Б.Баатар: “Би Монгол хүн” теле концертын тухайд...
- 2021-07-17
- Нийтлэл
- 1
Баяр наадмын өдөр гарсан “Би Монгол хүн” теле концертын тухайд миний бие ямар нэгэн тайлбар хэлэхийг илүүц гэж үзсэн боловч нэр бүхий хүмүүс худал сөрөг мэдээллийг намайг гутаах явцуу ашиг сонирхлын зорилготойгоор цацахдаа теле концертод оролцсон уран бүтээлчдийн хөдөлмөр зүтгэл, нэр төр, мэргэжлийн бахархалд халдаж эхэлсэн учир уран бүтээлчдээ хүндэтгэж бодит байдлыг эрүүл ухаанаар дүгнэдэг, тэнцвэртэй мэдээллийг шаарддаг нийтдээ зориулж доорх хэдэн зүйлсийг бичлээ. Нэгэн авьяаслаг найруулагч намайг Монгол банхар шиг гэсэн байсан.
Тиймээс ганц хоёр болгоё доо. Юуны өмнө теле концертыг Төрийн Наадмын нээлт мэт хийж, наадам хойшлоогүй мэт сэтгэгдлийг төрүүлж чадсан жинхэнэ эх оронч, авьяаслаг уран бүтээлчид дээ баярлалаа. Цаг үеийн нөхцөл байдлаас болоод уран бүтээлчид бид гэнэтийн шийдвэрүүдэд зохицон ажиллаж, хүнд цагт маш богино хугацаанд Монгол түмэндээ баяр наадмын өдрүүдэд сэтгэл зоригийг нь сэргээх уран бүтээл үзүүлэхийг хичээсэн.
Өгөгдсөн цаг хугацааны боломжийн хувьд: 6-р сарын 23-ны өдөр Хүй долоон худагт буй Наадам зохион байгуулах газар дээрээ Наадмын комисс хуралдаж, наадмын нээлтийн талаар хэлэлцэж шийдвэрлэсэн. 6-р сарын 25-ны өдөр Хүй долоон худагт тайз чимэглэлийн бүтээн байгуулалт эхэлсэн. 6-р сарын 27, 28-ны өдрүүдэд бороо орсон тул зурагт авалт хийгдээгүй. 6-р сарын 29, 30-ны өдрүүдэд бороо их орсон тул хагас дутуу зураг авалт хийгдсэн. 7-р сарын 1-ний өдрөөс бүтэн зураг авалт эхэлсэн. 7-р сарын 7-ны өдөр зураг авалт дуусаж, кэмп буусан. 7-р сарын 8-ны өдөр деталь зураг авалт хийж, 16:00 цагт Хэрогийн баг Улаанбаатарт ирсэн. 7-р сарын 11-ний өдөр концерт эфирт гарсан. Өмнөх жилүүдэд 2 сарын хугацаанд бэлддэг хэмжээний ажлыг энэ жилийн бүтээлчдийн баг нийт 19 хоногт хийж гүйцэтгэсэн. Өдөрт 18 цаг ажиллаж, 6 цаг амарсан гэж тооцвол 324 цаг ажиллажээ. Эхнээсээ наадмын нээлтийн зураг авалт авагдаж байтал 7-р сарын 2-ны өдөр наадмыг 1 жилээр хойшлуулах Засгийн газрын шийдвэр гарсан тул наадмын нээлт биш, харин баярын концерт болгон хөтөлбөрөө үндсэндээ өөрчилсөн.
Концертын ерөнхий тавилт нь алдарт зураач Марзан хэмээх Балдуугийн Шарав гуайн “Монголын нэг өдөр” хэмээх гайхамшигт зургийн концепц. Тэр утгаараа нүүдэлчдийн өдөр тутмын бүхий л амьдралын хэв маягийг тусгахыг хичээсэн болно. Би өөрөө Хэнтийн Буриадууд дунд өсөж хүмүүжсэн, Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт Төрийн соёрхолт Даши Намдаков, Дашийн Бямбасүрэн баавай, Улсын баатар Эрдэнийн Бат-Үүл зэрэг буриад зоны төлөөлөл эрхмүүд оролцсон тул Буриад зон олонд маш хүндэтгэлтэй ханддаг, тэдний соёл түүхийг мэддэг. Теле концертыг маш богино хугацаанд хийсний зэрэгцээ хувцас хэрэглэлийн төсөв байхгүй байсан учир дүрслэл, хувцас, костюм давтагдахаас аргагүй байдалд хүрсэн болно.
Мөн энэ жил батлагдсан төсөв нь нийт уран бүтээлчдийн цалин, шагнал, хоол, тайзны засал чимэглэл ба бусад зардалд зарцуулагдсан. Концертод оролцсон уран бүтээлч 800, тээвэр, хангамж, хоол, аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм сахиулах ба эмнэлгийн тусламж үзүүлэх ажилтан 550, нийт 1351 хүн оролцсон болно. Хэро энертайнментийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газарт ажилладаг тул 2020, 2021 оны наадмуудад Баатар миний бие үнэ төлбөргүй ажилласан болохыг хариуцлагатай мэдэгдье. Миний бие тус концертын найруулагчийн хувьд зарим шүүмжлэлд хэдэн үг дайя.
