Д.Гантулга: Арматурын өртөг орон сууцны борлуулалтын үнэд нөлөөлөх ёсгүй

Барилгын материалын үнэ сүүлийн хэдхэн сарын дотор маш их хэмжээгээр нэмэгдсэн. Энэ нь дэлхийн зах зээл дээр арматурын үнэ нэмэгдсэнтэй холбоотой хэмээн худалдаа эрхлэгчид тайлбарлаж байгаа юм. Гэтэл дээрх нөхцөл байдлаас үүдэлтэйгээр орон сууцны ам метрийн үнэ нэмэгдэх болсныг салбарын яамнаас үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ тухайд Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга тайлбар хийлээ. Тэрбээр “Барилгын материалын үнийн өсөлт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлаар энэ оны хоёрдугаар сараас эхлэн тус яамнаас Засгийн газрын хуралдаанд удаа дараа асуудлуудаа танилцуулж, холбогдох саналуудаа хүргүүлж ажилласан.

Нэг талаасаа “COVID-19”-ын дараах эдийн засгийн томоохон сорилт гэж харж байгаа. Цаашид гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээ эх орны түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэх, импортыг орлох дотоодын үйлдвэрүүдийг дэмжин ажиллах, ханган нийлүүлэлтэд анхаарч байна. Үнийн өсөлтийн асуудал нь ганц манай яамны асуудал биш Засгийн газрын түвшинд шийдвэрлэх хэд хэдэн асуудал байгаа юм. Энд зөвхөн үнийн хөөрөгдлийг анхаараад чанарын асуудлыг орхиж болохгүй. Энэ талаар барилгын материалын үйлдвэрлэгч, импортоор оруулж ирж байгаа аж ахуйн нэгж, барилгын материалын гарал үүслийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, чанарын талаарх мэдээллийг цахимжуулж иргэд, олон нийтэд ил тод болгох, хилийн боомт дээр түргэвчилсэн шинжилгээний лаборатори бий болгох талаар ажиллаж байна.

Барилга байгууламжийг бий болгох, барьж байгуулах нь хоёроос дээш жилийн үйл явц төдийгүй олон талын хамтын ажиллагаа, олон хүчин зүйлсээс хамаардаг. Барилгад хэрэглэх гол нэр төрлийн материал болох арматур, эрдэс хөвөн, хөөсөн шахмал хавтан, модон материал, металл хийц эдлэл, хуванцар цонх хаалга, бусад туслах материалын үнэ дэлхийн зах зээл дээр болон дотоодод худалдан борлуулах үнэ огцом өссөн, зарим бүтээгдэхүүний хомсдол бий болсон. Татан авалт, тээврийн үнэ өссөн зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй. Дээр дурдсан үнийн өсөлт 2022, 2023 онд илүү мэдрэгдэх бөгөөд өнөөдрийн байдлаар арматурын үнийн өсөлтөөс хамаарч үнэ өсөх нь үндэслэлгүй юм. Тэр дундаа өнөөдрийн нөхцөлд орон сууцны борлуулалтад нөлөөлөх үндэслэл байхгүй. Харин бусад материалын үнийн өсөлт, төгрөгийн ханшнаас хамааран өссөн үзүүлэлт бага хэмжээгээр нөлөөлөхөөр байна. Гэвч зарим аж ахуйн нэгж, байгууллага борлуулалтын үнээ үндэслэлгүйгээр хэт хөөрөгдсөн тохиолдол гарсан.

Аливаа бараа материал, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлд хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага нь ШӨХТГ. Тэд үнийн өсөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулах ёстой. Манай яамнаас Засгийн газрын хуралд барилгын материалын болон арматурын асуудлаар танилцуулга хийсэн. Үүний дагуу Ерөнхий сайдын захирамжаар Барилгын гол нэр төрлийн материалын үнийн өсөлтийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Сангийн сайдаар ахлуулан байгуулсан” гэлээ.

 

М.ӨНӨРӨӨ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)