Зөвшилцлийн мастер

Санхүүгийн ертөнцөд хүйсийн хэвшмэл ойлголтыг эвдсэн эмэгтэй бол Жанет Йеллен. Жанет Луиза Йеллен бол ямар ч хэмжүүрээр ер бусын хүн. Тэрбээр 2014-2018 онд дэлхийн хамгийн хүчирхэг Төвбанк болох АНУ-ын Холбооны нөөцийн сангийн даргаар ажилласан. Энэ албан тушаалыг хашсан анхны эмэгтэй байв. Гэхдээ үүгээр түүний карьерыг халхавчилж болохгүй. Хатагтай Жанет 1994-1997 онд Нөөцийн сангийн Удирдах зөвлөлийн гишүүн, 1997-1999 онд Ерөнхийлөгч Клинтоны Эдийн засгийн зөвлөлийг тэргүүлжээ. Йеллен бол АНУ-ын эдийн засгийн гурван өндөрлөг гэгдэх хариуцлагатай албыг ээлжлэн хашсан анхны хүн. Польшоос ирсэн даруухан, еврей гэр бүлээс гаралтай охины карьерын замнал тун сонирхолтой. Жанет Йелленийг найзууд нь “Байгалиас заяасан эдийн засагч” гэж тодорхойлдог. Тэрбээр Жо Байдены засаг захиргааг инфляцын хүнд сорилоор удирдан чиглүүлж, Капитолийн болон Уолл Стрийт дэх өрсөлдөгчдөөс нь хамгаалж байна.

ЙЕЛД АЛДАРТАЙ “ЙЕЛЛЕНИЙ ТЭМДЭГЛЭЛ”

Жанет Йеллен 1946 онд Бруклинд ажилчдын дүүрэгт төрж өссөн. Аав Жулиус Йеллен нь өрхийн эмч байсан бөгөөд байшингийн нэг давхрыг ажлын өрөөгөө болгожээ. Тэрбээр орон нутгийн оршин суугчдыг хоёр ам.доллараар үздэг байв. Заримдаа төлбөрийн чадваргүй үйлчлүүлэгчээсээ төлбөр авдаггүй байсан гэдэг. Ээж Анна Рут нь бага сургуулийн багш байв. Йеллен 1962 онд дунд ангиа төгсөхдөө сургуулийнхаа шилдэг сурагч болжээ. Тэрбээр АНУ-ын эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн эртний дээд боловсролын байгууллагуудын нэг Роуд Айландын Браун их сургуулийн Пемброкийн коллежид элсэв. Философийн чиглэлээр элссэн ч эдийн засгийн танхим руу шилжжээ. 1967 онд коллежоо онц төгсөөд Йелийн их сургуульд үргэлжлүүлэн сурав. Нобелийн шагналтан Жеймс Тобин, Жозеф Стиглиц нар “Йеллен бол хамгийн ухаалаг оюутан байсан. Нарийн төвөгтэй зүйлийг энгийн бөгөөд тодорхой тайлбарладаг зүгээр л суут ухаантан. Түүний лекцийн тэмдэглэлийг оюутнууд үе дамжуулан ашигласан. Манай албан бус сурах бичиг болсон “Йеллений