С.Тихановская: Лукашенко улам харгис болсон
- 2021-08-11
- Дэлхий
- 2
Беларусьт Ерөнхийлөгч Александр Лукашенког эсэргүүцсэн жагсаал нэг жил үргэлжилж байна. Түүний 27 жилийн засаглалын түүхэн дэх хамгийн хүнд жил болсон. Сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская ярилцлагадаа "Энэ хугацаанд 35 мянган хүн шоронд хоригдож, олон мянган иргэн Лукашенкогийн хэлмэгдүүлэлтээс зугтаж эх орноосоо дайжсан. Минск хотод болсон анхны жагсаалд 100 мянган хүн сэтгэлийн дуудлагаар нэгдсэн. Тэд баяр хөөртэй байв. Харгислал, хэлмэгдүүлэлтэд иргэд бэлэн байгаагүй. Дэглэмийг хэвээр үлдээхгүй. Беларусь улсад анхаарал хандуулах цаг болсон. Засгийн Газар олон мянган улс төрийн хоригдлыг хүчээр хорьж, олон улсын нислэгийг барьцааллаа. Шигшээ багийн тамирчны эрхийг хязгаарлахыг завдсан. Лукашенко айж байна.
Тэрбээр засаглалаа хадгалахыг зорьж улам харгис болсон. Хүчирхэг удирдагчийн төрхөө алдсанаа ойлгосон. Тийм ээ, тэр одоо ч эрх мэдэлтэй. Гэхдээ иргэд түүнийг хүндэтгэж, хайрлахаа больсон. Тэр ард түмнийг албадаж чадахгүй” гэжээ.
Тихановская өнгөрсөн жил эх орноосоо дүрвэж, Литвийн Вильнюс хотод суурьшсан. Беларусийн сөрөг хүчинд дэмжлэг үзүүлж, Лукашенкогийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авахыг олон улсад идэвхтэй уриалдаг. Тэрбээр АНУ-ын Еренхийлөгч Жо Байдентай уулзахаар Вашингтонд, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой уулзахаар Лондонд очсон нь дипломат үр дүнгээ өгчээ. Вашингтон Лукашенкогийн эсрэг "Беларускали" компани, газрын тос, мод, гангийн үйлдвэрүүдэд чиглэсэн шинэ хориг арга хэмжээ авснаа өнгөрсөн Даваа гарагт зарласан. Тэрбээр өнгөрсөн нэг жилийг "өөрчлөлтийн үе" гэж тодорхойлсон. Түүний нөхөр Сергей Лукашенкогийн Засгийн газрын эсрэг тэмцээд шоронд хоригджээ. Нөхрийнхөө үйл хэргийг залгамжлагч гэж өөрийгөө нэрлэсэн Светлана сөрөг хүчний төлөөлөл болж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн юм. Тихановская улс төрийн хоригдлуудын гэр бүлд туслах зорилгоор төрийн бус байгууллага байгуулжээ. Тэрбээр эсэргүүцлийн жагсаалаас илүүтэй Беларусь улсыг гадаадын хэвлэлийн нүүр хуудсанд, бодлого боловсруулагчдын анхааралд байлгахыг хичээдэг. Европын холбоо ч зохих хориг арга хэмжээг авчээ. Одоо Их Британи хориг арга хэмжээнд нэгдэх эсэх л үлдлээ.
