АН хагарч, доройтлоо гээд Монголд ардчилал мөхөж сөнөхгүй
- 2021-07-08
- Нийтлэл
- 0
Ардчилал бол ард түмний өөрийнх нь төрөлх шинж...
Ардуудын санаа, зоригийг хэрэгжүүлдэг нийгэм, өөрөөр хэлбэл ардын ардчилал, иргэний нийгэм, ардчилсан бие хүн, чөлөөт иргэний талаарх үзэл, ойлголт бол 1980-1990 оны Монголчуудын хувьд шинэ, гайхмаар зүйл биш байв. Нэн эртнээс эхлээд л “Дээрээ эзэн байхгүй, дэргэдээ албат байхгүй” чөлөөт иргэний тухай үлгэр, домог, мөн “Үхэл үгүй мөнхөөрөө байдаг, үргэлж хорин таван настайгаа байдаг ариун бумбын орон”, “Цувж яваа барсаас цуглаж суусан шаазгай хүчтэй”, “Эвлэвэл бүтдэг, эвдэрвэл гутдаг”, “Бүгдээрээ хэлэлцвээс буруугүй, бүлээн усаар угааваас хиргүй” гэхчилэн ярьж, сургамж авч ирсэн ард түмэн шүү дээ, бид чинь! Чухам ийм дээрээс 1911 оны, мөн 1921 оны хувьсгалуудад хөдлөх гол хүчин нь жирийн ардууд байжээ. Энэ хөдөлгөөнийг зохион байгуулж удирдсан улстөрийн хүчинг Ардын Нам, Ардын Хувьсгалт Нам хэмээн нэрлэсэн нь ч ийм учир шалтгаантай. 1989, 1990 оны жагсаал, цуглаануудад ард түмэн ер оролцоогүй бол, бүр эсрэг нь байсан бол МАХН-ын Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох байсан уу? Хуучин төр засаг буух, тарах байсан уу? Үгүй шүү дээ.
Өнөөдөр гэхэд л АН хагарч, доройтож, нэр хүндгүй болж, лидер гэгдэгчид нь эрүүгийн гэмт хэрэгтнүүд болчихлоо гээд Монголын нийгэмд ардчилал мөхөж сөнөхгүй. Ардчилсан үзэл санаа аль хэдийнээ монголчуудын оюун санааны амьдралын дээд үнэт зүйл болчихжээ.
Хүн амын дийлэнх олонхи нь, ялангуяа залуус ардчилсан бие хүмүүс болон төлөвшчихжээ. Эрхтэн дархтангуудад биш харин эвсэж, зөвшилцөж баталсан хуулиудад л ард түмэн захирагдана гэдгээ хот, хөдөөгүй л мэдэгдсээр, тунхагласаар байх болчихлоо. Товчилж хэлэх аваас Монголын нийгэмд ардчилал ноёрхох байр суурьтай болж чаджээ. Ардчилал хаа сайгүй л төлөвшиж, бэхжиж, хөгжиж, нийгмийн оюун санааг удирдаж, чиглүүлж байна. Монголын нийгэмд дарангуйлалд хоргодох зай байхгүй болсон. Дарангуйлал үеэ өнгөрөөжээ. Улстөрийн 35 намын программ, дүрэм, үйл ажиллагаа, уриа лозунг бүгд л “Жинхэнэ ардчиллын төлөө” байх болжээ. Ардчиллыг хүсдэггүй, дэмждэггүй зарим нэгэн хүн, хүчин ч гэсэн “Ардчиллын баг”-ны цаана нуугдахаас өөр аргагүй болчихжээ. Ардчилсан үзэл санаа, үнэт зүйл Монголын нийгэмд “Зуны эхэн сарын өнгө, үнэр, амтыг, бас нар ба бороог авч ирлээ” гэж батлан хэлж болох байна. Нийгмийн дулаарал цааш цаашдаа улиралгүйгээр үргэлжлэх нь маргаангүй боллоо. Дүр эсгэсэн биш, ардчиллын далбаан дор хувалз, бясаа болж хөлжихийг хүссэн биш, харин ардчилсан эрх чөлөөг эдэлж, амар амгалан аж төрөхийг хүссэн залуус “Нэр ба үзэл санаандаа яг таг нийцсэн Ардчилсан намыг” буй болгох байх л даа. Энэ бол зөвхөн цаг хугацааны асуудал юм. Шинээр төрөх, төлөвших Ардчилсан Нам мандтугай.