тэмдэглэл” одоо ч алдартай шүү” хэмээн ярьжээ. Йелийн их сургуульд 1971 он хүртэл докторын зэрэг хамгаалсан 24 эдийн засагчийн дунд ганц эмэгтэй нь Жанет байв. Доктор хамгаалсны дараа Йеллен Харвардын их сургуулийн эдийн засгийн профессор болж 1976 он хүртэл багшилжээ. Тэрбээр Харвардын түүхэн дэх эдийн засгийн хоёр дахь эмэгтэй профессор юм. Тэр үед АНУ-д эдийн засгийг эрчүүдийн мэргэжил гэж үздэг байсан бөгөөд анхны эмэгтэй багш нь Чикагогийн их сургуулийн зочин профессор Рейчел МакКаллак юм. Тэд найзууд агаад хамтдаа эрдэм шинжилгээний хэд хэдэн бүтээл туурвисан билээ. Ташрамд дурдахад, Йеллений шавь нарын нэг Ларри Саммерс хожим нь АНУ-ын Сангийн сайд болжээ. Тэд 2013 онд Холбооны нөөцийн сангийн даргын албан тушаалд өрсөлдсөн байдаг. Цагаан ордноос 1977 онд Холбооны нөөцийн сангийн Захирлуудын зөвлөлд ажиллахыг урьжээ. Энэ саналыг гаргасан Эдвард Труман Йелийн профессор байсан бөгөөд авьяаслаг ажилтнуудаар багаа бүрдүүлэв. Йеллен олон улсын валютын системийн шинэчлэлийг шийдвэрлэх ёстой байв. Харвардыг орхисон нь түүний карьерын эргэлтийн цэг, амжилттай алхам болсон юм. Жанет Холбооны нөөцийн сангийн кофены өрөөнд танилцсан Жорж Акерлофтой нэг жилийн дараа буюу 1978 онд гэрлэв. Тэд нийгэмд эдийн засгийн бодлогын үр дагаврын талаар ижил төстэй үзэл бодолтой байсан нь дотно харилцаа үүсгэхэд нөлөөлсөн. Акерлофыг найзууд нь “эхнэрийнхээ сүүдэрт дарагдсан” гэж хошигнож байхдаа 23 жилийн дараа эдийн засгийн салбарт Нобелийн шагналтан болно гэж төсөөлөөгүй. Тэрбээр Нобелийн лекцдээ “Бид бие биендээ тохирсон төдийгүй макро эдийн засгийн чиглэлээр нэг үзэл бодолтой байсан” гэж бичжээ. Акерлоф Лондоны эдийн засгийн сургуульд багшлах урилга авч, Жанет ажлаасаа гарав. Жанет тус сургуульд эдийн засгийн чиглэлээр хоёр жил багшилсан байна. 1980 онд АНУ-д эргэж ирснийхээ дараа Берклийн их сургуулийн профессороор ажиллаж, магистрант оюутнуудад лекц уншжээ. Тэдний хүү Роберт 1981 онд Калифорнид төрсөн ба одоо Берклийн их сургуулийн профессор юм.

