Чингисийн голомтыг мандуулах чин сэтгэл дутагдаж байна
- 2021-08-20
- Нийтлэл
- 0
Нэг юм бичих гээд яаж эхлэе дээ гэж бодож явтал нутгийн дүү Очир тааралдаж ойрд уулзаагүйг хэлэх үү, баяр хөөр. Мань хүн цэвэр сайхан хувцастай мөртөө гуниг царайтай байх юм. Мэндийн хэдэн үгийн дараа “Хаана яаж амь зууж явна” гэж асуутал баахан юм урсгав шүү. Түүнийг аль цагийн гадаадад гарсныг мэднэ л дээ.
Наяад онд дунд сургуульд байхдаа байгалийн тухай уран шүлэг бичиж үеийнхэн дундаа сэтгэлгээ сайтай гэж үнэлэгддэг байлаа. Би ч олзуурхан санаа хэлж бичээд бай гэсэнд “Би зүгээр л сонирхсон юм. Энэ ч ясных биш, насных байхаа даа” гэж сэтгэл дундуур байснаа мэргэжлээ хөөгөөд явчихсан билээ. Дунд сургуульд багшлаад олноос онцгойрч сонин сэтгүүлд нэр нь үзэгдэх болсон юм. Ерээд оноос хойш нэг мэдэхнээ, гадаадад ажил хийхээр явсан гэх бүдэг сураг гарсан билээ. Түүнээс хойш өнөөдөр уулзаж байгаа нь энэ. Автобусанд намайг харуут хүрч ирж хацраа өгөөд хажууд суув. Тав зургаан буудал явах зуураа тоймтой хэдэн үг солив.
-Соёлт Европыг сонирхох ч гэдэг юм уу, сорьж сонжлооч гэдэг юм уу их явлаа. Харин их тоосон улс орон нь хөөрхий муу Монголыг хүн гэж үздэггүй бололтой. Хоолны газар орох гэхэд ‘‘Энд монгол хүн, нохой хоёр орохгүй” гэж бичээд хаалган дээрээ хадчихсан байх юм. Хэдхэн жилийн өмнө ах дүү, амраг садан гэдэг байсан нь ч байхгүй болсонд харамсаад, Монголын нэр ингэж доройтох гэж бодохоос гол харлана.
Угтаа бол тийм улстай нөхөрлөсөн, одоо ингүүлж байгаа нь ч бидний буруу мэт санагдана. Чингис хааны үр сад ингэж байх ч гэж дээ. Тэр хүн чинь биднийг бусдын боол болгоогүй юм шүү. Тэгэхэд миний байгаа царай гэж бодоход гутраад уйлмаар болдог юм. Хүн гуйж, царайчлах бол үнэхээр гунигтай. Одоо яая гэхэв дээ, хүний нутагт яваа юм чинь гээд хүлцэнгүй номой болно. Тэд бол хүнээр юм хийлгэхдээ уриалгахан боловч голж өөчлөхдөө сайн. Өгөхдөө гар татна. Ер нь цаашаа толгойтой. Ялгаварлана.
-Тэгүүлж байхын оронд буцаад ирэхгүй яасан юм бэ?
-Нэгэнт их юм бодоод явсан хүн чинь... За тэгээд нэрэлхүү зан ч нэрмээс болдог юмаа.
-Одоо хаана. Яажшуу амь зууж явна вэ?
-Шилдгийн нэг гэдэг Шведэд байна.
-За харин болоод явчихаж дээ. Монголын Элчинд байсан нэг хүн, хамаатныхаа залууд, эхнэр хүүхэдтэйгээ очоод байнга амьдар. Эргэж ирэх хэрэггүй гэж захиж байна гэж сонссон. Сайхан газар байхаа.
-Сайхны хувьд ярих юм байхгүй. Хөгжил хөдөлгөөн хүмүүсийн харилцаа, хөдөлмөр зүтгэл гойд. Засаг төр гэдэг чинь ард түмнээ ингэж удирдаж, ийм амжилтад хүргэдэг юм байна гэдэг нь илэрхий. Өөрсдөө ч гадагшаа явдаггүй, гаднаас ч хүн авдаггүй. Өөрийн юмыг өөрөө л хийдэг юм байна. Би нэг танилаасаа, “Танайх яагаад гаднаас ажилчин авдаггүй юм бэ” гэхэд “Гадны хүнээр ажил хийлгэх хэцүү. Тэдний шаардлага маш өндөр, зан их. Нэг талаар дээрэлхүү байдаг. Цалин хөлс ч их авна. Түүний оронд өөрснийгөө зараад өгдгийг нь өгөөд байх хамаагүй дээр” гэж байсан. Тэд тийм зарчимтай юм билээ. Түүнээс гадна эдний хөдөлмөрийн зохион байгуулалт цэгцтэй, сайн юм. Европын болон дэргэдэх улсын нь сайхан туршлага байна. Тэднийгээ өөчилж, ийм тийм гэхгүй. Түүх сөхөөд юм яриад байхгүй. Хүн өөрт учирснаараа л ойлгодог юм болохоор энд гаднын хүнд халгаатай юм бас бий. Өнөөх Чехэд байдаг зарлал эднийд байдаг. Жаахан ялгаатай нь тус улсын харьяат биш хүнийг оруулахгүй гэсэн байдаг. Би бол эднийхийг сонгож авсан болохоор энд байя гэж бодоод...
