“Олимп” үзсэн хүн бүр Японы ард түмнийг биширнэ”

ТОКИО-2020

Японы нийслэл Токио хотноо зуны спортын XXXII наадам хөшгөө нээхэд ердөө хоёр хоног үлдлээ. Тэгвэл олимпын хөтөлбөрт багтсан 43 спортын төрлийн тэмцээн уралдаан өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Өнөөдөр хөлбөмбөг, софтболын тэмцээний хэсгийн тоглолт эхлэх бөгөөд уг тэмцээнийг Монголд ТВ9, “Боловсрол” суваг, “Стар” телевизээр тайлбарлагч Г.Идэр-Ууган, Б.Батзаяа нарын тайлбартайгаар хүлээн авах боломжтой юм. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуы олимпод өрсөлдөх Монголын багийн хоёрдугаар ээлж өнөөдөр 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Токио хотыг зорьж байна. Энэхүү бүрэлдэхүүнд хэвлэл мэдээллийнхнээс гадна жүдо, усанд сэлэлт, байт харваа, буудлага, ширээний теннисний тамирчид, дасгалжуулагчид, албаны зарим хүн багтсан юм. Токиогийн олимпод Монголоос 11 сэтгүүл, зураглаач, фото сурвалжлагч ажиллах ба тэд өөр өөрийн суваг, мэдээлийн хэрэгслээр үзэгч, сонсогч, уншигчдад мэдээлэл хүргэнэ. Ингээд олимпын эргэн тойронд өрнөж буй үйл явдлыг багцлан хүргэе.

АЛТАЙН НОЁН ОРГИЛУУДАД МАНДСАН ТӨРИЙН ДАЛБАА “ОЛИМПЫН ТОСГОН”-Д

Олимп бол эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Тэр ч үүднээс их олимпын өмнө хувь хүн, албан байгууллагууд дэлхийд эх орныхоо нэрийг гаргах баг тамирчдад амжилт хүсэж, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон билээ. Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр, Уулын холбооны дэд ерөнхийлөгч С.Алдархишиг нар Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг төрийн далбааны хамтаар Алтай Таван Богд уул, гурван улсын хил Найрамдал оргил (4182 м) болон Монгол, Оросын хилийн нэгдүгээр баганаар аялуулсан юм. Улмаар Алтайн ноён оргилуудад мандуулсан төрийн далбааг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамцад хүлээлгэн өгчээ. Энэхүү төрийн далбааг “Олимпын тосгон”-д байрлах Монголын багийн үндсэн штабын хойморт залах гэнэ. Үүнээс гадна Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өөрийн салбарыг төлөөлөн олимпын их наадамд оролцох гэж буй гавьяат тамирчин М.Анхцэцэг, Ө.Дүүрэнбаяр нарт хүндэтгэл үзүүлж, зорьсон тэмцээндээ хүссэн амжилтаа үзүүлэхийг ерөөжээ. М.Анхцэцэг, Ө.Дүүрэнбаяр нар нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын тамирчид юм байна.

ОЛИМПЫН ХОТХОНЫ БЯЛДАРЖУУЛАХ ТӨВ 600 ОРЧИМ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ

Дэлхийн шилдэг тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх Токиогийн олимп эхлэх мөчийг спорт сонирхогчид хуруу даран хүлээж байна. Тус олимп цар тахлын улмаас танхимын үзэгчгүйгээр зохион байгуулагдах юм. “Токио-2020” олимпын наадамд оролцох тамирчид эхнээсээ Японы нийслэл Токиод хотод очиж, тамирчдын тосгонд байрлаж эхэлсэн. “Токио-2020” олимп, паралимпын наадмын тамирчдын хотхоныг 44 га талбайд байгуулсан тухай мэдээлсэн билээ. Хэдийгээр цар тахлын дунд, үзэгчгүйгээр, тамирчид өндөр хяналт шалгалт дор олимп болох ч зохион байгуулагчид тамирчдын тав тухыг хангахын тулд онцгой анхаарал хандуулж байгаа гэнэ. Үүний нэг тод жишээ нь орон орны хоолтой ресторан, бялдаржуулах төв, амралтын цогцолбор бөгөөд эдгээр нь 24 цагийн турш ажилла аж. Бялдаржуулах төв гэхэд орчин үеийн 600 орчим тоног төхөөрөмжтэй. Халдвар хамгааллын дэглэмийн дагуу бүгд шилэн тусгаарлалттай. Дотоод журам зөрчихгүй л бол эдгээр байгууламжид тамирчид хүссэн үедээ цагаа өнгөрүүлж болно.