УЛС ТӨРИЙН ДҮРВЭГСЭД АЙЖ ЭХЭЛЛЭЭ
Беларусийн идэвхтэн Украинд амиа алдсан нь улс төрийн дүрвэгсдийг айдаст автуулав. Литвийн Засгийн газраас аюулгүй байдлыг чангатгасны дараа Тихановская "Энэ дэглэмийн нэг бай нь би. Беларусийн авторитар Засгийн Газар хилийн чинадад амьдардаг идэвхтнүүдийг айлгах гэж оролдож байна. Биднийг айлгах төлөвлөгөө ард түмэнд шууд нөлөөлдөг. Гэхдээ беларусьчуудыг үүрд айлгах боломжгүй" гэж жиргэжээ. Беларусь даяар иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг төрийн дэмжлэгтэйгээр устгах ажиллагаа эхлүүлснийг хүний эрхийн идэвхтнүүд онцолсон. "Виасна", "Constanta", "Хууль эрх зүйн санаачилга”, Беларусийн сэтгүүлчдийн холбоо болон идэвхтнүүдийн гэр, оффист нэгжлэг хийжээ. Мөн өнгөрсөн сард чөлөөт сэтгүүлч, блогчдыг баривчилсан байна. "Эмнести Интернэшнл"-ээс Беларусьт хүний эрх болон иргэний нийгмийн 46 байгууллагын үйл ажиллагааг зогсоосон тухай мэдээлсэн. Хүний эрхийг хамгаалах төвийн ажилтан Таня Локшина "Өнгөрсөн сарын 22-нд болсон Засгийн газрын хуралдаанаар Ерөнхийлөгч Лукашенко иргэний нийгмийн олон арван бүлгийг хаахыг дэмжсэн. Шүүмжлэгчдийн дуу хоолойг зайлуулах "цэвэрлэгээний аян" эхлүүллээ” гэжээ. Беларусийн эрүү шүүлтийг баримтжуулсан "Виасна" байгууллагын мэдээлснээр, тайван замаар жагссан 35 мянган хүнийг баривчилснаас 4691-ийг эрүүдэн шүүсэн аж.
Улс төрийн хоригдол гэх 600 гаруй хүн хөрш зэргэлдээ Литва, Польш, Украинд амьдарч байна. Эх орон нэгтнүүдээ зугтахад тусалдаг Виталий Шишов Киевийн цэцэрлэгт хүрээлэнд дүүжлүүлж нас барсан. Энэ үйл явдал Киев дэх дүрвэгсдийн нийгэмлэгийг цочирдуулж, Украины Ерөнхийлөгч В.Зеленский Беларусийн дүрвэгсдийн хамгаалалтыг чангатгажээ.
Украины цагдаа нар хэргийг шалгаж байна. Киев хотод амьдардаг Федорова "Украин аюулгүй орон биш бололтой. Беларусийн аюулгүй байдлын хүчнийхэн биднийг хаанаас ч олно. Онгоц барьцаалсан аймшигтай хүмүүс шүү дээ. Тэд эсэргүүцэгчдийг хулгайлахын тулд юу ч хийж чадна" гэжээ. Өнгөрсөн жил сэтгүүлчийнхээ магадлан итгэмжлэлийг цуцлуулсан Иванова ч эх орноосоо дүрвэжээ.
"Виасна"-д ажилладаг Наталья Сацункевичийг Египетэд амарч байхад нь өнгөрсөн хоёрдугаар сард баривчилсан. Тэрбээр "Тусламж хэрэгтэй байгаа ард түмнийхээ төлөө, шоронд хоригдож буй хамтран зүтгэгчдийнхээ төлөө үргэлжлүүлэн тэмцэнэ" гэсэн юм. Вильнюс хотод амьдарч буй Беларусийн идэвхтэн Андрей Стрижак "Киевийн хэрэг бол улс төрийн аллага. Шишовын үхлийн ард Беларусийн КГБ-ын ажиллагаа, хэт барууны үзэлтнүүдтэй холбоо тогтоосон гэх таамаглал байна. Лукашенкогийн хилийн чанад дахь шүүмжлэгчдийнхээ амыг хаах кампанит ажил олон улсын анхаарлыг татсан. Бид аюулгүй байдлаа чангатгасан бөгөөд ямар ч нөхцөл байдал үүссэн тэмцлээ үргэлжлүүлнэ" гэж жиргэжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл (2)
Zoxin (192.82.78.115)
Улс орноо барууны хөрөнгөтнүүдэд өгч, тэдний идэш болгож,иргэдээ хорлох хохироох эрмэлзэлтэй энэ эмэгтэй өөрөө харин харгис хүн. Манай дүр эсгэсэн ардчилагчид ч энэ эмэгтэйгээс ялгагдахгүй эх орноосоо урвагч,,бусдын мөнгөнд донтсон хүмүүс.
Иргэн (66.181.191.13)
Украйн үнэндээ Беларусаас долоон дор фашист дэглэмтэй болсон. Бандеруудад Украйны хууль үйлчилдэггүй. Хүний амь үнэ цэнээ алдсан, төр нь авилгад идэгдсэн.