Ардчилсан, иргэний ардчилал, ардын засаглал, бүгд найрамдах засаглал (Улс), интернационализм, НҮБ (Дэлхий дахины төр) гэх мэт ойлголтууд нь бүгд төрөл садан юм. Гол утга санаа нь нийтийн санаа, зоригийн засаглал (Хуулийн засаглал) гэсэн үг. Хар аяндаа үүсэж төлөвшсөн зүйл, хаа ч байдаг ердийн зүйл, амьдралаас өөрөө төрж бүтсэн зүйл л аливаа нийгмийн яс, булчин болж иржээ. Жишээ нь амины өмч, хувийн өмч, таваарын үйлдвэрлэл, таваар мөнгөний харилцаа, чөлөөт зах зээл (товчоор хэлбэл чөлөөт үйлдвэрлэл, солилцоо хэрэглээ). Иймийн учир төр засаг тэр бүхнийг дэмжих, хамгаалах, бүр дэлхийн хэмжээ, түвшинд дэмжих, хамгаалах үүрэгтэй. Энэ шүтэлцээ, барилдлагад дөрөөлж консерватизм оршил, оролцоогоо бататгаж, өргөтгөж иржээ. Элдэв зүсмийн нугалаа, гуйвуулга, хэтрүүлэг, явцуурал, төөрөгдөл, хийрхэл мэтээс хүмүүсийн амьдралын үндсэн суурь, юмс үзэгдлийг хамгаалж байх аваас уламжлалт нийгмүүд маань хэвийн байдлаар төгөлдөржиж, хөгжиж, урагшилж байдаг ажээ. Элдэв зүсмийн гаж үзэгдлүүд, улстөрийн үзэл суртлын хийрхэл, өш хонзон, дайнч хэнээрхэл, ялгаварлан гадуурхалт мэт нь уг эздээ ч хөнөөж, жирийн олон түмнийг ч хөнөөж байсан жишээ түүхэнд олон бий. Тэдгээрийн заримд нь Монголчууд бид ч өртөж хэдэн зуугаараа, бүр хэдэн мянгаараа хэлмэгдэж, хөнөөгдөж байсан билээ. Улс үндэстнүүдийн сэтгэл зүй, ухамсарт үүссэн “олон олон буглаа, хорт хавдар” нь яг хэрэг дээрээ бол бүр нийт хүн төрөлхтний эсрэг хандсан шинж, үр дагаврыг үүсгэх маш хоруу чанар, байдалтай байжээ. Иймд улстөр, үзэл сурталд гардаг элдэв измүүдэд, шинэ загвар, туршилтуудад нэн хянамгай хандах хэрэгтэй юм.
Олон олон изм (расизм, геонизм, нацизм, терроризм гэх мэт) нь эцсийн дүндээ тайван оршлыг эвдэлж, олон сая хүнийг хөнөөж, дэвшил, хөгжлийг ухрааж байлаа. Олон олон оронд улстөрийн нийгэм нь иргэний нийгмийнхээ төрхийг угааж эрхшээлдээ аваад буруу замаар хөтөлж, бусдын эсрэг турхирч, гай хөнөөл тарьж, том том дайныг эхлүүлж байв. Эцэс сүүлдээ тийм хэнээрхэл, туйлшрал, явцуурал нь тараа таниулаад түүхийн хог дээр хаягдсаар иржээ. Ард олны ардчилсан хөдөлгөөн, тэмцлийг ашиглаж төр засгийн удирдлагад гараад авлига авч, луйвар хийж, нийгмийн баялагт хачиг адил шигдэж, хувалз болсон нам, хүчин, хүмүүс бол ардчиллын дайсан юм. Өнөө гэхэд л Монгол дахь ардчилал нь Ардчилсан нам, түүний лидерүүдэд биш харин зүй бус, хууль бус үйлдлүүдийг эсэргүүцэн цуглаж, жагсаж байгаа ард олны ухамсар, сэтгэлгээнд оршиж, хөгжиж байна. “Хүн бүр чадлынхаа хэрээр хийж, хийснийхээ хэрээр хэрэглэдэг”, мөн “Хүн бүр чадлынхаа хэрээр хийж, хэрэгцээнийхээ хэрээр хэрэглэдэг” социалист, коммунист зарчмыг чөлөөт зах зээл, чөлөөт үйлдвэрлэгчдийн нийгэмд ч хэрэгжүүлж болдгийг зарим өндөр хөгжилтэй орон, нийгэм үзүүлж, үлгэрлэх болов. Норвеги, Дани, Голланд, Швед, Швейцарь зэрэг орны амьдрал, практикт ийм үзэгдэл ажиглагдаж байна. Ардчилсан үзэл санаа, зорилго, тэдгээрийн хэрэгжилт бол хүний нийгмийн төрмөл уг шинж юм. Ард нийтийн санаа зоригийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа бол аливаа төр засгийн үндсэн үүрэг юм. 1990-2021 оны хоорондох Монгол орны нийгмийн амьдралын туршлага, гашуун сургамж бол “Ардчиллын алтан хараацайнууд” гэж өөрсдийгөө нэрлэсэн зальхай залууст ямар ч хяналт, шалгалтгүйгээр итгэж баялгаа, боломжоо, цаг хугацаагаа дээрэмдүүлэн алдаж, хохирсон баримт, эмгэнэл юм. Гэвч ардчилсан үзэл санаа, шударга ёсыг эрхэмлэх зан суртахуун, хууль дээдлэх, сахих хүмүүжил, эрмэлзэл, энэ бүхний төлөө тэмцэх ухамсар, зоригоор нь жирийн хүмүүс, хот хөдөөгийн хүн ам, залуус цэнэглэгдэн, улам бүр идэвхижиж байгаа нь том ололт, амжилт мөн болно.