ХЯТАДУУД ХАМГИЙН ОЛУУЛАА

“Токио 2020” зуны олимпын наадамд БНХАУ-ын 777 хүний бүрэлдэхүүнтэй баг Японд очих нь ээ. Энэ нь Токиогийн олимпод оролцох хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй багийн нэгдүгээрт жагсах үзүүлэлт аж. Нийт 777 хүний 431 нь тамирчин юм байна. Тэгвэл 431 тамирчны 24 нь олимпын аварга, 30 нь гадаадын дасгалжуулагчтай. Хятадын тамирчид ширээний теннис, бадминтон, гимнастик, хүндийг өргөлт, буудлага зэрэг спортын төрлүүдэд уламжлал ёсоор алтан медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа тухайгаа онцолсон байна. Хятадууд медалийн тоогоороо тэргүүлэх зорилт тавьсан аж. Харин тэдний гол өрсөлдөгч болох АНУ Токио руу 613 хүний бүрэлдэхүүнтэй баг илгээж байна. “Сэм Авга”-ын нутгаас Токиог зорьж буй тамирчдын 193 нь олимпод орж байсан бол бусад нь шинэ. Энэ олон тамирчны дотор ердөө хоёрхон жүдоч багтсан нь эмэгтэйчүүдийн 52 кг-д Делгадо, +78 кг-д өрсөлдөх Нина Келли Кутро нар юм.

“ТОЁОТО МОТОР” ОЛИМПЫГ ИВЭЭН ТЭТГЭХЭЭС ТАТГАЛЗАВ

“Токио 2020” наадмын гол ивээн тэтгэгч “Тоёота Мотор” корпораци тус наадамтай холбоотой телевизийн сурталчилгааг ивээн тэтгэхээс татгалзжээ. Тус корпорацийн гүйцэтгэх захирал Тоёода Акио болон бусад удирдах албан тушаалтнууд “Токио 2020”-ийн нээлтэд оролцохгүй гэнэ. Учир нь цар тахлын тархалт ихэсч олон нийтийн зүгээс олимпийн наадмыг ихээр эсэргүүцэж байгаатай холбоотой гэж албаныхан тайлбарлажээ. Японы иргэдийн гуравны хоёр нь олимпын наадмыг “аюулгүй” зохион байгуулна гэдэгт эргэлзэж байгааг судалгаагаар тогтоосон аж. Олимпыг ивээн тэтгэх эрхийн төлөө гурван тэрбум гаруй ам.доллар төлсөн Японы 60 орчим корпораци олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсаар байна. Халдварын дэгдэлт нэмэгдэж, дөрөв дэх удаагаа онц байдал тогтоогоод буй Токио хотод олимпын наадамд оролцох хэдэн арван мянган тамирчид, албан тушаалтнууд, сэтгүүлчдийг цуглуулах нь коронавирусийн илүү аюултай хувилбарууд дэгдэх нөхцөл байдлыг бүрдүүлнэ гэж олон нийт санаа зовниж байгаа юм. Харин ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах тэмцээн эхэлж, Японы тамирчид медаль авч эхэлмэгц ард түмэн нь халуун дулаан хандана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

ТОКИОГИЙН ОЛИМПОД 142 ЛГБТК ТАМИРЧИН ОРОЛЦОНО

Хоёр хоногийн дараа эхлэх олимпод142 ЛГБТК буюу лесби, гей, бисексуал, трансжендэр, күийр, нон-байнари тамирчин оролцохоор болжээ. Энэ нь 2016 оны Риогийн олимпын наадамд оролцсон ЛГБТК тамирчдаас хоёр дахин их тоо аж. Энэ удаагийн наадамд өөрийн хүйсийн чиг баримжааг нээлттэй мэдээлсэн ЛГБТК тамирчдын тоо өмнөх 2012, 2016 оны олимпын наадамд оролцсон тамирчдаас харьцангуй олон байна. Ташрамд дурдахад, олимпын наадамд анх удаа трансжендер тамирчин оролцоно. Энэ нь Шинэ Зеландын хүндийг өргөлтийн тамирчин Лорел Хаббард гэх 1978 онд төрсөн 43 настай эмэгтэй юм. Тэрбээр Токиогийн олимпын хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн +87 кг-ын жинд оролцоно.

