Д.Эрдэнэбаатар: Хайраар дутсан хүүхэд л сэтгэл зүйн асуудлуудтай нүүр тулгарах эрсдэлтэй байдаг

Сэтгэл засалч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.


-Хүүхэд бол эцэг эхийнхээ толь байдаг гэдэг шүү дээ

Тэгвэл хүүхдээ сайн хүн болгож өсгөхийн тулд томчууд бидний зүгээс 

нэн тэргүүнд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Хамгийн гол нь эцэг эхийн хайр халамж, хараах яналт чухал. Эцэг эхчүүд нь өөрсдөө сэтгэлзүйн асуудалтай байсан цагт хүүхдэдээ эерэг нөлөө үзүүлж чадахгүй шүү дээ. Бага насны хүүхдүүд бусдыг даган дуурайх инстинкттэй байдаг тул тэдэнд зөв үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй гэсэн үг. Тиймээс эцэг эхчүүд сэтгэлзүйн хувьд өөрсдөө эрүүл байх нь чухал. Аав ээж нь стресстэй бол хүүхэд ч мөн зан чанарыг нь даган дуурайна. Өөрөөр хэлбэл, таныг хэлээгүй байсан ч, уур бухимдалтай сөрөг мэдрэмж тань хүүхдэд шууд нөлөөлж байдаг. Энэ бол нэг төрлийн халдварт өвчин шүү дээ.

Тиймээс эхний ээлжинд эцэг эхчүүд өөрсдийн стресс бухимдлыг тайлах ёстой. Стрессийг хэзээ ч хадгалж болохгүй. Нөгөө талаас хүүхдээ үгүйсгэлгүй хүслийг нь сонирхож, яг л найз шиг харилцах хэрэгтэй. Цаашилбал, дараа дараагийн стрессээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах, стрессийг тайлах аргуудыг хүүхдэдээ багаас нь эзэмшүүлэх нь чухал. Хамгийн гол нь хайраар дутсан хүүхэд л сэтгэл зүйн асуудлуудтай нүүр тулдаг юм шүү дээ.

-Томчуудын мэдрэмжсэтгэл хөдлөл хүүхдүүдэд шууд нөлөөлж байдаг гэсэн үү?

-Тийм ээ. Том хүмүүсийг бодвол хүүхдүүд стрессээс бие даан гарах чадвар сул байдаг. Нэг бол уйлна, эсвэл дотогшоо хурааж хуримтлуулна. Магадгүй хуримтлуулсан стресс нь нэг өдөр тэсрээд гэнэтийн үйлдэлд хүргэх эрсдэлтэй. Энэ бол яалт ч үгүй эцэг эхийн хайр халамж, хараа хяналт дутагдсанаас болж байгаа үзэгдэл. Ажиглаад байхад нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд гэмт хэргийг илүү үйлдээд байна л даа.

Харин дунд болон түүнээс дээш түвшнийхэн харьцангуй гайгүй. Тэгэхээр нийгмийн эмзэг бүлгийн сэтгэл зүйтэй тулж ажиллах шаардлага үүсч байгаа юм. Тиймээс цагдаа, хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар асуудалтай байгаа тухайн гэр бүлүүдтэйгээ тулж эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Нөгөө талаас хэвлэл мэдээлэл хүүхэд рүү хандсан нэвтрүүлэг бэлтгэх, төр засгийн зүгээс хүүхдэд чиглэсэн ажлыг эрчимжүүлэх нь эерэг нөлөө үзүүлнэ. Сэтгэл зүйчдийг бодлого төлөвлөгөөтэйгөөр бэлдэх хэрэгтэй байгаа юм. Ингэж хүүхдүүдтэй мэргэшсэн түвшинд ажиллах нь чухал.

-Хүүхдүүд яагаад гэмт хэрэг үйлдээд байна вэ

Үүний шалтгаан нөхцөлийг магадгүй хувь хүн гэхээс илүү 

нийгмийн орчинтой холбон тайлбарлаж болох уу?

-Тухайн нийгмийн орчин нь хувь хүний сэтгэл зүйд шууд нөлөөлж байдаг. Тодруулбал, стресс, ажилгүйдэл дээрээс нь коронавирус хүртэл бүгд нөлөөлж байгаа. Хүүхдүүд нийгмийн идэвхтэй харилцаанд орох ёстой байтал эсрэгээрээ энэ хугацаанд хөдөлгөөн нь хязгаарлагдсан. Эргээд энэ нь тодорхой хэмжээгээр тэднийг стресст оруулж болно. Түүнчлэн хөл хорионы хугацаанд гэр бүлийн хүрээнд эцэг эх нь хүүхдүүдээ стресстүүлж болох юм. Хүүхдүүд үр дагавар тооцох чадвар маш сул байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн сэтгэл хөдлөлийнхөө дагуул үйлдэл хийдэг .

-Коронавирустэй холбоотойгоор хоёр жил гаруй хугацаанд хичээл сургууль завсардаж,

 хүүхэдөсвөр үеийнхнийг нийгэмшүүлэх ажил зогсонги байдалд шилжээд байгаа.

 Энэ нь тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэсэн үг үү?

-Энэболгарцаагүйнөлөөлнө. Жишээлбэл, нийгмийн харилцааны стресс байна уу, ямар нэгэн зүйл хийж чадахгүй байгаадаа стресстэж байна уу гэх мэтчилэн шалтгаанаас болж бухимдаж болно. Тухайн тохиолдолд “Заавал төгс байх албагүй ээ, чи алдах эрхтэй” гэж ямар нэгэн байдлаар өөрийгөө чөлөөлөх арга зам, боломж гарцуудыг үлдээж сурах ёстой.

-Магадгүй цахим орчин хүүхдүүдийг болчимгүй үйлдэл хийхэд нөлөөлж байна уу?

-Бага насны хүүхдүүд виртуал ертөнц болон бодит байдал хоёрыг ялгах чадвар сул байдаг. Тиймээс зарим талаас бодит ертөнцдөө виртуал ертөнцийн үйлдлүүдийг даган дуурайх эрсдэлтэй.

 

П.Сайнжаргал

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)