Монгол дахь ардчилал бол Ардчилсан нам биш, харин ардчилсан үзэл, ухамсар бүхий жирийн иргэд, ард түмэн юм. Ингэхлээр Монголд ардчилал оршин, хөгжин, дэвшиж байна. Ардчилсан намын тухайд бол энэ нам хэд ч бутарч, тарж, хэд ч байгуулагдаж болно. Энэ бол уг намын өөрийнх нь дотоод асуудал. Чанар, төлөвшлийн асуудал.
Ардчилсан эрх, эрх чөлөөг эдлэх, хуулийн шаардлагыг биелүүлж амьдрахад хувь хүн зохих үнэн мэдээллээр хангагдсан, бас зохих түвшний боловсролтой байх ёстой. Хувь хүний эдлэх ёстой төрөлх эрх, дээр нь тухайн орны хуулиудын дагуу эдлэх боломжтой эрхүүдийг мэддэг байх учиртай. Өөрийн эрх, эрх чөлөө нь бусад иргэдийн эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдаж байдгийг ойлгож, бусдад саад болохгүй байх, бусдад хор хүргэхгүй амьдрах ёстой. Ойрын өдрүүдэд ковид19-ийн халдвар авсан хүмүүсийн дунд 25-49 насныхны тоо бараг хоног бүрд 1400 орчим байв. Энэ насныхан халдвар их авч, бас их тарааж байна гэсэн үг. Гэтэл тэдний олонхи нь вакцин хийлгээгүй ажээ. “Халдвар авна, халдварыг гэргий (магадгүй жирэмсэн), нялх хүүхдүүд, эцэг эх, өвөө эмээ нартаа тараана” гэж тэд яагаад айхгүй, бодохгүй байна вэ? Жирэмсэн эхчүүд, хүүхдүүд, өвөө эмээ нарын өвчин, үхлийн шалтгаан болж байгаагаа энэ насныхан (25-49) ойлгомоор доо?! Зарим хүний дүгнэж байгаагаар бол энэ насныхан фейсбүүкийн уншигчид, утсаа маажигсад, тэндээс эндүү ташаа мэдээ авагсад ажээ. Гэтэл яг л үнэн зөв, мэдээллийг төр засгаас өгсөөр байгаа шүү дээ? Дэлхий даяараа л вакцин хийлгэж байгаа.
Өөр нэг жишээ. Иргэд машин жолоодох эрхтэй. Гэхдээ хотын дүрмийг чанд биелүүлэх үүрэгтэй. Дүрэм зөрчсөн бол торгох, зэмлэх ёстой. Дүрэм зөрчигчдийг өршөөж байгаа нь “Ноцтой осол хийтлээ дүрэм зөрчөөд, урсгал сөрөөд давхиад бай” гэж турхирахтай агаар нэг юм. Зэмлэл, торгуулийг ядаж 50 хувь эдлүүлэх юмсан. Зөрчигчид сургамж аваг! Энэчлэн бодох, тооцох, биелүүлэх, хэрэгжүүлэх зүйл их байна аа, залуусаа! “Ардчиллын алтан хараацай” нарт, мөн бусад овсгоотонгуудад анхааруулахад “Ард түмэн минь цуглаан хий, жагсацгаа, санал бодлоо чөлөөтэй илэрхийлцгээ, хэвлэн нийтлэх эрхээ эдэлцгээ!” гэж аман дээрээ уриалаад, ар хударгаар нь ард түмний хөрөнгө баялгийг элдэв арга, заль мэхээр луйвардан авч хүн амынхаа 30 гаруй хувийг ядууруулж, мөн 30 гаруй хувийг нь зээлийн өндөр хүүгээр мөлжихөө болих, зогсоох цаг ирчихээд байна шүү. Үүнийг эс тооцвоос хэн, хэрхэн хохирохыг өөрсөд дээрээ тусгаж бодоорой. Муу, сайн бүх юм хэмжээтэй, өөрийн гэсэн настай, аюулгүйн түвшинтэй байдаг юм. 1998-2021 оны хооронд Монгол дахь ардчилал зөвхөн, ганцхүү монголын ард түмний ухамсар, оюун санаанд л тархаж, бэхжиж, хөгжжээ. Ардчилсан намын дотоод амьдрал, удирдах бүлэглэл, олон фракцид нь ардчилал биш харин авилга, шунал, луйвар л хөгжжээ. Иймийн учир “Ардчиллын алтан хараацай” хэмээгсэд өнөөдөр Монгол дахь ардчилалд булшны нүх ухацгааж байна. Гэхдээ “Ардуудын ардчилал” тэр нүхэнд унах биш, “Алтан хараацайнууд” өөрсдөө тэр нүхэнд унах болно. Ард түмэн тэр нүхэнд атга шороо ч хийхгүй, бас хөшөө чулуу ч тавихгүй л болов уу...
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл (0)