ЭТТ бондын II дахь арилжаагаар 285 тэрбум төгрөг төвлөрүүлнэ
- 2021-08-10
- Сурталчилгаа
- 0
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрөгч дөрөвдүгээр сард томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор хоёр их наяд хүртэлх төгрөгийн дүн бүхий төгрөг, валют хосолсон ЭТТ Бондыг гаргах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан.
ЭТТ бондыг гурван үе шаттайгаар олон нийтэд санал болгохоор төлөвлөжээ. Эхний үе шатыг гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулсан юм. Уг арилжаанд давхардсан тоогоор нийт 970 иргэн, аж ахуйн нэгж оролцож 2.755.639 ширхэг захиалга хийсний дагуу 347.7 тэрбум төгрөг, банкуудын дахин санхүүжилтийн гэрээний дагуу 330 тэрбум төгрөг, нийт 677 тэрбум төгрөгийн багцын санхүүжилтийг бүрдүүлсэн.
Бондын хоёр дахь транчийн захиалга энэ сарын 16-25-ны өдрүүдэд болно. Энэ удаад 100 сая ам.доллар болон 285 тэрбум төгрөгийн бондыг олон нийтэд санал болгоно. Энэхүү бонд нь ам.доллараар гарч байгаа тул ханшийн уналтын эрсдэлгүй, ам.долларын бусад санхүүгийн бүтээгдэхүүнүүдээс өндөр хүүтэйгээрээ давуу талтай.
Бондын санхүүжилтийг Тавантолгой дулааны цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулна. Дээрх бүтээн байгуулалтуудыг хийснээр компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байна гэж “ЭТТ” ХК-иас мэдээлэв.