Эдийн засгийн тэргүүлэх салбарууд харилцан ойлголцож, хамтран ажиллах ёстой

Манай улсын эдийн засгийн салбарт томоохон хувь нэмэр оруулж буй уул уурхайн олборлолт, ашиглалт хурдацтай хөгжиж, сүүлийн үеийн хүчин чадал өндөртэй техник, технологи, тоног төхөөрөмж ашиглахын хэрээр газар нутгийн онгон дүр төрх алдагдаж, хөрс шороо эвдэгдэж, малын бэлчээр хомсдож байгаа нь үнэн билээ. ШУА-ийн Газарзүй-геоэкэологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын эрдэмтэд 1990-2019 оны хооронд газар нутаг, экологийн тэнцвэр хэрхэн алдагдсаныг судалсан байна.

Уг судалгаанд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан 30 метрийн орон зайн нарийвчлалтай 1990 оны Ландсат 05, 2019 оны Ландсат 08 хиймэл дагуулын мэдээг ашиглажээ. Мэдээллийн үр дүнгээс харахад 30 жилийн өмнө 15 аймгийн 42 сумын 26 мянга гаруй га талбай уул уурхайн үйл ажиллагаанд өртөж байсан бол өнөөдөр бүх аймгийг хамарч, нийт 170 мянга орчим га талбай байгалийн унаган төрхөө алдаад байгаа аж. Үүнээс 140 мянга гаруй га талбайд нөхөн сэргээлт хийлгүй орхисноор уул уурхайн ашиглалт олборлолтод өртсөн сумын тоо 3.5, газрын тоо 7.1, талбайн хэмжээ 6.4 дахин нэмэгдсэн харамсалтай мэдээлэл гарчээ. “Тэдгээрийг улс, аймаг, сумын нийт талбайтай харьцуулж үзэхэд багахан тоо гардаг ч сав шим ертөнцөд үзүүлж буй хор хөнөөл нь бидний амьдралын чанарт шууд болон дам байдлаар нөлөөлж эхлэх үед л бидний ухамсарт дохио болж очдог” гэж судлаач О.Мөнхдулам онцолсон байна. Судалгаанд хамруулсан цаг хугацааны эхэн үед уул уурхайн нөлөөгөөр газар нутаг нь хамгийн их сүйдсэн аймгаар Өмнөговь, хамгийн баг өртсөнд Говьсүмбэр нэрлэгдэж байв. Энэ үед нийт 15 аймаг жагсаалтад багтаж байсан бол 1990 оноос хойш Дундговь, Говь-Алтай, Архангай, Булган, Завхан аймгууд татагдан оржээ.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс уул уурхайн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг багагүй татаж, бүх аймгийн 140 сумын нутагт харьяалагдах 1100 орчим газарт ашиглалт, олборлолт явуулж, түүхэнд байгаагүй дээд хэмжээгээр нэмэгдүүлж чадсан байдаг. Гэвч үүний цаана дахин сэргээгдэхгүй байгалийн баялаг гэж халаглахаас илүүтэй байгаль дэлхийн унаган төрх, үнэ цэн гэж юм байдгийг мартаж боломгүй. БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан 2019 оны сүүлчээр “Өглөөний сонин”-д өгсөн ярилцлагадаа, манай оронд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хангалтгүй байгааг онцолж, газрын тооллогоор 24300 гаруй га эвдэрсэн талбай тоологдсоны 9340 га-д сэргээлт хийхгүй хаягдсаныг хэлсэн байх юм. Газрын хэвлийн нөхөн сэргээлтийн эрх авсан 180 орчим компани байдаг ч ажил хийж байгаа нь ховор учраас 60 гаруй компанийн эрхийг цуцалсан байна. Гэвч байдал дээрдсэнгүй өдий хүрчээ.

Дээрх судалгаанд оролцсон судлаач М.Пүрэвсүрэнгийн санал болгож байгаагаар, байгалийн аясаар нөхөн сэргэх чадвар өндөртэй ой, ойт хээр, хээрийн бүсийн эвдэгдсэн газар нутгийг цаг алдалгүй нөхөн сэргээснээр НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, эвдрэлийг тэглэх хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, түүнд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг олон улсын төсөл хөтөлбөрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байгаа аж.

