Б.Лакшми: Мөнгө хэвлэж эдийн засагт нийлүүлсний төлөөсийг иргэд дунд, урт хугацаандаа өндөр өртгөөр төлнө

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.


-Төсвийн алдагдлыг нөхөх, зарим төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор төв банкнаас мөнгө их хэмжээгээр хэвлэж, эдийн засагт нийлүүлэх гэж байна гэх мэдээлэл явах болсон. Хэрэв уг асуудал биеллээ олбол өнөөгийн цаг үед хэр зөв алхам болох вэ?

-Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн өсөлт саарч, төсвийн алдагдал нь нэмэгдсэн улс орнууд мөнгө хэвлэсэн. Энэ нь богино хугацааны хүндрэлийг даван туулах зорилготой. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед халамж, тэтгэмж, дэмжлэгүүд өссөн. Дээрээс нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсоноор төсвийн алдагдал нэмэгдсэн. Энэ тохиолдолд арга буюу мөнгө хэвлэж, эдийн засагтаа нийлүүлэх алхмыг зарим улс орон сонгож байна. Харин манай улсын хувьд байдал өөр юм. Одоо уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байж, супер циклийн үе ирчихсэн байна. Супер циклийн үе маш богино буюу нэг жил, сайндаа л хоёр жил үргэлжилдэг. Энэ цаг үед зөв менежмэнт хийж, өсөлтийг боломж болгож ашиглаж чадсан бол өнөөдөр заавал мөнгө хэвлээд суух шаардлагагүй. Ерөөсөө л уул уурхайн чиглэлийн компаниудаа аль болох дэмжих, элдэв саад тотгор, хүнд суртлаа арилгах, экспортыг дэмжих, тээвэрлэлтийг түргэн шуурхай болгох тухай л асуудал юм. Харамсалтай нь бид өөр өөрсдийгөө л хааж боогоод сууж байна. Эцэст нь эдийн засгаа тэтгэхийн тулд уршиг ихтэй хамгийн муу хувилбартай нүүр тулж байна.

-Орлого тасалдсан үед дотоодын эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд мөнгөний нийлүүлэлтийг “цаас” хэвлэх байдлаар хийвэл богино хугацаанд үр ашигтай боловч дунд, урт хугацаанд ямар хор уршигтай вэ?

-Мэдээж мөнгө хэвлэж эдийн засагтаа нийлүүлэхэд богино хугацаанд сөрөг нөлөө нь гардаггүй.

Дунд, урт хугацаанд томоохон хүндрэлүүд үүснэ. Ялангуяа, инфляцид томоохон нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө гэх зэргээр бидний өдөр тутмын амьдрал болон дунд, урт хугацаанд ашиглах бүхий л зүйлийн үнэ өсөх хор уршигтай. Үүний нэг томоохон илрэл бол өнгөрсөн тавдугаар сард үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өслөө. Дараагийн өсөлт наймдугаар сард явагдахаар харагдаж байна. Мөнгө хэвлэж эдийн засагт нийлүүлж байгаа нь богино хугацаанд хүндрэлийг даван туулах арга хэрэгсэл мэт боловч дунд, урт хугацаандаа үүний төлөөсийг бид өндөр өртгөөр төлнө.

-Саяхан Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан хагас жилийн дүнгээр өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, тэр дундаа импортын бараа таваарын үнийн өсөлтөөс болж инфляци огцом нэмэгдсэн байсан. Нөгөө талд өрхийн орлого 7-8 хувиар буурлаа. Энэ байдал өрх гэрт том хүндрэл авчирч байна. Үнийн өсөлтийн уг нөлөөллийг хэрхэн хязгаарлах боломжтой вэ?

-Аж ахуйн нэгжүүдийн орлого хумигдаж, үйл ажиллагаа нь доголдож, зарим нь хаалгаа барих болсон. Үүнээс үүдэлтэйгээр өрхийн орлого буурч байна. Манай улсын эдийн засаг хангалттай хэмжээнд төрөлжөөгүй. Ихэнх бараа бүтээгдэхүүнээ импортоор авч байна. Үүнд валют хэрэгтэй. Ханшийн хэлбэлзэл импортын барааны үнэтэй шууд уялдаатай байж, улмаар өрхийн төсөв дээр том ачаа болж буудаг. Хоёрдугаарт, энэ жилийн хувьд тээврийн зардлын өсөлт томоохон нөлөө үзүүллээ. Хил гаалийн хүндрэлээс үүдэж сүүлийн бараг хоёр сарын турш бараа бүтээгдэхүүнийг хилээр чөлөөтэй нэвтрүүлсэнгүй.