МАРАФОН ГҮЙЛТ БОЛОХ САППОРОД ХЭТ ХАЛЖ БАЙНА

Олимпийн наадмын үеэр нийслэл Токиод халуу шатах учраас марафон гүйлтийг хойд нутгийн Саппород явуулахаар болсон. Гэвч өвлийн олимп явагдаж байсан тус хотод сүүлийн 21 жилд үзэгдээгүй халуун өдрүүд үргэлжилж буй нь зохион байгуулагчдын санааг зовоож байна. Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр өчигдөр Саппород 35 градус хүрч халсан нь 2000 оноос хойших хамгийн өндөр температур болж бүртгэгджээ. Нийслэлээс хойш 800 км-т орших тус хотод марафон гүйлтээс гадна эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгийн зарим тоглолт, спорт алхааны уралдаан явагдана. Лхагва гарагт “Sapporo Dome” цэнгэлдэхэд Их Британи, Чилийн эмэгтэй хөлбөмбөгчид тоглох үеэр 28 градусын халуун байх төлөвтэй. Саппоро хотноо наймдугаар сарын 5, 6-нд спорт алхаа, 7, 8-нд эмэгтэй, эрэгтэй марафон гүйлт болно. Энэ үеэр цаг агаар хэт халуун байх вий гэдгээс зохион байгуулагчид санаа зовж байна. Марафон гүйлтэд Монголоос Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав, Б.Сэр-Од нар уралдах билээ.

ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГҮҮДИЙГ ӨНДӨРЖҮҮЛСЭН ХАМГААЛАЛТАД АВЧЭЭ

Японы эрх баригчид Токио хот дахь Төв цэнгэлдэх хүрээлэн болон бусад олимптой холбоотой байгууламжуудын аюулгүй байдлыг чангатгажээ. Токио хотын цагдаагийн газар болон мужийн цагдаагийн хэлтсүүд Олимпын төв цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолборт аюулгүй байдлын шалгалт хийсний дараа эргэн тойронд 24 цагийн харуул хамгаалалт гаргаж, Олимпын наадамд ажиллах албан ёсны нэвтрэх үнэмлэхтэй хүнээс бусдыг нэвтрүүлэхгүй гэнэ. Олимп болон паралимпын наадмын нийт 43 цэнгэлдэх хүрээлэнгийн аюулгүй байдлыг хангахад 10 гаруй мянган цагдаа, хүчний бие бүрэлдэхүүнийг дайчилж байгаа юм. Хоёр хоногийн дараа эхлэх олимпын нээлтэд хэн оролцох нь олон улсын анхаарлын төвд бий. Одоогоор Японы эзэн хаан Нарүхито, АНУ-ын тэргүүн хатагтай Байден нар нээлтийн ёслолд оролцох нь тодорхой болсон. Эзэн хаан Нарүхитогийн хувьд олимпыг нээж үг хэлнэ. Сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токиог зорьж олимпын нээлтэд оролцоно.

ОЛИМПЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧИД КОРОНАВИРУСЭЭР АМИА АЛДСАН ИРГЭДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Токио хотноо өнөөдөр ОУОХ-ны чуулган эхэлж байгаа бөгөөд оролцогчид цар тахлын улмаас нас барагсдын дурсгалын хүндэтгэн нэг минут дуугаа хураажээ. Чуулганд хүрэлцэн ирсэн Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ эрх баригчдын Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулах шийдвэрт тууштай байхаа мэдэгдсэн байна. Тэрбээр “Япон иргэдийн амь нас, эрүүл мэндэд анхаарах нь бидний нэн тэргүүний асуудал юм. Түүнчлэн тамирчдын санааг чилээхгүйгээр тэмцээнд нь оролцуулахын тулд бид боломжтой бүхнийг хийнэ. Наадмыг аюулгүй зохион байгуулах шийдвэртээ бид тууштай байх болно” хэмээн онцолжээ. Харин ОУОХ-ны тэргүүн Томас Бах “Тун удахгүй олимп болох гэж байна. Тэмцээн үзэж буй хэдэн тэрбум хүн Японы ард түмнийг биширнэ гэж би бодож байна” гэжээ.

Чуулганы эхний өдөр ОУОХ-ны гишүүд цар тахлын нөхцөлд наадмын бэлэн байдлыг үнэлэх бол дараагийн өдөр нь 2032 оны олимпыг зохион байгуулах хотыг сонгоно. Өнгөрсөн сард тус хотоор Австралийн Брисбен хотыг сонгохыг ОУОХ-ны гүйцэтгэх хороо санал болгожээ. Түүнчлэн чуулганы хүрээнд ОУОХ-ны удирдах албан тушаалтнуудыг сонгох юм.

 

Б.МӨНХЗУЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)