буй өнөөгийн ертөнцөд нэг төрлийн хууль хаана ч үйлчлэх болжээ. Нэг үгээр хэлбэл юуг шударга, юуг шударга биш гэх вэ гэсэн зарчмын үнэлэмж дэлхий даяар төстэй болчихсон гэсэн үг. Дэлхий даяар үйлчилдэг хуулийг НҮБ гэх мэтийн олон улсын байгууллагаас гаргах болсон байна. Тухайлбал “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” эсвэл дэлхий дээр боолчлох ёсыг эгнэгт халах гэх мэт. Хүмүүс бүгдээрээ нийгмийн иргэд юм. Иймээс хуулийн өмнө, нийгмийн өмнө шашин шүтлэг, гарал үүсэл, хүйсээсээ үл хамаараад тэгш эрх, тэгш боломжоор хангагдсан байх ёстой гэдэг санаа бол өнөөгийн дэлхийн нийтлэг шударга ёсны шалгуур. Үүнийг хуульчилсан, биелүүлдэг орнуудыг шударга ёс ялсан газар гэдэг байх. Бүх хүнд таалагддаг хууль гэж байхгүй, өөрөөр хэлбэл хүн бүрийн үнэлэмж өөр учраас заримынх нь шударга гэж байгаа зүйлийг нөгөө нь шударга бус гэж үзнэ. Иймээс тухайн нутагт хууль тогтоогчдыг тодорхой хугацаагаар ард түмний олонхын үзэмжээр сонгодог, сольдог системтэй байвал ардчилсан гэх байх. Чухам энэ хэмжүүрээр үзэх ахул өнөөгийн Монгол нь өөрийн буурал түүхэндээ анх удаа хамгийн шударга ёсыг тогтоогоод байгаа билээ. Ямар ч шалгуураар авч үзэхэд шударга бус явдал овоолоостой байгаа ч гэсэн баримталж буй ерөнхий зарчим нь шударга талдаа.

Хүнийг хууль зөрчлөө гэснээс шударга бус гэж яллах нь илүү хялбар. Учир нь хууль нь илүү нарийн заалттай байдаг ба ихэнх иргэншсэн орнуудад үүнийг нь нотолж тогтоодог шүүх хэмээх инстүүц байдаг. Иймээс дээр өгүүлсэн мөнөөх нийгмээс хариугаа авах гэсэн, орчноо зөвхөн хараар харж эргэн тойрноо хардсан хүмүүст нээлттэй чөлөөтэй нийгэмд “шударга ёс” гэдэг нь нэг төрлийн багаж хэрэгсэл, хүн намнах зэвсэг болж өгдөг ажгуу. Ялангуяа хандаж буй нийгмийн сэтгэлгээ нь хоцрогдонгуй, дорой, бүдүүлэг, болхи байх ахул “шударгуу” тоглоом төдий амжилт олно. Учир нь тоглогч бол хэзээ ч бүтээн байгуулагч, сайжруулан дэвжүүлэгч байдаггүй, зөвхөн хорсолдоо идэгдсэн шүүмжлэгч, харлуулагч, буснин сүйтгэгч, өөрөөр хэлбэл өөрөөрөө шалгуур хийсэн “шударга үйлсийг тогтоогч” моралист байдаг. Түүний амнаас хүнийг гэгээрүүлсэн, учрыг таниулсан, арга зам санаачилсан, босгоё бүтээе гэсэн санаа гардаггүй, харин байгаа бүхнийг байж болшгүй хэмжээнд харлуулж, мөнөөх “шударга ёсоороо” байгаа болгоныг лантуудан эвдэж бяцлах тэчьяадал оволзож байдаг. Тиймээс тэд байгааг бүрэн дүүрэн устгаж сөнөөгөөд цоо шинээр цогцлон байгуулах тухай ухамсар дорой хүн сонсоод шүтэж үхмээр сайхан боловч амьдралд, түүхэнд огт бололцоогүй үлгэр улиглана. Тэд өөрсдөө багадаа бүтэн жаргал эдлээгүйгийнхээ нэгэн адил насанд хүрээд ч хэвийн өрх гэр үүсгэж чаддаггүй. Нэг үгэндээ насан туршаа гомдож гасалж амьдрах аз жаргалгүй одонд төрсөн хүмүүс. Чухам энэ бухимдал нь цэцэглэн соёолж, халдварлан тархаж буй нь тэр!