Нөгөө талаар шавхагдашгүй нөөцийн нэг боловсролын салбартаа анхаарч, мэдлэгийг баялаг болгон бүтээх талаар сүүлийн үед ярьж бичих болсонд талархалтай байгаагаа судлаач Х.Золзаяа судалгааны дүгнэлтэд илэрхийлсэн байна. Учир нь, хэдийгээр байгалийн баялаг хомс ч боловсролын салбараа өөд татаж, хөрөнгө оруулалт ихээр хийснээр улс орноо хөгжүүлж буй жишээ цөөнгүй бий. Тухайлбал, Энэтхэг улс мэдээлэл технологийн салбараа улсынхаа хөгжлийг тодорхойлох гол чиглэл болгон хөгжүүлснээр өнөөдөр эдийн засгийнхаа нийт орлогын 20 орчим хувийг энэ салбараас босгож байна.

Манай улсын хувьд бэлчээрийн мал аж ахуй гэх томоохон боломж байдаг. Энэ нь ногоон эдийн засаг, хүнсний аюулгүй байдалд чухал үүрэгтэйгээс гадна Монголын нүүдлийн соёл иргэншил, ахуй амьдралыг хадгалж буй үнэт өв, өргөн уудам газар нутгаа эзэнтэй байлгаж байгаа нөхөн сэргээгддэг байгалийн баялаг юм. Бэлчээрийн мал аж ахуйн салбарт шинжлэх ухаан, технологи, хамтын оролцоог нэгтгэсэн урт хугацааны төлөвлөгөөт зорилтыг үе шаттай хэрэгжүүлж чадсанаар энэхүү байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг хүртэх боломж нь өргөн дэлгэр хэвээр байна.

Харамсалтай нь, хариуцлагагүй уул уурхай эрхлэгчид хөрөнгө мөнгө, машин техникээр далайлган нутаг оронд нь дайран орж ирж, хөрс шороог сүйтгэж байгаагаас малчид, хайгуулч олборлогчдын хооронд үл ойлголцол бий болж, тэмцэл хөдөлгөөндөө тулах явдал сүүлийн үед цөөнгүй гарах болжээ. Тухайлбал, хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Өмнөговь аймгийн Баяндалай суманд “Монгол манганейз натурал ресурс” компани хайгуул хийсний үр дүнд манган хэмээх ховор элемент илрүүлсэн байна. Түүнийг ашиглахын тулд хүнд даацын машин тэрэг хөндлөн гулд давхилдаж, Наран багийн малчдын гэрийн хаяатай айлсан бууснаас тоосжилт, хөрсний эвдрэл, байгаль орчны доройтол нүүрлэх аюул тулгарчээ. Тиймээс нутгийн иргэн малчид уг уурхайг нээлгэхгүйн төлөө тэмцэж эхэлсэн байна. Яг иймэрхүү байдал өнгөрсөн оны хоёрдугаар сард Увс аймгийн Цагаанхайрхан суманд болж байлаа. Тэнд “Будар минералс” компани алтны хайгуул хийхээр зэхэж, нутгийн иргэдээс санал авахдаа эсэргүүцсэн хүмүүсийн тоог дэмжсэн мэтээр хуурамч тогтоол үйлдэж, сумын Засаг даргаар нь шийдвэр гаргуулсан байна.

Тиймээс сумын иргэд Засаг даргадаа хариуцлага тооцож, А лиценз олгосон Ашигт малтмал газрын тосны газар, Ерөнхий сайд болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандаж шаардлага хүргүүлсэн байдаг. Иймэрхүү байдлаар эдийн засгийн гол хөшүүрэг, суурь болдог тэргүүлэх салбарын хөдөлгөгч хүчнүүд харилцан ойлголцохгүй, хамтран ажиллахгүй бол улс орон өөдлөн дэвжинэ гэж бодоход хэцүү юм.

 

Д.МӨНХЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)