Х.Мөнхбаатар: Наадам бол үндэсний баяр төдийгүй тусгаар улсын ард түмний их цэнгэл юм

Олон мянган жилийн түүхийн улбаатай монгол түмний их цэнгэл баяр наадмыг энэ онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас нэгэн жилээр хойшлуулсан нь ард нийтийн дунд асар их дуулиан болж байна. Үүнтэй холбогдуулан зөвхөн монгол наадмаар судалгаа хийж, эрдмийн зэрэг цол хамгаалсан түүхч, түүхийн ухааны доктор (Ph.D) Х.МӨНХБААТАРТАЙ ярилцлаа.

-Үндэстэн болгон өөр өөрийн өвөрмөц онцлогийг хадгалсан баяр наадамтай байдаг. Монголчууд бидний хувьд энэ нь эрийн гурван наадам. Тэгэхээр наадам гэдгийг хэрхэн ойлговол зохилтой вэ. Энэ талаар судлаач түүхч хүний хувьд үзэл бодлоо хуваалцана уу?

-Монголчууд бид олон мянган жилийн уламжлалт нүүдлийн мал аж ахуйтай улс. Үүнийг сүүлийн үеийн археологи, антропологийн шинжлэх ухааны нарийвчилсан судалгаа, эртний олдворын шинжилгээнд тулгуурлан тогтоовол 5000 орчим жилийн түүх угшил байна гэж үздэг болсон. Энэ хэрээр монголчуудын наадмын түүх яригдана. Учир нь, наадам бол нүүдлийн бэлчээрийн аж ахуй эрхэлж байсан монголчуудын баяр цэнгэл юм. Хүн төрөлхтний доторх олон үндэстэн ястан өөрийн эрхэлж буй аж ахуйтайгаа холбогдсон баяр цэнгэлээ ихэвчлэн хамгийн тааламжтай цаг, амьдрал аж байдал нь тэгширсэн үедээ үндэсний онцлогийг тусгасан уламжлалтай л даа. Жишээ нь, япончууд цагаан будааны ургацын баяраа тэмдэглэдэг гэдэг ч юм уу. Үүнтэй адил монголчуудын хамгийн их сэтгэл тэнийж, баяр хөөрөөр бялхаж, мал сүргийнхээ ашиг шимийг хүртдэг улирал нь зун цаг байдаг. Түүнтэй уялдаад тэр сайхан цагийг авчирч, хур бороо хайрласан хангай дэлхий, лус савдагтаа талархсан сэтгэлээ илэрхийлж тахилга тайлгаа хийдэг байж. Өвлийн хүйтэн, хаврын хахир хавсаргыг даван туулах гэж зүтгэсэн малчин түмэн энэ үед сэтгэл сэргэж, малын зоо тэнийснээр олноороо цугларч наадаж наргих боломж олддог. Өмнөх олон мянган жилийн турш тасралтгүй явж ирсэн уламжлалт зан заншил талаас нь авч үзвэл наадам гэдэг олны баяр бахдал иймэрхүү дүр төрхтэй байжээ. Энэ байдал ардын аман зохиолд ч тусгалаа олж “хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи ууж” гэж олонтаа гардаг.

-Харин энэ удаа дэлхий нийтийг хамарсан “COVID-19” хэмээх вирусийн цар тахлын улмаас баяр наадмаа бүтэн жилээр хойшлуулчихлаа. Тэр тухайд та судлаачийн хувьд ямар байр суурьтай байна вэ. Ер нь ингэж төрт ёсны баяраа хойшлуулж юм уу, тасалдуулж байсан явдал бий юү?