Иймэрхүү шударгуу гаруудаас нийгэм өөрийгөө аль зэрэг хамгаалж чадахаас тухайн нийгмийн ухамсар, сэтгэлгээний чанар тодорхойлогдоно. Ухаан нь иргэншсэн орнуудад хэн нэг нь өөрсдийнхөө үзэмжээр сонгосон хүмүүсээ хавтгайд нь идээчин уугаачин, хулгай, худалч, алуурчин, бөгсний донтой, хар тамхичин, нийгмийн баялгийг сорогч гэж цоллоод ямар ч амжилтад хүрэхгүй. Тогтоосон хууль буюу тухайн нийгэмд юуг шударга бус гэж үзэх хэмжүүр бий, түүгээрээ л энэ асуудал шийдэгдэх ба харин хуулийг зөрчигч бишгүй тааралдана, түүнийг үнэлэх цэгнэх дээр ч алдаа гарч л байдаг, гэхдээ энэ нь байгаа нийгмээ устгаж хаячихаад цоо шинээр эхлэх шалтаг яав ч биш гэдгийг бараг бүгдээрээ хэлэлтгүй мэдэх хэмжээндээ хүртэл төлөвшчихсөн юм. 

Бурхан хүмүүсийн чадамжийг байтугай хүйсийг ч тэгшитгэж заяагаагүй болохоор хүмүүс янз бүрийн түвшинд амьдардаг, гэхдээ нийгэм бүх хүмүүст тэгш бололцоо олгож, тэгшээр ханддаг учраас энэ нь байх зүйл, нөгөө талаар материаллаг, ялангуяа бие махбодын тэгш бус байдлын зөрөөг нийгэм өөрийн чадамж бололцоогоор ойртуулахыг зорих ёстой гэсэн бодит үнэн ба үйлчилж буй зарчмыг сайтар ойлгодог. Өөрөөр хэлбэл ухамсаржсан нийгэмд зүгээр л нэг “шударга ёс” гэсэн хаягтай хар лантуугаар хэнийг ч цохиж унагаж чадахгүй, ийм хаягтай дарцгаар нийгмийг ч өдөөн турхирч дагуулж, давхих боломжгүй.

Манай дөнгөж төлөвшиж эхлэх гэж байгаа нийгэмд дээрх шударгуу хүмүүс өөрсдөө нийгмийн шударга үнэний хэмжүүр болчоод яваа нь нийгмийн маань сэтгэлгээний дундаж түвшний илтгэцүүр юм. Аль ч нийгэмд нийгмээ зохицуулж холбож менежмент хийж байдаг төр хэмээх инстүүцүүдийн бөөгнөрөл бий. Хошногоо өмхий гээд тайраад хаячихдаггүйн нэгэн адил төр болохоо болилоо гээд огт төргүй болчихсон тохиолдол одоо болтол түүхэнд гараагүй. Төр гэдэг маань машин техник биш учраас хүмүүсээс л бүрдэнэ. Тэр хүмүүсийг ард түмний үзэмжээр сонгодог, өөрөөр хэлбэл өнөөгийн дэлхийн үзэмжээр шударга гэж үнэлэгдээд байгаа тэр зарчмаар бий болгодог систем Монголд нэвтрээд арван жил ч болоогүй байна. Дотор нь хууль зөрчдөг (нийтийн хэлээр бол шударга бус) хүмүүс хаана ч тохиолддог, цаашид ч үргэлж тохиолдсоор байх болно. Яагаад гэвэл тэр төлөөлөгчийг мөн хүмүүс л сонгодог, алдана эндэнэ гэдэг хүнд дандаа тохиолддог зүйл. Хэрэв сонгосон төр нь үнэхээр дан худалч, хулгайч, дээрэмчин, тонуулчдаас бүрдэж байгаа юм бол тэр нийгэм өөрөө тэр чигээрээ зуун хувь тиймүүдээс тогтсон байж таарна. Тэгвэл дараагийн сонгуулиар ёстой шударга хүмүүсээ сонгоно доо гэдэг бол ёстой худлаа эд! Дээр дандаа луйварчид байдаг, дор дандаа шударга нь байдаг юм бол энэ чинь зөвхөн байрлалын тухай л асуудал юм биш үү!

