"Хуурай" хууль бус орлогод нь нөлөөлөх бодит үнээр л тамхидалтыг хязгаарлана
- 2021-08-11
- Үнэн
- 1
Хүн өөрийн санаатай үйлдлээр эрүүл мэнддээ хор хохирол учруулж байгаагийн нэг хэлбэр нь тамхидалт юм. Энэхүү хорт зуршил нь жил бүр дэлхий нийтийн зургаан сая хүний үхлийн шалтгаан болж байгааг ДЭМБ-ын судалгаанд дурдсан байна. Тамхи татах болон дам тамхидалтад өртөх нь бүх эд эрхтэнд нөлөөлж, өвчлөл үүсгэхийн зэрэгцээ үхэлд ч хүргэдэг. Түүний дутуу шаталтын улмаас ялгарч буй нүүрстөрөгчийн дутуу исэл нь өнгөгүй, үнэргүй хий боловч өрөө тасалгаанд хуримтлагдаж, цусны хүчилтөрөгч дамжуулах чадамжийг бууруулдаг байна. Үүний улмаас элэг, бүдүүн болон шулуун гэдэс, түрүү булчирхайн зэрэг хорт хавдар үүсэхээс гадна хамгийн түрүүнд уушгийг маш ихээр дарамталж сүрьеэ бий болох магадпалыг баталгаажуулж түргэсгэдэг байх юм. Үүнээс гадна сүүлийн үед монголчуудын дунд түгээмэл болоод байгаа чихрийн шижин өвчин ч үүнтэй холбоотой.
Тамхи идэвхтэй татдаг хүмүүсийн чихрийн шижин өвчинд нэрвэгдэх эрсдэл тамхи хэрэглэдэггүй иргэдийнхээс 30-40 хувиар өндөр байдгийг эрдэмтэд тогтоожээ.
Манай улсын хувьд тамхины хэрэглээг бууруулах, дам тамхидалтаас сэргийлэх зорилгоор 2005 онд Тамхины хяналтын суурь конвенцыг батлан хэрэгжүүлж, 2013 онд Тамхины хор хөнөөлтэй тэмцэх, сэргийлэх хөтөлбөрийг батлан гаргасан байдаг. Гэвч тамхи татах явдал багассангүй. Харин ч өсөх хандлагатай явж иржээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ЭМЯ-наас ДЭМБ-ын санхүүжилтээр 2013 онд хийсэн судалгаагаар хүн амын 27.1 хувь, түүний дотор эрчүүдийн барагтал /49.1/, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг гэх үр дүн гарч байсан бол өнгөрсөн онд явуулсан тандалтаар эрчүүдийн хувь хэмжээ бараг өөрчлөгдөөгүй байхад эмэгтэйчүүдийнх 5-6 хувь болж нэмэгдсэн байна. Бас өсвөр насны хүүхдүүд, үүний дотор охидын тамхины хэрэглээ багагүй хувиар өссөн дүн гарчээ. Тодруулбал, 13-16 насны хүүхдүүдийн 15 орчим хувь нь тамхи татаж байна. Түүнчлэн хоёр хүн тутмын нэг нь гэртээ, гурван хүний нэг нь ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байгааг судалгаагаар тогтоожээ. Энэ нь манай улсын тамхинд тавих хяналт шалгалт сулаас гадна татвар бага байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тодруулбал, ДЭМБ-аас тамхинд ногдуулах татварыг жижиглэнгийн үнийн 70-аас доошгүй хувьтай тэнцүү байхыг зөвлөдөг боловч манай улсад 30 гаруй хувьтай байдаг аж. Тиймээс импортоор оруулж ирсэн болон дотоодод үйлдвэрлэж буй тамхины жижиглэнгийн үнэ бага байгаа нь тамхидалтыг өөгшүүлэх нэг нөхцөл болж байна гэж НЭМҮТ-ийн мэргэжилтнүүд дүгнэсэн байгаа юм. Тамхины тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн янжуур тамхинд онцгой албан татвар ногдуулахдаа түүхий эдийн зориулалтаар оруулж ирсэн задгай тамхинд хамаарах онцгой албан татварыг хасаж тооцохоор заасан байдаг аж. Мөн 2015 онд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа татварыг ам доллараар авдаг байсныг болиулж, төгрөгөөр тооцдог болсон нь ханшийн өсөлт тамхины татварын хэмжээнд нөлөөлөхөө больсноор улсын төсөвт төвлөрөх ёстой орлого үйлдвэрлэгчийн ашиг болж үлдэх таатай нөхцөлийг бүрдүүлжээ. Улмаар ам.долларын ханшийн өсөлтийг дагаж, татварын хэмжээг нэмэгдүүлж чадахгүй болсон нь дотоодын үйлдвэрлэгчдэд ашигтай боловч хэрэглэгчдийг хохироох үйлдэл болж байгааг бодууштай байгаа юм. Энэ талаар НЭМҮТ-ийн шинжээч Б.Майцэцэг хэлэхдээ, “Манай улс ДЭМБ-аас уриалж байгаа тамхинд ногдуулах татварын хэмжээ, хэрэглээг хязгаарлах аливаа заавар зөвлөгөөг төдий л анхаарахгүй байна. Тийм ч учраас дотоодын болон импортын тамхинд тавих татвар, хяналт шалгалт тийм ч сайнгүй хэвээр байгаа юм” гэж онцоллоо. Үүнийг ДЭМБ-ын шинжээчдийн баг манай улсад ажиллахдаа баталгаажуулсны дээр тамхины онцгой албан татварыг 50 хувиар нэмэгдүүлж, тус байгууллагын санал болгож уриалдаг хэмжээнд хүргэж чадвал улсын төсөвт 190.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж болохоос гадна жил бүр 1700-2600 хүнийг 60-аад төрлийн хорт болон хоргүй хавдар, бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх тооцооллыг гаргасан байна.