АНУ-ЫН ТӨВ БАНКИЙГ ТЭРГҮҮЛСЭН АНХНЫ ЭМЭГТЭЙ

Ерөнхийлөгч Билл Клинтон 1994 онд Жанетыг Холбооны нөөцийн сангийн Захирлуудын зөвлөлийн гишүүн болгов. Сенат 94:6 саналаар түүнийг баталжээ. Тэрбээр инфляцын асуудлаар тухайн үеийн Холбооны нөөцийн сангийн тэргүүн Алан Гринспантай санал зөрөлдөж байв. Гринспан инфляцыг тэг болгож, үнийн бүрэн тогтвортой байдалд хүрэх боломжтой гэснийг Йеллен эсэргүүцжээ. Йеллений баталсан инфляцын зорилтот түвшин хоёр хувийг Холбооны нөөцийн сангийн үндсэн удирдамжуудын нэг болгожээ. Хожим нь Гринспан Жанетын талаар “Би түүний аналитик яриаг анхааралтай сонсдог байсан. Зөвшилцөх нь Йеллений онцлог шинж. Тэр үргэлж баримттай, энгийн дэс дараатай ярьдаг. Бүх мэдээллийг маш нарийн судалдаг учир маргах бараг боломжгүй” гэж хүндэтгэлтэй ярьжээ. Клинтон 1997 оны хоёрдугаар сард Йелленийг Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөхөөр томилов. Энэ албан тушаалыг Жанетын багш Жозеф Стиглиц хашиж байжээ. Йеллен хүйсийн цалингийн зөрүүний шалтгаануудын тодорхойлсон илтгэлээрээ Америкт алдаршив. Тэнцүү цалин хөлсний тухай хуулийг 1963 онд баталсан ч цалингийн зөрүү 25 хувь хэвээр байсныг дурдах нь зүйтэй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсний хооронд хамааралгүй байлаа. Энэ мэт олон шинэчлэл хийсэн ч Йеллен 1999 оны зургаадугаар сард хувийн шалтгаанаар огцорч, Беркелид эргэн ирэв. Гэхдээ тэр их сургуульд таван жил л багшилсан юм. Засгийн газар түүнийг дахин “ашиглах”-аар болжээ. Сан Францискогийн Холбооны нөөцийн банкны Ерөнхийлөгчийн албыг хүчээр тулгав. Албан ёсны мэдэгдэлд “Профессор Йеллен мөнгөний бодлого, олон улсын худалдаа, санхүү, эдийн засгийн салбарт гайхалтай академик мэдлэг, туршлагатай” гэж тодорхойлжээ. Тэрбээр моргежийн зээлийн хямралыг урьдчилан харж эдийн засаг уналтад орох эрсдэлийг анхааруулсан. Гэвч төлбөрийн чадваргүй зээлдэгчдэд олгох зээлийн эрүүл бус өсөлтийг зогсоохын тулд юу ч хийгээгүй гэж дараа нь түүнийг буруутгасан билээ. Ерөнхийлөгч Барак Обама 2010 онд түүнийг Төвбанкны орлогч даргаар томилжээ. Сонирхолтой нь, тэр үед Вашингтоны шинжээчид Америкийн эдийн засаг Японы загварын дефляцын эргүүлэгт орох эрсдэлийг нухацтай хэлэлцэж эхэлсэн. Гэхдээ Обама Бүгд найрамдах намын сенаторуудын эсэргүүцлийг үл тоон 2013 оны аравдугаар сард Жанет Йелленийг Холбооны нөөцийн сангийн даргын албан тушаалд дэвшүүлжээ. Сенат 56:26 саналаар баталснаар АНУ-ын Төвбанкийг эмэгтэй хүн анх удаа тэргүүлэв. Түүний удирдлага дор Холбооны нөөцийн сангийн үндсэн хүүг өсгөж эхлэв. Тэрбээр дөрвөн жилийн хугацаанд АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд хамгийн таатай үнэлгээг авчирсан. Ажилгүйдэл 6.7-гоос 4.1 хувь болж буурсан нь сүүлийн 17 жилийн хамгийн доод түвшин юм. Эдийн засаг дахь ажлын байр сар бүр өсөлттэй гарчээ. Зарим шинжээч түүнийг бодит эдийн засгийг орхиж, инфляцыг зорилтот түвшнээс доогуур оруулсан гэж шүүмжилдэг. Йеллений бүрэн эрх дуусгавар болоход Ерөнхийлөгч Дональд Трамп үргэлжлүүлэн томилоогүй. Шалтгаан нь Барак Обама түүнийг томилсонд оршино. Энэ бол Холбооны нөөцийн сангийн түүхэнд улираан томилоогүй анхны тохиолдол байв. Хатагтай Жанет 2018 онд Вашингтон дахь Брукингсийн хүрээлэнгийн гишүүн болжээ. Тэрбээр ердийн даруу зангаа умартан Трампын засаг захиргаа болон түүний эдийн засгийн бодлогыг ширүүн шүүмжилсэн. Түүнээс Трамп макро эдийн засгийн бодлогын талаар ойлголттой эсэхийг асуухад “Үгүй” гэж товчхон хариулжээ.

“МӨНГӨНИЙ ТАГТАА”

