Д.Бүрэнбаатар: Энэ оны эхний таван сард зам тээврийн ослоор 10 хүүхдийн амь нас эрсэдсэн

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.БҮРЭНБААТАРТАЙ ярилцлаа.

-Танай байгууллагаас зохиож эхэлсэн “Ирээдүйгээ хамгаалъя” аяны хүрээнд ямар ажлыг зохион байгуулах вэ?

-Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор томоохон ажил, арга хэмжээнүүдийг байнга зохион байгуулж ажилладаг бөгөөд тухайн ажил тодорхой үр дүнд хүрч байна. Дэлхий нийтийг хамарсан “СOVID-19” цар тахлын улмаас 2020 онд дотоодын аялал жуулчлал эрс нэмэгдсэн. Мөн 2021 онд тодорхой хэмжээний хөл хорионы дэглэмтэй байгаа хэдий ч хөдөө орон нутагт зорчих иргэдийн хөдөлгөөн их байгаа учраас Цагдаагийн ерөнхий газраас зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх “Ирээдүйгээ хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 25-ны өдрөөс ирэх наймдугаар сарын 10-ны өдрийг хүртэл 45 хоногийн хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж эхлээд байна.

“Ирээдүйгээ хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэддээ зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, ялангуяа хүүхдийг осол гэмтэлд өртөхөөс хамгаалах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулна. Мөн замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигчдод зөв дадал, хандлага, соёлыг төлөвшүүлж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, жолоочоос гадна зорчигчдын хариуцлагыг нэмэгдүүлэх мөн цагдаагийн байгууллагаас нийслэл болон орон нутгийн замд цагийн менежменттэй эргүүл ажиллуулах, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтуудыг тогтмол хийнэ. Цагдаагийн ерөнхий газраас санаачлан Дорноговь аймгийн Сайншандаас Замын-Үүд сум хүртэлх замд тээврийн хэрэгслийн хурд хэмжигч иж бүрэн камерыг суурилуулах ажлыг “Оюутолгой” ХХК-тай хамтарч, Улаанбаатар хотын явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй 4-5 гарц дээр Зам, тээврийн хөгжлийн яам, “АПУ” ХК-тай хамтран “Ухаалаг гарц” төслийг хэрэгжүүлэх зэрэг иргэддээ чиглэсэн олон талт ажил, арга хэмжээг авна.

 

-Жил бүр үр хойч ирээдүйгээ хамгаалахын тулд цагдаагийн байгууллагаас анхаарлаа хандуулж аян зохион байгуулдаг. Авто ослоор амь насаа алдаж буй хүүхдийн тоо буурч байгаа болов уу?

 

-Яагаад энэ арга хэмжээг зохион байгуулах болов гэвэл, Монгол Улсад бүртгэгдсэн статистик мэдээгээр 2018- 2020 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 3492 бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 2854 хүн гэмтэж, 908 хүний амь нас хохирсноос 158 нь насанд хүрээгүй хүүхэд байна. Энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 247 бүртгэгдсэн бол зам тээврийн ослын улмаас 62 хүн нас барж, 207 хүн гэмтсэн. Мөн 98 хүүхэд гэмтэж 10 хүүхэд нас барсан харамсалтай тоон мэдээ гарсан.

 

-Ер нь хүүхдүүд ямар шалтгааны улмаас авто осолд өртөж байна вэ. Хүүхдээ зориулалтын хамгаалалтын хэрэгслээр хангадаг эцэг эхчүүдийн тоо нэмэгдсэн болов уу?

 

-Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон бяцхан хүүхдүүдийн өмнө хэн буруутай вэ гэвэл, хурд хэтрүүлдэг, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцдог, замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг, хөдөлгөөн эхлэхээс өмнө орчноо шалгадаггүй жолооч нар юм. Сүүлийн үед эцэг, эхчүүдийн хандлага өөрчлөгдөж байгаа хэдий боловч энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гарсаар байна. 

 

-Өмнөх жилүүдэд ЦЕГ-аас “Яараад яахав дээ”, “Дураараа биш дүрмээрээ” зэрэг зорилтот аяныг хэрэгжүүлсэн. Нэлээд шинэлэг, үр дүнтэй нөлөөллийн аянууд болсон гэж дүгнэсэн. Өмнө нь хэрэгжүүлсэн эдгээр аян хэр үр дүнтэй байсан бэ. Зам тээврийн осол тодорхой хувиар буурсан уу?

