Чингис хааны нутагт мотоциклтойгоо
- 2021-07-26
- Үнэн
- 0
Мото аялагч Жулиан Чаллис гайхамшигт Монголын хязгааргүй тал хөндийгөөр аялсан тэмдэглэлээ "Adventure Bike Rider" сэтгүүлийн энэ оны 61 дэх дугаарт хэвлүүлжээ. Жулиан Чаллис мотокросс, эндуро, цаг хугацааны туршилт, адал явдалт ралли уралдааны тухай нийтлэлээ 2005 оноос бичсэн байна. Түүний Монгол Улсаар аялсан тэмдэглэлийг хөрвүүллээ.
Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буухад сэвшээ салхи сэвэлзэж байлаа. Хотын төв талбайг тойрсон тэнгэр баганадсан барилгуудыг эс тооцвол Улаанбаатар зөвлөлт маягийн барилга, хэдхэн метрийн зайтай байшингийн "хачин холимог" аж. Энэ улсын цорын ганц эзэн, нэрийн хуудас нь Чингис хаан. Баатарлаг Чингис хааны өлгий нутгаар аялахыг би найман настайдаа мотоцикл унаж сурсан цагаасаа мөрөөдсөн. Би "Ride Expeditions" аялал жуулчлалын товчооны Дубайн төлөөлөгчөөр дамжуулан хүслээ биелүүлсэн юм. Оператор Яны хамт Монголыг зорьсон. Бартаат замын домог "Үamaha ХТ250" загварын моторт хөлгөөр, хөтөч Тулга, ОХУ-д үйлдвэрлэсэн "УАЗ 452" автомашинтай жолооч Доржийн хамт аяллаа эхлүүллээ. Оройн 17:00 цагийн үед Элсэн тасархай гэх "мини говь"-д ирэв. Нутгийн иргэдийн хамт хооллож, жуулчдын адил тэмээ элсэн манхнаар аяллаа.
Маршрутынхаа бартаат замын хэсгийг эхлүүлэх гэсэн би догдолж, өглөөний 08:30 цагт аяллаа үргэлжлүүлэв. Эрх чөлөөнд мансуурах шиг санагдаж байлаа. Монголын эртний нийслэл Хархорин хотын захад толгодын оройд зогсоход өргөн уудам хөндий цэлийнэ. Энэ уудам тал л биднийг алслагдмал аглаг буйд руу хөтөлсөн юм. 200 милийн тойрогт манай гаргийн бүх л ландшафтыг шингээсэн бөгөөд хүссэн зүгтээ чөлөөтэй зорчих боломжтой.
Ялангуяа бартаат замын аялагчдад Монгол бол дэлхийн диваажин. Орхон голын амралтын гэрүүд тухтай, шүршүүр халуун устай, амттай шпагетти болонезтай аж. Өглөөний цайны дараа бид Орхоны хүрхрээг зорив. Аварга том толгод, хөндий гээд үзэсгэлэнт газрууд зураг шиг жирэлзэнэ. Жижиг дугуйтай ч "Үamaha ХТ250" унахад амар бас тохь тухтай. Орхоны хүрхрээнээс Дуутын халуун рашаан сувилалд амраад Тайхар чулуу хэмээх асар том цул чулууг үзэхээр хөдөллөө. Энэ бол аялал жуулчлалын төв юм. Үдээс хойш бид Тэрхийн цагаан нуурыг зорих замдаа унтарсан Хорго галт уулын тогоогоор дайран өнгөрлөө.
Биднийг захиалсан кемпдээ ирэхэд хөтөч маань нуурын хөвөөнд хүйтэн шар айрагтай угтав. Нар жаргахтай зэрэгцэн шуурга дэгдэн бороо орлоо. Үер бууж бид оройн хоолоо идэж билээ. Монгол орны аялал намайг сэргээгээд зогсохгүй туршлагажуулсан. Гайхалтай улс. Монгол бол адал явдалт аялалд зориулсан тууль юм. Зайтай суурингууд, хязгаарлагдмал буудал, ойлгомжгүй хэлтэн, шатахуун түгээх станц ховор "жаахан" аймаар санагдаж магадгүй. Гэхдээ байгалийн олон төрх, найрсаг хүмүүсийг таныг тайвшруулна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)