Зах зээл, үйлдвэрчний эвлэл аль аль нь Жанетад хайртай. Түүнийг инфляцаас илүү ажил эрхлэлтэд анхаарал хандуулдаг учир “Мөнгөний тагтаа” гэж нэрлэдэг. Хөрөнгийн зах зээл Холбооны нөөцийн сангийн хариуцах сэдэв биш ч түүний үед хөрөнгө оруулалт илэрхий өссөн. Үүний зэрэгцээ тэрбээр хөрөнгийн биржийн хөөсрөлөөс урьдчилан сэргийлэх үүднээс хатуу зохицуулалтыг дэмждэгээ нэг бус удаа нотолсон. Жанет Засгийн газрын оролцоогүйгээр зах зээлийн тэнцвэрийг автоматаар сэргээнэ гэдэгт итгэдэггүй. Нөхөр Акерлофын нэгэн адил Йеллен Кейнсийн эдийн засгийн тулгуур загварыг баримталдаг. “Эдийн засгийн бодлого Уолл Стрит биш энгийн хүмүүстэй холбоотой байх ёстой. Технологийн эрин зуунд ажилчдын эрэлтийг бий болгохын хэрээр хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдал өөрчлөгдөнө. Тиймээс ажил эрхлэлтийг санхүүгийн зах зээлээс дутахгүй анхаарлын төвд байх ёстой. Төвбанкууд эдийн засаг, төрийн бодлогын аль алинд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь тэдэнд ёс суртахууны чухал үүрэг хариуцлага ногдуулдаг. Зөвхөн инфляцтай тэмцэх эсвэл санхүүгийн зах зээлийг зохицуулах нь хангалтгүй. Жирийн өрхүүд хөл дээрээ бат зогсож байхын тулд анхаарал халамж тавих хэрэгтэй. Ингэснээр эрүүл аюулгүй хөдөлмөрийн зах зээлд хүмүүс орлого олох боломжтой болно” гэж хатагтай Йеллен үздэг. Тогтвортой орлогогүй цар тахлын үед иймэрхүү санаанууд сонирхолтой санагдаж байна. Америкийн тоймч, “Финансил таймс” сонины редактор, Йеллений шүтэн бишрэгч Рана Форухар “Мэдээж, түүний хувьд тоо баримт чухал. Гэхдээ тэр хүмүүсийг математик загварын хувьсагч гэж үздэггүй. Харин ч дэлхий дээрх бодит хүмүүс, ажилгүйдэл, санхүүгийн зах зээл дэх тэгш бус байдал зэрэг эдийн засгийн үзэгдлийн үр дагаврыг ойлгодог” гэжээ. Йеллен бол Ерөнхийлөгч Жо Байдены тунхагласан “төсвийн хөшүүргийг” хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой хүн. Энэхүү IQ өндөртэй эмэгтэй цар тахлын хямралд нэрвэгдэж, эрэлт, нийлүүлэлт хумигдаж буй дэлхийн эдийн засгийг сэргээх үүрэг хүлээсэн. Мөн төсвийн зарлага хяналтаас гарахаас сэргийлж, улсын мөнгийг өсгөх ёстой.

“Тайм” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Би 1994 онд Холбооны нөөцийн санд ирэхээсээ өмнө эдийн засгийн профессор, судлаачаар ажиллаж байсан. Энэ бол миний төрийн албанд ажиллах гараа, хийхийг үргэлж хүсэж байсан ажил. Ард түмний эрх ашгийн төлөө ажиллах нь хариуцлага, нэр төрийн хэрэг. Богино хугацааны зээлийн хүүг тогтоох, банкны системийг хянах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах ёстой байлаа. Ерөнхийлөгч Билл Клинтон намайг анх нэр дэвшүүлснээр би хүндэтгэл, хариуцлагыг ижил мэдэрсэн. Эдийн засгийн салбарт хүйс, угсаатны олон янз байдлыг нэмэгдүүлэхэд ахиц гаргахыг хичээсэн. Харамсалтай нь, эрдэм шинжилгээний байгууллага, бизнес болон улс төрийн дээд түвшинд эмэгтэйчүүд, цөөнхийн төлөөлөл хэвээр байна. Үүнийг ойлгох, өөрчлөхийн тулд хүмүүс хамтран ажиллах хэрэгтэй” гэжээ. Йеллений санаачилга дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудад татварын бодлогыг синхрончлох эхний алхам болно. Ашгаас татвар ногдуулах тэгш буюу дор хаяж харьцуулж болохуйц нөхцөл байдал нь “чимээгүй” татварын диваажинтай тэмцэх хөгжингүй орнуудын ерөнхий бодлогод нийцэж байгаа юм.

 

Х.ЭРДЭНЭ

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)