-Энэ асуудалтай холбогдуулан иргэд, олон нийт янз бүрийн л байр суурь илэрхийлж байна. Гэвч энд хэн нэгнийг сайн эсвэл муу гэж хэлж дүгнэх боломжгүй юм. Зөвхөн Монгол Улсыг төдийгүй дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ хүнд цаг үед төр, засгаас гаргасан шийдвэрийг хүндэтгэх л ёстой. Үүнтэй холбогдуулан 1920 онд Хятадын Цэргийн эрхтэн Сю Шүжан 10 засгийн наадмыг тасалдуулж байсан тухай зарим нэг хүн ярьсан байна билээ. Үнэндээ тийм юм болоогүйг түүхийн эх сурвалжид тэмдэглэсэн нь бий. Тухайн үед Хан Хэнтийн Бурхан Халдун уул, Богд хан уулаа тахиад багахан хэмжээний буюу 10 засгийн наадам хийдэг байж. Үүнийг Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний дараа жилээс төрийн наадам болгосныг 1920 онд Хятадын цэргийн эрхтнүүдийн оролцоотойгоор арай өөр утга агуулгатай болгох гэж оролдсон ч яг тасалдуулчихсан юм бол байхгүй.

-Та монгол наадмаар дагнаж, 10-аад жил судалгаа хийсний дээр эрдмийн цол зэрэг хамгаалсан хүн. Судалгаагаараа монгол наадмыг хөгжлийнх нь хувьд хэд хэдэн үе болгон ангилж үзсэн юм билээ. Энэ талаар танилцуулбал сонин байх болов уу?

-Хөгжлийн үндсэн дөрвөн үе байна уу гэж тооцсон. Тухайлбал, эртний үеэс Хүннү гүрэн байгуулагдах үе буюу одоогоос 2200 гаруй жилийн өмнөх цаг хугацааг авч үзэж болох юм. Дараа нь Хүннүгийн төрт улс байгуулагдаад 1700-гаад оныг хүртэл хамрах үе. Улмаар Даншиг наадам буюу шашин төрийн утга холилдсон баяр цэнгэлийн үе буюу 1911 оны хүртэлх наадам байж болохоор шиг. Сүүлийнх нь Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялалтад хүрч наадсанаас хойш өнөөг хүртэлх үеийн цэнгэл баярыг хамааруулж байгаа юм. Энэ наадам маань дотроо Улсын баяр буюу тусгаар тогтнолын, нөгөөх нь улсын наадам гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй гэж ойлгож болно. Монголын шинэ түүхт буюу 1911-1930 оны баяр наадмыг үүнд хамааруулж болох юм. Харин 1931-1954 онд эхний өдөр нь улсын баяр, дараах өдөр нь улсын наадам болдог байж. Түүнээс хойш улсын баяр, наадмаа хамтатган тэмдэглэж иржээ. 1921 оны зуны дунд сарын шинийн 6 буюу аргын тооллоор долоодугаар сарын 11-нд Богдыг хэмжээт эрхт хаанд өргөмжлөн, төрийн хууль эрхийг Ардын засгийн газарт шилжүүлэн авсан нь төрт ёсноос гадна нийгмийн хөгжлийн томоохон өөрчлөлт шинэчлэл болсон гэж үзэж болох юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хамжлагат ёсноос иргэний нийгмийн байгуулалд шилжсэн хэрэг. Үүнтэй холбогдуулан 1922 онд Улс баяр, наадмын дүрмийг тусгайлан гаргажээ. Уг дүрэмд зааснаар баяр, наадмыг гурван өдөр тэмдэглэхдээ эхний өдөр Богд хаандаа хүндэтгэл үзүүлж, төрийн ёслол хийх, дараа нь Зөвлөлт маягийн баяр буюу индрийн хурал, жагсаал цуглаан, уриа лоозон болох бол гурав дахь өдөр нь цэргийн жагсаал, үзүүлэх сургууль зэргээр олны сэтгэлийг баясгахаар заасан байжээ. Түүний дараа жил нь баяр, наадмын өдрийн нэгийг нь хасаж журамласан байна. 1924 оны тавдугаар сард VIII Богд хаан нас барснаар баяр, наадмын үеэр илүү дутуу хүндэтгэлийн арга хэмжээг шашны зүгээс зохион байгуулах шаардлагагүй болсноор цэргийн наадмыг нэгтгээд Улсын наадмыг хийдэг болсон байх юм. Бөхийн улсын цол ч 1925 оны наадмаас эхлэлтэй гэж үздэг.

