Бэнзиний үнэ ба морин заяа
- 2021-07-30
- Нийтлэл
- 0
Бэнзиний үнэ хоёрхон зүйл дээр тогтдогийн нэг нь долларын ханш, нөгөө нь хил дээр зарагдаж буй үнэ. Энэ хоёр дээр жаахан арифметик тооцоо хийгээд харахад л ер нь бэнзин шатахуун ямархуу багцааны үнэтэй байх ёстой вэ гэдэг нь ойлгогдоно. За бүр арифметик ч бодохоос залхуурна гэвэл ойрхон хил гараад Эрхүү, Улаан-Үд колонкууд дээр бэнзин хэдэн рубль байгааг хараад, Найман шаргын ханшаар үржүүлэхэд ч болно. “Global Petrol Prices” -ийн мэдээллээр бол зургадугаар сарын сүүлд ОХУ-д А-92 бэнзин монгол мөнгөөр бол 1950 төгрөг байж байснаа долдугаар сарын дундуур бүр өсч, 2100 төгрөг орчим болсон байх юм.
Хятадад бол литр А-92 бүр үнэтэй, монгол мөнгөөр 3270 төгрөг байна. Хятадад 2021 онд нийт 12 удаа бэнзиний үнэ нэмэгдэж олныг жаал бухимдуулсан юм байна. Дэлхийн бусад улсуудад ч бэнзин манайхаас үнэтэй байна, адилхан өссөөр байна гэхээр өөдөөс “Тэдний цалин хэд билээ, тэдний цалин хэд билээ” гэж агсардаг юм. Бэнзиний үнэ харамсалтай нь бидний цалинд тааруулж биш биржийн ханшинд тогтдог билээ. Цар тахлын эхэн үед гэнэтийн хөл хорионууд дэлхий даяар тавигдаж, хөл хөдөлгөөн огцом хумигдаж, нефт бэнзиний үнэ унасан юм. Манайд ч тэр нь биелэж 1750 байсан А-92 нэг мэдэхэд 1450 болж буурсан, сонгуулийн өмнөхөн дөө. Ямар ч улс төрч ийм боломжийг алдахгүй. Харин одоо эдийн засаг сэргэж, хөл хөдөлгөөн буцаад нэмэгдээд эхлэхээр дагаад бэнзин шатахуун, нефтийн үнэ өсөөд эхэлсэн бололтой.
Шатахууны үнэ хүчээр буулгаж орхивол заавал эргээд өсдөг хуультай. Дэлхийн хамгийн их нефттэй Вэнэсуэлд хүртэл шатахууны үнэ тэнгэрт тулсан, үнийг нь төрөөс хүчээр барьсан учраас тэр. Манайд ч бас үнэ хүчээр барьж эхэлсэнээр А-95 тасраад байна, захаасаа зарим сумдын колонкууд бүр огт ажиллахгүй хаалгаа хаагаад эхэлсэн. Сэлэнгэ, Булганыхан хил гарч банкаа дүүргээд ирье гэсэн ч нэмэргүй, орос улсад шатахуун манайхаас ч үнэтэй байгаа. Манайд уг нь нефтийн үйлдвэр баригдаж байгаа, жилдээ 1.5 – 2 сая тонн шатахуун нэрэх тооцоотой. Даанч үүнд ашиглах түүхий нефт манайд хангалтгүй, жилд ердөө 800 мянган тонн олборлож байгаа. Нефтийн олборлолтоо нэмэгдүүлье, нөөцөө судлья гэхээр нутгийнхан нь хөөж туугаад горьгүй. Тэгвэл гаднаас аваад ирье гэхээр заавал хямдхан авчир гэж шахаж шаардана. Бүүр нэг морин заяандаа морио унаад явмарууд. Үгүй тэгээд Монгол улс бүр огт бэнзингүй болоод, морио уная гэсэн ч морины тэжээл эмээл нь бараг бэнзинээсээ дутахгүй зардалтай байх вий.
“Гуйлгачин сэтгэхүйгээс салаагүй цагт гуйлгачин хэвээрээ л үлдэнэ” гэж үг бий, их ерөнхий утгатай тун чиг ойлгомжтой ч гэмээр зүйр үг. Гэхдээ бэнзиний үнэ дээр нийтээрээ нэг ийм гуйлгачин сэтгэхүйтэй байгаагаа бид өөрсдөө анзаардаггүй. Жишээ нь дээр дурдсан бэнзиний үнэ ямар байх логикийг нийтээрээ ойлгодог юмаа, нийтээрээ банкны дансны дугаар 10 оронтой тоог цээжээрээ хэлж чаддаг улс дэлхийд байхгүй гэнэ билээ. Монголчууд тоондоо тийм муу биш, зүгээр л хэн нэгэн, бурхан ч юмуу төр засаг ч юмуу ямар нэг аргаар бэнзиний үнэ хямд байлгах ёстой гэж итгэдэг тэр нэг гуйлгачин араншин л биднээс ерөөсөө салж өгөхгүй байгаа хэрэг. Гуйлгачин сэтгэхүй биднийг хамгийн хямд бэнзин хэрэглүүлдэг, хамгийн хямдыг нь түүсээр байгаад одоо евро-2 төрлийн буюу дэлхийн дундаж евро-5 хэрэглээнээс бараг 200 дахин их хүхэртэй бэнзин хэрэглэж байна, гуйж хямдруулж байж шүү. Хэрвээ ард түмэн төр засгаас бэнзиний үнэ хямд байлга гэж нэхсэн хэвээр байсаар байвал бид 20 жилийн дараа ч евро-2 төрлийн бэнзинээ хэрэглэсээр, дэлхий евро-100 бэнзинтэй болчихсон байх биз. Гуйлгачин сэтгэхүйгээ хаяад, угаасаа л цаанаа өсөж буй зүйл дээр гомдоллохоо больж, үнийг нь чөлөөтэй тавьчихвал нэг удаадаа өвдөлт мэдэрнэ, цаашдаа гуйлгачин байхаа болино.
Угаасаа гадаадад тогтоож байгаа бэнзиний үнийг Монголын төр засаг буулгах ямар ч боломжгүй. Харин зүгээр буулгаж байгаа юм шиг хуурч бол чадна. 30 жилийн энэ хууралт л биднийг өдий хүртэл ийм гуйлгачин сэтгэхүйтэй амьдруулж байна.
Эцэст нь, бензиний үнэ хүчээр барих нь бүх нийтийг хамарсан хамгийн том халамжийн бодлого мөн. Ардчилсан нийгэмд хэн ч хэнийг ч халамжлах албагүй, шатахууны компаниуд бүгд хаалгаа бариад, зөвхөн төр л шатахуун импортоор оруулж ирдэг, тэр нь олддоггүй, соц үе шиг танил талаараа хөөцөлдөж авдаг, эсвэл хар зах дээр бэнзиний шагийн үнэ нь талийсан хачин заваан нийгэм хүсээгүй л юм бол бэнзиний үнэ буулга гэж төр засгаас нэхэхээ больцгооё.
Сэтгэгдэл (0)