Олимпийн наадмын эргэн тойронд
- 2021-07-31
- Дэлхий
- 0
Японд бүртгэгдэх Ковидын халдварын тоо анх удаа 10 мянгыг давлаа. Пүрэв гарагт улсын хэмжээнд халдварын 10,699 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Олимпийн наадам явагдаж буй Токио хотод 3865 тохиолдол илэрсэн нь мөн л сөрөг дээд амжилт болжээ. Олимпийн наадмын үеэр халдвар тархахаас сэргийлж Токио хотод онц байдал зарласан ч нөхцөл байдал улам дордсоор байна.
Энэ өдөр олимпийн наадамд оролцогч 27 хүнээс халдвар илэрсэн бөгөөд тэдний гурав нь тамирчин байв.
Тамирчид тогтоосон дүрэм журмыг зөрчих явдал гарсаар байгааг Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Маса Такая хэллээ. Үүнээс улбаалан хэд хэдэн тамирчны олимпод оролцох эрхийг түдгэлзүүлсэн гэсэн боловч аль улсын хэн гэдэг тамирчин болохыг тодорхой хэлсэнгүй. Ямартай ч Гүржийн нэгэн жүдоч тогтсон маршрутыг зөрчиж аялал жуулчлалын бүс болох Tokyo Tower-т очсон болохыг Такая хэвлэлийнхэнд ярьжээ.
ӨАБНУ Токиогийн олимпийн анхны алтаа усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 200 метрийн мэлхий сэлэлтийн төрлөөр хүртлээ. Татьяна Скунмакер эх орондоо анхны алтыг авчрахдаа дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож (2:18.95 минут) баяр дээрээ баяр нэмэв. Энэ төрөлд АНУ-ын Лили Кинг мөнгө (2:19.92), мөн тус улсын Энни Лазор хүрэл медаль (2:20.84) хүртлээ. Өмнөд Африк анхны алтаа авснаар 23-р байр руу дэвшжээ.
Оросын усанд сэлэгч Евгений Рылов энэ олимпийн наадмаас хоёр дахь алтан медалиа хүртлээ. Тэрбээр өмнө нь 100 метрийн араар даллах төрөлд түрүүлсэн бол өнөөдөр 200 метрийн араар даллах төрөлд мөн шаргал өнгөтэй медаль авав. Тэрбээр өөрийн зайг 1:53.27 минутад туулж, олимпийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Оросууд энэ зайд түүхэндээ анх удаа олимпийн аваргатай болж байна.
Ямайкийн Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Кристофер Самуда энэ олимпийн үеэр хэд хэдэн улсын төлөөлөлтэй хамтран ажиллах санал солилцож, эдгээр яриа хэлэлцээг ойрын өдрүүдэд албажуулан баталгаажуулахаар болсон талаараа сэтгүүлчдэд ярив. “Бусад улс оронтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь бидний хувьд маш чухал. Харин олимпийн наадам бидэнд ийм яриа хэлэлцээ өрнүүлэх боломж олгодгоороо давуу талтай” хэмээн ноён Самуда өгүүлжээ.
Каноэ завины тамирчин Жесс Фокс олон жилийн уйгагүй оролдлогын эцэст олимпийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолын эзэн болж чадлаа. 27 настай австрали бүсгүй ДАШТ-ий 10 алтан медальтай ч олимпийн наадамд шагналын хамгийн дээд тавцанд гишгэж чадаагүй байв. Тэрбээр Лондоны олимпоос мөнгө, Риогоос хүрэл медаль хүртэж байжээ.
Сэтгэгдэл (0)