Коронавирусийн үүслийг улс төржүүлэхийг эсэргүүцэв

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга Бээжинг мөрдөн байцаалтын дараагийн шатанд хамтран ажиллахыг уриалсны дараа БНХАУ коронавирусийн гарал үүслийг судлахаа мэдэгдсэн. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян ээлжит мэдээллийн үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесусын тавьсан саналыг эрх баригчид зөвлөлдөн шийдвэрлэх ёстой гэсэн юм. Тэрбээр “Хятадын тал Тедрос болон нарийн бичгийн дарга нарын газрын хийсэн төлөвлөгөөний төслийг тэмдэглэж, судалж байна. Гарал үүслийг мөрдөх нь шинжлэх ухааны асуудал. Талууд эрдэмтдийн саналыг хүндэтгэж, гарал үүслийг улс төржүүлэхээс татгалзах ёстой. Хятадын хамтын ажиллагааг дутуу үнэлэх хэрэггүй. ДЭМБ-ын төлөөлөгчдөд холбогдох өгөгдөл, Уханийн лаборатори зэрэг олон байгууламжид нэвтрэх эрх олгосон.

Шинжээчдийн багийн хүссэн анхан шатны мэдээллийг үзүүлсэн. Мэргэжилтнүүд хувийн нууцтай холбоотой зарим мэдээллийг хуулбарлах, авах боломжгүй гэдгийг бүрэн ойлгосон” хэмээлээ. АНУ тэргүүтэй орнууд Хятадыг буруутгах кампанит ажлын нэг хэсэг болгон дөрвөн сая гаруй хүний аминд хүрсэн цар тахлын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн гэж Бээжин үздэг. БНХАУ анхны мэдэгдэж буй голомтын ойролцоох өндөр хамгаалалттай байгууламж болох Уханийн вирус судлалын хүрээлэнгээс коронавирус тархсан эсэхийг үргэлжлүүлэн шалгахаас татгалзсан. ДЭМБ-ын дарга Ухань хотод анх бүртгэгдсэн коронавирусийн дэгдэлтийн талаар Бээжинг илүү нээлттэй хандахыг шаардсан юм. БНХАУын эрдэмтдийг багтаасан ДЭМБтай хамтран зохион байгуулсан шалгалтаар вирус сарьсан багваахайнаас өөр амьтнаар дамжин хүнд тархсан болохыг тогтоожээ. Лабораториас тархах магадлал тун бага гэж таамагласан ч Тедрос нэмэлт мөрдөн байцаалт явуулахыг хүсжээ. Тедрос “Эрдэмтэд 2019 оны сүүлээр халдвар, болзошгүй тохиолдлын талаар хангалтгүй мэдээлэлтэй байна. Бид БНХАУ-аас ил тод, нээлттэй байж, хамтран ажиллахыг хүссэн. Бид зовж шаналж, нас барсан сая сая хүний өмнөөс шалтгааныг тогтоох ёстой. Үүний тулд хамтын ажиллагаагаа бэхжүүлцгээе” гээд ДЭМБ гишүүн орнуудтай гарал үүслийн хоёр дахь шатны судалгааны талаар ярилцахаа илэрхийлжээ.

КОВИДЫН АЮУЛТАЙ ХУВИЛБАРУУД ТАРХАНА

ДЭМБ-ын шинжээчдийн мөрдөн байцаалтын эхний шат өнгөрсөн хоёрдугаар сард дууссан. Эхний мөрдөн шалгалтын үеэр Хятад улс ДЭМБын тусгай багт Уханьд нас барсан иргэдийн задлан шинжилгээний мэдээллийг хуваалцаагүй гэж доктор Тедрос шүүмжлэлттэй хандсан ажээ. Тэрбээр “COVID19”ийг анх илрүүлсэн Ухань хотын захад судалгаа хийхийг уриалсан. НҮБын эрүүл мэндийн агентлаг “COVID-19”-ийн гарал үүслийг шинэ, илүү гүнзгий судлахаар шахалт үзүүлж эхэлсэн. ДЭМБаас зөвхөн хараат бус, олон улсын шинжээчдийн багийг илгээж байсан.

Хятадын вирус судлалын тэргүүлэх лабораторийн нэг болох Ухань хотын Вирус судлалын хүрээлэнгийн мэдээлэл алдагдсан тухай цуу яриа өнгөрсөн оноос эхэлсэн. Үүнийг АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп дэвэргэж байсан юм. ДЭМБ-ын Онцгой байдлын хорооноос шинэ бөгөөд илүү аюултай хувилбарууд дэлхий даяар тархах төлөвтэйг анхааруулсан. Тус хорооны дарга Дидье Хуссин “Цар тахал дуусаагүй байна. Бид энэ вирусийг бүрэн судалж амжаагүй байтал ковид хүн төрөлхтний араас элдэж байна” гэжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр Африкт эрчимт эмчилгээний ор, хүчилтөрөгчийн дутагдлаас болж нас баралт долоо хоногт 43 хувиар өссөн байна. Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон цар тахлын гарал үүслийг ил тод судлахыг уриалж, хүн төрөлхтөн хариулт авах ёстой хэмээсэн. Тэрбээр шинжлэх ухаанд суурилсан судалгаа хийхийг шинжээчдээс хүссэн байна.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)