Үнийн өсөлтөөс шууд хамгаалах механизм гэж байхгүй. Зах зээлийн эдийн засагтай учир эрэлт, нийлүүлэлтээр л энэ бүхэн зохицуулагдаж явна. Гол нь бараа бүтээгдэхүүнийг аль болох саад бэрхшээлгүй оруулах, хүнд сурталгүй ажиллах, компаниудаа дэмжих шаардлагатай. Ингэж байж үнийн огцом өсөлтийг бууруулахад нөлөөлөх боломжтой. Тээврийн өндөр зардлыг эргээд эцсийн хэрэглэгч буюу худалдан авагч төлнө шүү дээ. Үүний эсрэг арга хэмжээ гэвэл компаниудад тодорхой хэмжээгээр татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх арга хөшүүргүүд хийх зам бий. Мэдээж урт хугацаанд бид дотоодын үйлдвэрлэгч, үйлдвэрлэлээ дэмжиж байж үнийн өндөр хэлбэлзлийг тогтворжуулж чадна.

-Зургадугаар сард гэхэд л нүүрсний экспорт өмнөх сараасаа 38 сая ам.доллараар унажээ. Уул уурхайн өсөлтийн циклийг бид хэрхэн ашиглах шаардлагатай байна вэ?

-Бид нэг талаас байгалийн асар их баялагтай. Нөгөө талаас цар тахлын энэ хүнд үед дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байх супер циклийн үе таарч байна. Энэ нь хүнд хэцүү цаг үе тохиосон ч давж гарах боломжийг супер цикл бидэнд олгож байгаа юм. Харамсалтай нь бид өөр өөрсдөдөө саад бэрхшээл, тушаа болж, өөрсдийгөө чөдөрлөсөн нөхцөл байдалтай байна. Ийм байдлаас болж өсөлтийн циклийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Энэ нь хилийн боомт дээр үүссэн асуудал, экспортын бууралтаас тод харагдаж байгаа. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбар, энэ чиглэлийн компаниудаа ад үзэж ирлээ. Одоо бидний гол аврагч уул уурхай болчихоод байна.

Супер циклийг ашиглахын тулд нэгдүгээрт, экспортыг түргэн шуурхай болгох шаардлагатай. Хоёрдугаарт, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг бүхий л талаар дэмжиж, аливаа саад тотгорыг арилгах хэрэгтэй байна. Ерөөсөө л хурдтай ажилласнаар өсөлтийг ашиглаж чадна. Бид өмнө нь тохиосон өсөлтийн мөчлөгүүдийг амжилттай ашиглаж чадаагүй. Энэ нөхцөл байдал дахин давтагдаж байна.

-Коронавирусийн халдвар хэзээ дарагдах нь тодорхойгүй болчихлоо. Мутацид орсон хувилбарууд илэрч, халдварын эрсдэл дахин үргэлжлээд байвал хил гаалийн саатал эдийн засагт урт хугацаанд хүндрэл үүсгэх эрсдэлтэй юү?

-Тийм ээ. Үүссэн нөхцөл байдал нь төр засгийн байгууллагууд хамтарч ажиллаж чаддаггүйг харуулж байна. Хоёрдугаарт, нэгдсэн бодлогоор зангидаж явахгүй байна. Хил гаалийн асуудлыг маш өндөр түвшинд ярилцах, ойлголцох, зохион байгуулах ёстой. Бид хамтарч ажиллаж байж л аливаа асуудлыг шийдэх бололцоотой. Ялангуяа, цар тахлын үед нягт холбоотой ажиллах нь тун чухал. Уг нь зөв голдирлоор явж ирсэн бол цар тахал тохиосон ч бид бэлтгэлтэй байж, Засгийн газрыг оролцуулах хэмжээнд асуудлыг томруулахгүй байх байсан. Олон жил хамтарч ажиллаагүй, дур дураараа явсны хор уршиг ингэж илэрч байна.