 

-Цагдаагийн ерөнхий газраас “Яараад яахав дээ”, “Дураараа биш дүрмээрээ" аян арга хэмжээг зохион байгуулснаар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 2019 оны аяны хугацаанд өмнөх оны мөн үеэс 50.8, нас барсан хүн 11.7, гэмтсэн хүн 49.7 хувиар, үүнээс орон нутагт үйлдэгдсэн хэрэг 63.9, нас барсан хүн 21.7, гэмтсэн хүн 59.5 хувиар тус тус буурсан. 2020 онд арга хэмжээний хүрээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 203 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 40.6, гэмтсэн хүн 255 бүртгэгдсэн нь 30.5 хувиар, зам тээврийн осол 2402 бүртгэгдсэн нь 8.1 хувиар тус тус буурсан дүн юм.

 

-Бид ирээдүйгээ хамгаалахын тулд ямар зүйлийг өөрсдөдөө дадал болгох хэрэгтэй гэж та бүхэн харж байна вэ?

 

-Орон нутгийн замд хүүхэд тээврийн ослын улмаас амь насаа алдсан явдал их байгаа нь хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэж хэвшээгүй, хүүхдийг буруу тээвэрлэж явсантай шууд хамааралтай. Нийслэл хотод осолд өртсөн хүүхдүүдийн ихэнх нь явганаар хөдөлгөөнд оролцсон хүүхдүүд байсан. Иймд цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэг, боловсрол олгох, замын хөдөлгөөнд зөв оролцох хандлага, дадал хэвшүүлэх явдал чухал байна.

 

 -Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эх, асран хамгаалагч юуг анхаарвал зохилтой вэ?

 

-Эцэг, эхчүүд дараах хэдэн зүйлд анхаарах хэрэгтэй байна. Үүнд: Хүүхдүүдэд үлгэх дуурайл болж явган хүний гэрэл дохио, гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч, ойртон ирсэн тээврийн хэрэгслийг өнгөрүүлж гарах, тээврийн хэрэгсэл дотор хүүхдээ өвөр дээрээ болон зогсоо байдлаар авч явахгүй, хүүхдэд хамгаалах бүс зүүлгэж, хамгаалах суудал, суудал өндөрсгөгч хэрэглэж, аюулгүй зөв тээвэрлэх нь чухал.

 

Хүүхдээ заавал асран хамгаалагч, харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулах, замын зорчих хэсгээр явуулахгүй, тоглуулахгүй байх. Ялангуяа өсвөр насны хүүхдүүддээ хөдөлгөөнд оролцох үедээ утсаар ярьж, мессеж бичих, чихэвчний хөгжим сонсгохгүй байхыг зөвлөж, сургах хэрэгтэй.

 

Мөн эцэг эхчүүд, жолооч нар маань хөдөлгөөн эхлэхээсээ өмнө тээврийн хэрэгслээ тойрч хардаг, урд болон ард нь хүүхэд тоглож байгаа эсэхийг заавал шалгадаг дадал зуршилтай болох ёстой.

 

-Орон нутгийн замд иргэд хурд ихээр хэтрүүлдэг. Үүнээс болж осол аваар гаргадаг. Энэ байдалтай хэрхэн тэмцэх вэ?

 

-Орон нутгийн замд дээд хэмжээ нь 80 км/ цаг хурдтай оролцохоор зөвшөөрдөг хэдий ч жолооч замын нөхцөл байдалд хурдыг тохируулж явах үүрэгтэй гэдгээ ухамсарлахгүй байгаа нь харамсалтай. Орон нутгийн замд үйлдэгдэж буй зам тээврийн осол хэргийн  80- 90 хувь хурд хэтрүүлэх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үйлдэгддэг.

Та бүхэн хаана ч явсан замын хөдөлгөөний дүрмээ ёсчлон биелүүлж, хайртай бүхнийхээ аюулгүй байдлыг сайтар хангаж ирээдүйд харамсахгүйгээр бусдад зүй ёсны шаардлага тавьж, үр хүүхдүүддээ үлгэрлэл үзүүлж “Ирээдүйгээ хамгаалъя” аянд нэгдэхийг уриалж байна.

 

 

Г.Сүрэн

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)