Энэ жил миний найруулсан концерт нь наадмын нээлт биш, теле концерт байсныг болон наадам хойшилсныг тодруулж мэдсэнийхээ дараа зарим судлаачид наадмын хүндэтгэлийн ёс жаягийг нэхэх хэрэгтэй байсан болов уу. Нэгэн наадмын нээлтийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Есөн хөлт цагаан тугийг тойрч дэвж байхад төрийн наадмын жаяг ёс алдагдсаныг судлаач та бүхэн шүүмжилсэн үү? Наадмын нээлт бол Төрийн ёслол хүндэтгэлийн бүхий л журам дэгээр зохицуулагддаг, Монголчууд төдийгүй дэлхий нийт анхааран хардаг ёслол.
Наадмын нээлтийн үеэр төрийн шүтээн Есөн хөлт цагаан тугийг тойрч дэвж явсан, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Төрийн тэргүүний суудалд заларч асан нэгэн Үндэсний их баяр наадмыг тасалдуулах, харлуулах бүх зүйлд оролцож, ард түмнээ талцуулж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй! Би уран бүтээлчийн ёс зүй, авьяас, гүйцэтгэлийн ур чадвар гурвыг ямагт хүндэтгэдэг. Бидний бүхнээс эрхэмлэн дээдлэх учиртай Монгол үндэстний дархлаа болсон ёс заншлууд маань, улс төрийн намын 100 жил, өнө эртний уламжлалтай Монгол наадам хоёроо ялгадаггүй сошиалаар хийрхэгчдийн амны бай болж байгаад харамсаж байна.
Мөн төрт ёсны хүндэтгэлт Монгол наадмын уламжлалыг бусниулан дэвж сагсалзаж явсан зарим хүмүүс ч нас намбаа мартаж, ёс уламжлалаа дээдэлдэг монгол түмний буянаар төдий зэрэгт хүрснээ үл хүндэтгэж, учир мэдэхгүй залуусыг турхирч байгаа нь бүр ч эмгэнэл юм. Улс үндэстэн бүр өөр өөрийн өвөрмөц түүх, соёл, ёс заншил, үндэсний сэтгэлгээгээ илэрхийлсэн уламжлалт үндэсний баяртай байдаг. Үндэсний их баяр наадам бол Монголчууд бидний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэдэл, үндэстний сэтгэлгээ, өв соёл, үнэт зүйлсийн илэрхийлэл. Энэ цаг үед Монголчууд бид, ялангуяа уран бүтээлчид бид үндэстний дархлаагаа хамгаалах их сорилтын цаг үетэй нүүр тулснаа хүлээн зөвшөөрч, бидний уран бүтээл энэ зорилгод чиглэх ёстой гэж боддог. Монголын нууц товчоонд өгүүлснээр Монголын жаргалан нь бүжиг хурим бүлгээ.
Хорхунуг Жубурын хөндийд хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлцөртөл дэвслэн бүжиглэв хэмээн өгүүлсэн байдаг нь яавч гансарсан гиюүрсэн сажилсан аялгуу байхгүй, харин ч морин дэл дээр салхи дарцаглан хурдалдаг Монголчууд эрч хүч, цоглог, хурдан хэмнэлд цэнгэн нааддаг байсан нь тодорхой биз! Хуурын татлага, Уртын дууны шуранхай! Товшуурын аялгуу, Зурхайгаас гарах морьдын төвөргөөн мэт Монгол бүжгийн хэмнэлд Монголчууд “Сэрсэн тал” мэт гүн нойрноос сэрж, шинэ цаг үед хөгжил дэвшлийн амин хүч нь болоосой гэдэг санааг миний бие өнгөрсөн жилийн наадмын нээлт болон энэ жилийн концертод шингээхийг хичээсэн. Бид бэртэгчин гүн нойронд автаж ханалаа.
Монгол Улс ашид батжиж, Монгол наадмын хэлхээ үүрд тасаршгүй үргэлжлэх болтугай. Жич: Мэргэн үзэгч таны сэтгэл оюуныг чилээсэн хэсгүүд засварлагдан удахгүй хүрэх болно !!
Сэтгэгдэл (1)
Зочин (124.158.65.12)
Baatar gedeg hun! Tur vuh ard tumbi gart gedgiig mededgui um bna!Turd zalarch bsn hen negn gedg ni!Battulga Erunhilugchig hej bna! Ene hun ajil alva hij vhda ch! ard tumnig turhirch baigaagui gedgig ard tumen bugd medne! Ard tumen! Garsn zardluud! Togloltin chanarin talar l setgegdlude bichij ehelsn! Ard tumen! Ene togloltin sain muuf dugneh chadwartai volson! ОУ-ынhemjeeni uzulverudig! Medeleludes awad barag 100 jil bolj bna! Ard tumen hen negner zaalgalgui dugnektee ugsn! Mongolin ard tumen dotor! Urlag soelin uzuulverudig dugneed helj chadah chadwartai humus ij olon baigaa um bna lee!