Цаашид цар тахлын нөхцөл байдал намжихгүй, шинэ мутаци хувилбарууд гарч ирсээр байвал хил гаалийн асуудлыг хэрхэх вэ гэсэн асуулт байна. Зөв зохион байгуулалт хийж байж л даван туулах боломжтой. Жил хагасын өмнө анх цар тахлын асуудал босч, хил гааль дээр хүндрэл үүссэн. Тухайн үед гэнэтийн нөхцөл байдал гээд хорио цээр, саатлыг ойлгож болно. Гэтэл өнөөдөр жил хагас болчихоод байхад зөв зохион байгуулалт хийж чадаагүй сууж байна. Төлөөсийг нь ард иргэд өндөр өртгөөр төлөөд эхэлсэн. Энэ бол төр засаг арчаагүй, зохион байгуулж, нягт хамтран ажиллаж чадахгүй байгаагийн илрэл. Экспорт, импортоо автомашинаар хийх бололцоогүй болбол дараагийн зохион байгуулалтад шилжих Б хувилбар боловсруулсан байх хэрэгтэй. Төмөр замын тээвэрлэлт рүү шилжүүлэх боломжуудыг судалж, бэлтгэл хангасан, яриа хэлцэл өрнүүлсэн, ойлголцсон байх учиртай. Мөн хил гаалийн нэвтрэх цэгүүд дээр автомашиныг ариутгах, жолоочийг бүхээгнээс буулгахгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг сахиулах халдваргүйжүүлэлтийн техникийн цэгийг барьсан байх шаардлагатай байсан. Гэтэл жил хагас болоход бариагүй сууж байгаа юм. Зөвхөн Монгол Улс ийм нөхцөл байдалтай тулгарсан юм биш. Дэлхийн бүхий л улс орон ийм хүндрэлтэй нүүр тулаад, асуудлаа шийдвэрлээд, хил гаалиар бараа бүтээгдэхүүний урсгал чөлөөтэй нэвтэрч болоод байна. Манайх гэхээр яагаад болдоггүй юм бэ.

-Хил гаалийн асуудлаас үүдэлтэйгээр уул уурхайн салбараас орж ирэх орлого, боломжууд буурсан. Компаниуд хүндэрснээр ажилгүйдэл нэмэгдэж, орлого тасалдаж байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлага байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Монгол Улсын хувьд маш их хэмжээний хөрөнгө оруулалт татах шаардлага байна. Харамсалтай нь бид өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалтыг чухалчилж үзэхгүй хэвээр байна. Аливаа нэг асуудал болохгүй байна гэхээр бид ихэнхдээ эхлээд хуулиараа оролдоод эхэлдэг. Гэтэл эргээд харахад гайгүй хуулиуд байна. Харамсалтай нь хэрэгжүүлэлт байхгүй. Зөвхөн хөрөнгө оруулалтыг дэмжих гэлтгүй бүхий л хуулийн хэрэгжүүлэлт доголдож байна. Дээрээс нь хуулиа хэрэгжүүлэхдээ нэгдсэн ойлголт байдаггүй нь хамгийн том асуудал болдог. Энэ бүхнийг эхэлж цэгцлэх ёстой. Мөн хөрөнгө оруулалтыг зөвхөн нэг агентлаг хариуцахгүй. Олон байгууллагын нягт хамтын ажиллагаа байж сая үр дүн харагдана. Харамсалтай нь бид үүнийг зөв зохион байгуулалтад оруулж, менежмэнт хийж чадахгүй байсаар томоохон хөрөнгө оруулагчдаа алдаад дууслаа. Хөрөнгө оруулалтыг дэмжих эрхзүйн орчин бүрдэж, Оюу толгойн гэрээ зурагдсаны дараа дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид Монголд салбараа нээсэн. Тухайлбал, Тавдугаар цахилгаан станц, Таван толгойн цахилгаан станцыг барина, сэргээгдэх эрчим хүчний дуусашгүй нөөцтэй хэмээн олон төсөл хөтөлбөрүүд ярьж эхлэх үед энэ чиглэлийн олон компани орж ирсэн. Тавдугаар цахилгаан станцыг барихад Монгол, Япон, Франц, Өмнөд Солонгосын хамтарсан консерциум шалгарч байлаа. Харамсалтай нь нөгөө том төслүүд нь 10 гаруй жил болоход бахь байдгаараа л байна. Ихэнх хөрөнгө оруулагч бидэнд итгэхээ болиод орхин гарсан. Одоо хөрөнгө оруулалтын тааламжтай орчин бүрдлээ, манайд ирээч гэж хэлсэн ч итгэж орж ирэх хөрөнгө оруулагч тун ховор болов уу. Урт хугацаанд ажиллаж, зөв голдиролд оруулж байж хөрөнгө оруулагчийг татах нөхцөл байдал үүссэн.

Монголд эрчим хүчний бүхий л нөөц хангалттай байна. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүн амын тал нь төвлөрсөн Улаанбаатарт хоёр ч удаа цахилгааны тасалдал үүслээ. XXI зуунд амьдарч байж, эрчим хүчний түүхий эдийн асар их нөөцтэй атал ийм байдалд байгаа нь үнэхээр ичмээр хэрэг.

Г.БАТ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)