Мөнх цаснаас нүүдэлчдийн ахуйг судалжээ
- 2021-08-13
- Өөр өнцөг
- 0
Колорадогийн их сургуулийн профессор, археологийн куратор Уильям Тейлор Монголын мөнх цаст уулс хайлж буй шалтгааныг тодруулахаар судалжээ. Археологичийн хувьд тэрбээр эдгээр цас, мөсөн бүрхүүл дор бидний үзэж хараагүй дурсгал байгаа гэдэгт итгэдэг. Мөнх цас бол байгалийн гүн хөлдөөгч.
Мянга мянган жилийн өмнө эдгээр олдворыг бүтээсэн хүмүүсийн соёл, өдөр тутмын амьдралыг судлах боломжтой. Колорадогийн их сургууль, Монгол Улсын Үндэсний музейн судлаачид эртний материалыг олж тогтоох, шинжлэх, хадгалах зорилгоор хамтран ажиллаж байна. Мөс цэнгэг усны эх үүсвэр болдог ч Монголын цаст өндөр уулсын хүн төрөлхтний түүхэнд оруулсан чухал хувь нэмэр заримдаа археологийн бүртгэлээс гадуур үлддэг. Жишээлбэл, Алтайн өндөр уулс хамгийн эртний бэлчээрийн мал аж ахуйн бүс байсан. Гэхдээ эдгээр соёлыг цөөн хэдэн булшаар л мэддэг. Илүү олон олдвор мөсөн дор нуугдаж байна.
Баруун Алтайн хайлж буй мөснөөс 1500 гаруй жилийн настай дээс олжээ. Энэ бол Монголын эртний малчдын тухай мэдээлэл өгөх ховор олдвор. Электрон микроскопийн судалгаагаар дээсийг тэмээний ноосоор томжээ.
Мөсөн гол, мөсөн бүрхүүлээс гурван мянган жилийн өмнөх жад, сум гэх мэт ан агнуурын эд өлгийн зүйл, аргаль хонь гэх мэт том ан амьтдын араг ясны үлдэгдэл олддог. Эдгээр олдвор нь ан агнуур нь Алтайн уулархаг нутаг дахь нүүдэлчдийн ахуй, соёлын чухал хэсэг байсныг харуулдаг.
2021 оны зун түүхэн дэх хамгийн халуун улирал болж байна. Ялангуяа дэлхийн хүйтэн бүс нутгуудад агаарын температур нэмэгдэх нь хүчтэй нөлөөлдөг. Хиймэл дагуулын зургуудаас харахад Монголын баруун хэсгийн мөсөн бүрхүүлийн 40 хувь нь сүүлийн 30 жилийн хугацаанд хайлжээ. Төв Азийн өндөр уулсын цас хайлах нь эд өлгийн зүйлсэд хэрхэн нөлөөлж буйг системтэй судалж байгаагүй. Цар тахлын улмаас олон улсын төслүүд зогссон. Хайлж буй мөс хүрээлэн буй орчны бусад өөрчлөлтүүдийг дагуулж байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)