Супер цикл эхлэв үү, хямралын дараах сэргэлт үү?

Уул уурхайн салбар улс орны ачааны хүндийг үүрч байгаа нь үнэн. “СOVID-19'’ цар тахлын үед энэ ачаа, үүрэг хариуцлага улам нэмэгдэж байгаа. Засгийн Газрын шийдвэрээр айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулаан, хогны төлбөрийг чөлөөлөхөд уг ачааллыг уул уурхайн толгой компани, Зууны манлай, улсын баатар “Эрдэнэт” үйлдвэр дангаараа үүрч, төлсөн.

Цаашид он дуусталх төлбөрийг ч мөн хариуцна. Энэ мэтчилэн уул уурхайн салбарынхны улс орны эдийн засагт оруулж буй хувь нэмэр, үүрэг оролцоог дурьдах юм бол олон. МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийг “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” зэрэг уул уурхайн компаниуд тэргүүлж байгаа нь дээрхийн нэг нотолгоо.

Коронавирусийн цар тахлын улмаас улсын төсвийн орлого тасалдаж, нийгмийн халамж болон эрүүл мэндийн зардал эрс өссөн 2020 онд уул уурхай, газрын тосны компаниудаас төрийн болон орон нутгийн захиргаа, төсвийн байгууллагуудад өгсөн хандив, дэмжлэг сүүлийн долоон жилийн дээд түвшинд хүрсэн мэдээ саяхан олны сонорыг мялаав. Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын нээлттэй мэдээллээс харахад олборлох салбарын компаниудаас нийгмийн хариуцлагын хүрээнд өгсөн хандив, дэмжлэгийн дүн өнгөрсөн онд 45.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь цар тахлын үед 459 мянган хүүхдийн нэг сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй тэнцэх дэмжлэг юм. Өнгөрсөн хугацаанд олборлох салбараас төр, орон нутаг, төсвийн байгууллагуудад өгсөн хандив, дэмжлэгийн 60 гаруй хувийг “Оюутолгой” ХХК дангаараа бүрдүүлдэг байв.

 

Өөрөөр хэлбэл, хандив, дэмжлэгийн 30 хүрэхгүй хувь нь бусад олборлогчоос бүрддэг байсан бөгөөд тус хэмжээ 2020 онд 67.5 хувь болж өсчээ. “Оюутолгой” ХХК-аас бусад компанийн хандивын мэдээллийг он тус бүрээр нь задалбал компаниуд хандив, дэмжлэгийн 70-80 хувийг бүрдүүлсээр ирсэн байна.

 

Монголын ОҮИТБС нь 2006 оноос эхлэн ашигт малтмал, олборлогч компаниудаас төрийн болон орон нутгийн байгууллага, иргэд, ТББ-уудад өгсөн хандив, дэмжлэг, нөгөө талаас төрийн байгууллагууд олборлогч компаниудаас хүлээн авсан хандив, дэмжлэгийн мэдээллийг ил тод болгож эхэлсэн. Тийнхүү хоёр талаас ирүүлсэн тайланг тулган баталгаажуулах ажлыг хөндлөнгийн, олон улсын нэр хүндтэй аудитын компани хийдэг учир хандив, дэмжлэгийн талаарх өгөгдөл нь баталгаатай, аудитлагдсан мэдээлэл юм. Нөгөө талаас, 2014 оноос эхлэн ОҮИТБС-ын тайланг цахимаар авч эхэлснээр мэдээллийн ил тод, нээлттэй байдал улам нэмэгдэж, тайлагнах үйл ажиллагаа хурдассан байна.

Хандивын нээлттэй өгөгдлийн 2014 оноос хойших мэдээллийг шүүж үзвэл, онд хандив, дэмжлэг 40 тэрбум төгрөг давж байв. Энэ үед хандивын 90 гаруй хувийг “Оюутолгой” ХХК өгчээ. Тэгвэл дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш сул байсан 2015-2016 онд “Оюутолгой” ХХК-аас бусад уул уурхай, газрын тосны компаниудын төрийн байгууллагад өгсөн хандив дэмжлэг 2.5-4.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байжээ. Мөнгөн болон мөнгөн бус хандив, дэмжпэгийн хэмжээ 2018 оноос эрчимтэй нэмэгдсэн байна. Энэ бол уул уурхайн салбарынхны нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн хандив, тусламжийн мөнгөн дүн. Үүний цаана эдийн засагт үзүүлж буй шууд болон шууд бус нөлөөг нь хэмжвэл 45 тэрбумаар тогтохгүй.

 

Экспортод голлох нөлөөтэй, эдийн засгийн бүх салбарыг тэтгэж тэжээж байгаа уул уурхай, эрдэс баялгийн салбарын төлөв байдал ямар байх вэ гэдгийг зүрхний цохилт, судасны лугшилт шиг чагнаж, мэдэрч байх нь чухал. Мөн гадаад зах зээлийн төлөв байдал бидэнд шууд хамаатай.

 

2021 оны эхний хагас жилийн төлөв байдлаас харахад дэлхийн уул уурхайн ТОП-10 компанийн нийт зах зээлийн үнэлгээ 123 тэрбум ам.доллараар нэмэгджээ. Харин цаашид олон улсын түүхий эдийн зах зээл дээр алтнаас гадна зэс, төмрийн хүдрийн ханш буурах хандлагатай байгаа аж. Гэсэн хэдий ч уул уурхайн тэргүүлэх 50 компанийн зах зээлийн нийт үнэлгээ 1.47 их наяд ам.долларт хүрч түүхэн дээд үзүүлэлтийг шинэчлээд байгаа юм.

Үүнийг олон улсын шинжээчид цар тахлын оргил үе болох өнгөрсөн 2020 оны гурав, дөрөвдүгээр сараас өнөөг хүртэл уул уурхайн зах зээлд ойрын 10 жилд үргэлжлэх супер циклийн эхлэл тохиов уу, эсвэл хямралын дараах сэргэлт эхлэв үү гэдэгт яг таг хариулах боломжгүй гэжээ.

 

Г.Хангарди

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)