Төрийн инстүүцүүдийг, түүнийг бүрдүүлж буй төлөөлөгчдийг зөвхөн луйварчдын цуглуулга гэж сурталчилж нийгмийн болхи сэтгэхүйд таарсан ядмагдуу, гүжирдлэг, хар данс, зохиомол хэрэг үүсгэн шуугиулах ба тэр нь нийгэмд гүнзгий халдварлаад нийтийн тийм ойлголт бий болоод ирэхээр төрийн инстүүцүүд өөрсдөө ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй болж ирж байна. Ийм айхавтар хардлага сэрдлэг дотор орсон хүн амьтны ердийн зөнгөөр үүнээс мултрах, холдох, өөрийгөө цэвэршүүлэх зөнд аргагүй автаж эхэлж байгаа юм. Монголын төрийн хууль тогтоох цөм болсон инстүүцийг өөрөө бүрэлдэхүүнд нь багтан сууж байгаа мөртөө муулан буруушааж, жигшин огих явдал нэг ёсны ритуаль үйлдэл болж эхэллээ. Энэ нь хүний хувьд энэхүү заваан муухай юмнаас би хэмээх махбод тусдаа юм шүү, ард түмэн та нартайгаа адил “шударга” хүн шүү хэмээн өөрийгөө цэвэрлэж байгаа байгалийн зөн билиг гэлтэй. Үүнтэй ижил ритуал ёслолыг шүүх, прокурор, яамд зэрэг бусад инстүүцээс олж харж болно. Гэтэл ухамсар дорой нийгмийн сэтгэхүй маань төрийн инстүүцийг нэг талаас жигшин зэвүүцэж цаашид оршин тогтнох шаардлага бий эсэхэд хүчтэй эргэлзэж, бүгдийг нь сөнөөгөөд дахин шинээр эхлэх зөнд автагдаж эхэлнэ. Нөгөө талаас хэрвээ үнэхээр дотор нь орсон нь луйвардаад баяжчих бололцоотой юм бол би ч бас нэг шургаад авъя гэсэн санаатнууд олон төрж, эрүүл бус өрсөлдөөн үүсэх сайхан хөрс буй болно. Өөрөөр хэлбэл механизм маань цэвэрлэх, сайжруулах, бүтээх босгох тал руугаа биш сүйтгэх эвдэх, дортгох, муутгах тал руугаа хэлбэрэлтгүй явна.

Нэгэнт төрийг зөвхөн хулгайч нарын үүр гэж төсөөлдөг болчихсон нийгмийн сэтгэхүй ирэх сонгуулиар уул үүрэнд шинээр орж байрлах 25-р тасгийн эрхлэгч өнөөгийн шударга гарыг маргааш тэнгэрийн ариун лха гэж үнэмшинэ гэж үү! Нийгэмд хийгдэх гэсэн өөрчлөлт шинэчлэлт болгоныг “шударга ёсны төлөө” хэмээх уриагаар өсгийгөө хууртал улдаж чангаан зогсоосон, шүүмжилж харлуулахаас өөр ямар ч үүрэг хариуцлагагүй эх орончийг маргааш хариуцлага үүрээд эх орноо хөгжүүлэх гэхээр олон түмэн дэмжин уухайлна гэж үү! Өөрийнхөө хордуулсан нийгмийн сэтгэхүйд өөрөө төдийгүй улс үндэстнээрээ живж үхэх юм биш үү!

Эрүүл бус хардлага сэрдлэгт баригдсан энэ нийгэм маань өөрөө эргээд өнөөгийн иргэншиж соёлжсон ертөнцөд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шударга ёс гэсэн ойлголтыг бусниулах үүр уурхай болоод байна. “Шударга ёс” хэмээх дэндүү тодорхой бус нэр томьёо нь шударга ёс хэмээн өнөөгийн ертөнц хүлээн зөвшөөрөгдсөн норм зарчмыг нурааж байгаа хэрэг билээ. Чухам энэ маань л шударга гаруудын хувийн амьдралаас үүдэл сэдэлтэй хардалт нийгмээ хордуулан эрүүл бус болгож, санаан зоргоороо захиалга үйлддэг болгоод байгааг хэлж буй хэрэг. Чухам энэ маань л эрүүл бус нийгмийн эрүүл бус захиалгад төрийн инстүүцүүд автан, үндсэн зарчмаа хөсөрдүүлж буйг хэлээд буй хэрэг. Чухам энэ маань л...

1999.11.25

ЖИЧ: Хорь гаруй жилийн өмнө энэ өгүүллийг бичиж байхдаа “ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨХ АЛАЛДААН” улам өргөжин тэлж хожим нь улс орныг хамарсан ДАЙН болно, Монгол орон хөлд нь үрэгдэнэ гэж даанч зүүдэлсэнгүй. 

Баабар ёслов.

2021.7.4

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Tiim (66.181.161.26)

    2021-07-20

    Tiim, baihgui. Yagaad gevel bid nar oorsdoo erguu mal bolohoor yamar ch maygaar amidraad oodlohgui.

  • erdene (84.132.56.152)

    2021-07-20

    mongold kapitalizm yalsan ardlilal gej baihgui

    Tiim (84.132.56.152)

    2021-07-20

    Tiim, baihgui. Yagaad gevel bid nar oorsdoo erguu mal bolohoor yamar ch maygaar amidraad oodlohgui.