Сүйрэл ба аврал
- 2021-07-26
- Нийтлэл
- 0
Дэлхий маань нарны хамжлага ард. Эзнээ орхих сонирхол энэ ардад байхгүй. Гэвч эцэс сүүлдээ тэд хагацах л болно. Нар бусдыг татсаар, өөрөө шатсаар, жингээ хассаар хамжлагуудаасаа аажмаар салах болно. Салах, хагацах процесс нэн удаан явцтай байж ч болно, бас огцом түргэн хэрэгжиж ч магадгүй. Зарим хамжлага нь өөрөө дотоод шалтгаанаар эрт нүд аньж ч мэднэ. Бас зарим нь аваар осолд эрт өртөж ч болно. Томоохон эвдрэл гарах үед галактикийн дотоод зохион байгуулалт өөрчлөгдөж тэр нь сайныг ч авч ирж мэднэ, мөн муу үр дагаврыг ч үүдэж магадгүй...
Нар маань систем үүсгэгч болохынхоо хувьд гэнэт мөхөх, сөнөх аюулаас харьцангуй ангид болох нь ч үнэн. Ингэхлээр дэлхий маань дүүгүүрийн чулуу адил их хурдаар алс руу шидэгдэхээс хамгаалагдсан гэсэн үг. Харин нарны татах хүч сулрах хэрээр хүмүүсийн хувьд жил, сар, өдөр, хоног уртсах болно. Сар маань дэлхийгээс холдох хэрээр сарын өдрийн тоо бас нэмэгдэнэ, далайн түрлэг, таталтын хүч буурна, сарны гэрэл бүүдгэрнэ, бүх шөнө аажмаар битүүн лүгээ нэгдэнэ...
Аль нэгэн том гариг сөнөх аваас аюулын харанга дэлдэж аймшигт автах нь ч бас зайлшгүй. Зүв зүгээр өнгөрч ч мөн болно. Зуун хувь урьдчилан хэлэх боломжгүй. Тэнэмэл том солир, тэнд энд үзэгдэх урилгагүй зочид болох сүүлт однууд ч гай тарьж мэднэ...
Сүүлчийн хүйтрэл, мөстлөг дулаарлаар солигдоод олон мянган жил болсон ба цааш нь дулаарал нэмэгдсээр халж эхлэх аваас мөн л аюул дагуулах магадлалтай. Дулаарал зогсож хүйтрэл, мөстлөгтэй огцом золговол мөн л аюул нүүрлэх болно...
Сүйрэл болох хувилбар, хэлбэр тун олон хэдий ч яг болчихсон тохиолдол өнгөрсөн түүхэнд тийм ч олон биш юм. Цаашид олширч ч болно, бас цөөрч ч болно. Гэхдээ л хүмүүс бид авралын тухай, аюулаас сэргийлэх, аюулыг хүчээр, аргаар зайлуулах, бүр аюулаас дүрвэн зайлах боломжийг байнгад хайж, судалж, бэлтгэж, бэлэн байх ёстой. Болдогсон бол дэлхий дээрээ, дэлхийтэйгээ хамт сансрын уудмаар зорчин явах аргыг олчих юмсан...
Цөмийн энергийг гаргах, ашиглах хялбар аргыг нээж эрчим хүчний бүх хэрэгцээгээ ганцхүү цөмийн энергиэр хаа сайгүй хангаж чаддаг болчихвол бидний нарнаас хараат байдал бүр алга болж ч болох юм. Дэлхийг өөрийг нь сансрын хөлөг болгож хувиргаад агаар мандал, усан мандлаа хэвээр нь хадгалаад аялан одож ч болох билээ. Дэлхийгээ сансрын аль нэгэн томоохон эрхэс дээр зөөлөн буулгаж, бас зэрэгцүүлэн угсарч хамтдаа оршин амьдарч ч болох талтай. Бид бас сар мэтийн дагуулыг нэмж олоод тэднийгээ чиргүүл адил аваад явж байж ч бас болно. Энергийн их нөөц байвал, хэрэглээний энгийн аргууд бэлэн бол хүмүүс бид амиа тээгээд л явах чадвартай ухаалаг амьтад билээ.
Дэлхийг маань нартай аргамжсан хүч сулрах, үгүй болох аваас бид аль нэг тийшээ зугуухан хөдөлж бүр удаах нарны зүг рүү ч аялан явж чадах болно. Сансрын уудамд хөдлөн явж ч болно, бас тоормослон зогсож ч болно. Ингэх аргаа л судалж олоод эзэмшчих хэрэгтэй.
Сүйрэл ба авралын асуудлыг одооноос дэвшүүлж, судалж эхлэх нь ер эртдэхгүй. Учир нь энэ асуудал амьдралаар их эрт ч тавигдаж болзошгүй. Нийгмийн амьдралын олон тал сүйрлийг даллан дуудаж буй нь ингэж хэлэхэд хүргэж байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл (0)