-Ардын хувьсгалын их баяр наадам гэдэг нэр томъёог хэдийнээс хэрэглэж эхэлсэн юм бол?

-1954 онд Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, долоодугаар сарын 11, 12-ныг бүх нийтийн амралтын өдөр болгох заалтыг оруулснаас хойш Ардын хувьсгалын баяр наадмын түүх эхэлдэг. Улмаар 1990 оны нийгмийн ардчилсан хувьсгалаас хойш баяр наадам маань үндэсний шинж чанараа хадгалж, утга агуулга нь баяжиж байна. 1990 онд “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойг тэмдэглэж, 1992, 2002 онд эзэн Чингис хааны мэндэлсний 830, 840 жилийн ой, 1996, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 790, 800 жилийн ойг тэмдэглэж байлаа. Улмаар 2006 оноос хойш Их Монгол Улс байгуулагдсаны ойг Ардын Хувьсгалын баяр наадамтай хамтатган тэмдэглэдэг боллоо. 2011 онд Хүннү гүрнийг байгуулсны их ой тохиосныг улс орон даяар тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч, 2013 оноос Тулгар төрийг байгуулсны ойг тэмдэглэж байна. Цаашдаа 1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөр тусгаар тогтносон болон ардчилсан хувьсгалын ойг ч хамтатгах ёстой. Энэ нь Монгол Улс 2000 гаруй жилийн төрт ёсны түүхтэй юм гэдгийг бататган харуулах учиртай.

-Монголчууд бид дэлхийд ганц наадам гэж омогшдог. Үүний цаад утга учир нь юундаа байдаг юм бэ. Үнэхээр дэлхийд ганцхан наадамтай улс мөн үү?

-Өнөөдөр дэлхий дээр байгаа монгол угсаатан болгон өөр өөрийн онцлогтойгоор наадаж л байдаг. Өвөрмонголд Шинжаан уйгарууд, Хөх нуурын дээд монголчууд, Халимаг, Тувачууд наадаж байна уу гэвэл наадаж л байгаа. Гэхдээ л монголчууд бид дэлхийд ганц наадамтай гэж омогших онцлог бий. Тусгаар тогтнолын баяр болон наадмаа нэгтгэн тэмдэглэдэг ганцхан үндэстэн нь бид. Олон улсад National Day буюу бусдын эрхшээлд байснаа тусгаар улс болсон баяр бол үндэстэн бүхэнд байдаг. Бидний хувьд улс гэрээ өөрсдөө байгуулаад хожим тусгаар болсноо хамтатган тэмдэглэдэг улс нэг ч байхгүй. Нөгөө талаар энэ баяр цэнгэл дээрээ үндэсний өв соёл, уламжлалынхаа бүх охийг дээдлэн гаргадаг улс бас л үгүй. Ийм баярыг дэлхийн өөр ямар ч улс оронд үзэхгүй. Товчхондоо, наадам гэдэг бол хэдэн арван бөх цолны төлөө хийж байгаа барилдаан, хэдэн зуун морьд айраг түрүү авах гэж уралдаж буй зүгээр нэг найр цэнгэл биш.

Энэ бол олон мянган жилийн төрт ёсны уламжлалтай монгол түмний соёл урлаг, зан заншлын илэрхийлэл болсон их түүхийн үргэлжлэл, Монгол Улс дэлхийн дайдад оршин байгаа, цаашид ч байхын бэлгэдэл болж, туурга тусгаар улсаа даян дэлхийд тунхаглаж буй их баяр наадам гэж ойлгох хэрэгтэй.

 

Д.МӨНХЖАРГАЛ

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)