Хүнд туслах, хүнийг баярлуулахаас илүү буян гэж байхгүй

Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд гэж ярьдаг даа. Энэ нь хүн хүнтэйгээ, нийгэмтэйгээ харилцаж байж сая амьдарна гэсэн үг. Тэр дундаа монгол хүн бие биедээ байнга тус дэм болж айл саахалтаараа, хамт олноороо хэн нэгнийгээ өөд татаж явдаг сайхан зан уламжлал, ёсзүйтэй. Харин сүүлийн үед энэхүү амьдралын сайхан хэв шинж, ёс уламжпал бараг алдагдахад хүрээд байна. Хэдийгээр зах зээлд шилжиж ахуй амьдрал, ажил төрөл, эдийн засаг, үнэ мөнгөөр хэмжигдэж байгаа ч нийгэм нь, хүн нь монгол хэвээрээ байгаа учир хүн хүнээ түшиж амьдрах тэр бичигдээгүй хууль, ёс уламжлал эвдэгдэх ёсгүй.

Хүнд туслах гэдгийг хүмүүс үнэ өртөг, өглөг буян юм шиг буруу ойлгоод байх юм. Хүнд туслах нь үг хэлээр, үйл ажлаараа, санаа сэтгэлээрээ, арга туршлага, амьдралын сайн нөлөөгөөрөө гээд ямар ч байдлаар тусалж болно.

 

Хүнийг зовсон зүдэрсэн үед юм уу, буруу зөрүү үйлдэлд орсон хүнд цаг үед нь тааламжтай зөөлөн үгээр зөвлөн туслаж, алдаа эндэгдлийг нь нүүрэн дээр нь хэлж алдаагаа засах замыг нь зааж өгвөл тэр хүн ухаантай л бол ойлгоно, баярлана.

 

 

 

Нэг ёсондоо ухааруулан, гэгээрүүлэн, сэнхрүүлэх арга юм даа. Энд ахмадууд, аав, ээж, ах, дүү нар, багш сурган хүмүүжүүлэгчид, төр засаг, ОНБ-ын дарга, удирдах ажилтан бүр анхаарууштай төдийгүй ухуулга, сурталчилгаа, лекц яриа одоо хэр орхигдооод байгаад дүгнэлт хийх хэрэгтэй байна. Дээхэн үед хууль цагдаа, шүүх прокурорынхан, нам, үйлдвэрчний эвлэл, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллага хүүхэд залуус тэр дундаа хэрэг төвөг, алдаа дутагдалд автаж болзошгүй хүмүүст анхааруулга ухуулга яриаг их хийж туслаж байлаа. Хүн хэдий сайн ч хэлэхээс, цаас хэдий нимгэн ч чичихээс гэж хүнд хэлэх ярих үг оновчтой л байвал ойлгож, ухаарч 

-Тэр надад тус боллоо гэж мэддэг сайн талтай. Хүн амархан баярладаг бас амархан гомддог сэтгэл зүйн онцлогтой бодьгал юм. Баярлаж гомдсондоо сэтгэл нь баясна эсхүл гонсойно. Иймд хүний сэтгэлийг баярлуулах сайн тусыг хийвээс энэ нь үйл ажлаараа үзүүлэх үлгэр жишээ юм. Сайн ажилтай, сайхан сэтгэлтэй хүн л хүнд тусалж чаддаг. Үнэн санаанаасаа өртөг боддоггүй буян бодож тусалдаг байх нь чухал. Ялангуяа хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өвдөж зовсон, энэлж шаналсан хэнд боловч үгээрээ, үйл ажлаараа хүн бүр л тусалж байвал тэр хүмүүс баяртай байна, сэтгэлд нь дулаан бүлээн уур амьсгал бий болно. Авч яваа юмнаас дамнаад хүргэлцээд өгөх, очер дугаараа олгоод өгөх, будилж мунгинаад байхад нь хэлээд заагаад өгөх, унаанд орох гарахад нь түшээд буулгаад өгөх, алив зүйл хүсээд ирвэл аль болохоор бүтээгээд өгвөл үнэхээр их тус тэр юм. Дэлгүүрт ороод юм асуухад бохь зажилсан худалдагч, эмнэлэг үйлчилгээнд очиход дуугарч ядсан, хэг ёг гэж харилцсан хүмүүс таарвал хэний ч сэтгэл гомдож гонсойно шүү дээ. Тийм хүмүүс бол хүнд туслах ёс зүйг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй тэр хэмжээгээрээ байгууллага хамт олныхоо нэр нүүрийг барж байгаа хүмүүс юм.

Хүнд туслахад хүний өөр хоорондын харилцаа, ёс зүйн журам горим онцгой нөлөөтэй. Үйлчлэгч, үйлчлүүлэгч аль нь ч эвтэй найртай, зөв зөөлөн харилцахаас хүндлэл хүлээх, тус хүртээхэд хүргэнэ. Ямар ч үйл ажил, үйлчилгээ мэндпэх, хүндлэхээс эхэлдэг. Хэчнээн завгүй байлаа ч мэнд мэдэх, хариу мэндлэх нь ажилд нэг их саад болоод байхгүй зүйл шүү дээ. Ялангуяа өдөр тутамд олон хүнтэй байнга харилцаж байдаг төр захиргаа, банк, эмнэлэг, худалдаа, нийтийн хоолны газруудад хүнд туслах, хүнээс тус авах хэцүү л дээ. Гэхдээ үнэн сэтгэлээсээ ажлаа хийдэг, мэддэг, зан харилцаа, ёс уламжлалд суралцсан хүмүүст бол ердийн л ажлын өдрүүд өнгөрч хэн хэндээ баяр баясгалан болоод л хоцордог.

 

Хүний арга эвийг олж харилцана гэдэг бас их соёл, эв дүй юм. Үүнийг “манж зан” гэж үзэж болохгүй. “Манж зан”-д ч бас авах юм их бий. Тухайлбал хэзээ ч уур унтуугүй, үглэж хараалгүй, яарч бухимдалгүй нүүрний баясгалангаар, нүдний харцаар хүнийг хөдөлгөж чаддаг түүгээрээ “эргэх холбоо"-г бий болгодог онцлог юм.

 

Үүн дээр үнэн сэтгэлээрээ хүнд туслах юмсан гэсэн өртөг боддоггүй сайхан чанарыг нэмбэл туслалцаа болж “Хүнд тусалбал өөрт тус”, “тусыг тусаар” гэсэн зарчим бий болно. Ямар ч хүн надад төр засаг минь тусална, эмч, багш нар, эгч дүүс, элгэн садан, хамт олон, найз нөхөд минь тусална, тэр тус дэмийн хариуг би ажил хөдөлмөрийн амжилт бүтээлээр, амьдралынхаа баяр баясгалангаар хариу барина даа гэж бодож байдаг. Шашин бурхны ёсонд ч, нам төрийн бодлогод ч ном зохиолын зорилгод ч хүнд тусалж, хүнийг баярлуулахаас илүү буян байдаггүй гэсэн тэр сайхан үзэл бодол, үйл хэрэг биелэж байвал амьдралын аз жаргал, сэтгэл санааны ариусал юм даа.

 

 

З.ЦЭВЭЭНРАВДАН /Профессор багш/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)