Одоогоос 10-аад жилийн өмнө баталсан “Тамхины хор хөнөөлтэй тэмцэх, сэргийлэх хөтөлбөр”-ийн зорилго нь ДЭМБ-аас олон зуун жилээр ноёрхсон үндэстэн дамнасан тамхи үйлдвэрлэгч, худалдаачидтай хүчээ нэгтгэн тэмцэл өрнүүлж, энэ төрлийн бизнес эрхлэгчдийн зах зээлээ өргөжүүлэх бодлого, арга замаас нийт хүн ам, хүүхэд залуучуудаа хамгаалах, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардаж байгаатай Монгол Улс нэгдэн, оролцоогоо нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Тиймээс тамхи татах, дам тамхидалтад өртөх хорт зуршил, хоруу чанараас ард иргэд, олон нийтийг хамгаалахын тулд тамхины бүх төрлийн бүтээгдэхүүнийг чанар, стандарт үл харгалзан бөөний болон жижиглэнгийн үнийг огцом нэмэгдүүлж, ханшийн өсөлтийг мэдрүүлэх зайлшгүй шаардлага байна. Түүнээс биш тамхины хор холбогдлыг олон нийт, залуу үед ухуулан таниулах, ойлгуулах гэх зэрэг “хуурай" яриа, хоосон ажил хэрэг ямар ч үр дүнгүйг цаг хугацаа хангалттай харууллаа. Тиймээс Тамхины тухай хуулийг дахин шинэчилж, жижиглэн болон бөөний худалдаанд тавих татварын хэмжээг мэдэгдэхүйц, дорвитойхон нэмэгдүүлж, ширхэглэж зарах зэрэг асуудлыг тас хориглож зогсоох шаардлагатай байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд олон нийтийн газарт тамхи татахыг хориглох, зориулалтын цэгийг гудамж талбайд байгуулах зэргээр тамхидалтыг тодорхой хэмжээнд журамласан ч энэ нь зарим талаар өсвөр, залуу үеийнхний тамхи татах сонирхол, дуршлыг хөгжөөх, олноороо дарвиж тамхилах нөхцөл болж байгааг ч бодууштай.
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (1)
(197.210.52.228)
Сайн байцгаана уу, та ядуу байснаас залхаж, амьдралаа тэнцвэржүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй байна уу, та бүхэндээ дуулгах сайхан мэдээ байна, Fortis эмнэлэг ноцтой сэтгэлгээтэй хүмүүсээс бөөр худалдаж авах гэж байна. Тэд таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг бөгөөд тэд ирэхээс өмнө визний үйл явцыг эхлүүлэхийн тулд танд мөнгөний тодорхой хэсгийг төлдөг бөгөөд энэ нь танд байгаа зүйлээ зарж, эрүүл саруул хэвээр үлдэх боломж юм. Хэрэв та бөөрний өвчнөөр өвдсөн хэвээр байгаа бол тэд бөөр шилжүүлэн суулгахад тусалж чадна, тиймээс тэд бөөрийг худалдан авч, зарна. Хэрэв та сонирхож байгаа бол [fortis.hospital.in@gmail.com] хаягаар эмнэлэгтэй холбогдож болно, тэдэнд бөөрний донор хэрэгтэй байгаа тул цахим шуудангаа санах хэрэгтэй. [ fortis.hospital.in@gmail.com }