-Тэгээд чи харьяат хөөцөлдөж яваа юм уу?
-Тийм ээ! Та яаж мэдээв.
-Энд нэлээд удлаа. Ажил бүтэх янзтай гэхээр чинь...
-Сая л нэг юм... их хөөцөлдүүлж байж бүтэх юмаа.
-Манайх ингээд л бүтэлгүйтэж байгаад гайгүй улсаа гадагшаа алдаж гүйцэх юм даа. Үлдэж байгаа мань мэтийн амьтсын царайг хар.
-Би авгай, хүүхэдтэйгээ л дээ. Нутгаа юу гэж мартах вэ. Аятайхан хэдэн жил болчихоод... хөгширнө ч биз. Харина аа...
Мань хүн, сэрвэлзэн орчныг ажигласнаа “Миний буух болчихлоо” гээд өндөлзөхөд нь би өөрийн эрхгүй хнн гэснээ та нар минь хүнд хэрэгтэйгээ өгчихөөд тартагаа барахаараа л наашаа зүглэх нь ээ гэв. Очир маань, “Мөд ирнэ дээ. Сайн сууж байгаарай” гээд инээнгүүт хаалга руу ухасхийв.
Зам хөндлөн гарч яваа Очирыг харах зуур олон юм бодогдов. Тээр жил Солонгос улс гучин таваас доош насны эрүүл хүн ажилчнаар элсүүлнэ гэж зарласан нь санаанд орно. Манайд барилга барьж байгаа гадаадын шаварчин, хамтраад ажилласан монгол хүнээс хоёр дахин илүү цалин авдаг гэсэн үгс ч зурсхийнэ. Энэ бас аргагүй ч юм шиг. Өөрсдөө залхуу болохоор ажиллах хүч царайчлан гуйхаар цаад улс хүнээ бодоод хөлсийг нь өндөр тогтоох нь мэдээж. Ямар ч газар ажил гуйж очсон хүнийг мэдэхгүй, чадахгүйгээр нь далимдуулаад бага юм өгөхөд чамлах арга байдаггүй биз. Нарийндаа бол дээр дурдсанаас нэг юм бодит явдалд зөндөө байдаг байх аа. Манай Монголыг дэлхийн хамгийн цөөн хүнтэй улс гэцгээдэг. Гэтэл цар тахал дэлгэрснээс хойш дэлхийн бүх орон, арал хойгт монгол хүн ажиллаж амьдардгийг мэдэв. Хүмүүс ийш тийш явъя гэвэл цөөддөггүй юм байна гэж бодогдоно. Энэ нэг сүрхий тахал гараагүй бол эд бөөн бөөнөөрөө ирэх байсан болов уу гэсэн юм ч орж ирнэ. Зарим хүн тахлын буян гэж бичих юм даа. Тэр нь ч юу вэ. Харин сургамж өглөө гэвэл үнэн юм. Хэнэггүй толгойд цочроо өглөө, хоёр гараа угааж сурлаа. Хамартаа хаалт зүүж сурлаа гэцгээх нь худал биш ээ.
Энэ зэрэгцээ хэдэн зуугаараа харь оронд ажил хийж амь зуухаар явсан хүмүүс маань, эх орон юу болов, эцэг эх яав гээд ирцгээж байна гэх нь сайхан сонсогдох юмаа. Онгоцноос бууж байгаа хүмүүсийг харахад дандаа залуус! Тэднийг хараад сэтгэл хөөрөхөд зарим нэгэн нь дэврүүн сэтгэл рүү ус цацах юмаа. Эцэг эх нь хүүхдээ хараад сүйд болж байхад “Эд нар нь сайндаа ирж байгаа юм бишээ. Цаад газар нь аймшигтай болоод, гаднын хүнийг эмчлэхгүй гэхээр ирж байгаа юм. Тэгээгүй бол ирэхгүй” гэж байгаа хүн ч байх юм.
Би бол сайхнаар л бодож байлаа. За ашгүй, энэ залуус чинь юм үзэж, нүд тайлахын хэрээр бэл бэнчинтэй ч болсон байгаа. Аюулт муухай өвчин дарагдаж амгалан тайван болсны дараа эднүүс буцахгүй, эргээд ирэх эх оронтой хүн сайхан юм гэж бодоод, бүтээн байгуулалтад гавшгайлан оролцох байх гэж итгэж билээ.
Би гээч ядмаг хүн хуучин зангаа ер орхихгүй юм. Итгэл гэх үү үүнийг эргүү мунхагийн эндүүрэл гэх үү!
Гадаадад ажилладаг нэг хүнтэй хэдэн үг соливол, энд юм л бол хөл хорио. Хүнийг ажил хийлгэх сонирхол алга. Ийм уйтгартай газар яаж байх вэ. Харинтий тавигдвал шалавхан буцъя. Тэнд хөдөлж л байвал хөлс байдаг юм чинь сайхан шүү дээ. Харин энд хийх ажил алга, хүнтэй уулзвал гашуун нясуун юм балгачих гээд байх юм гэж халширсан байртай ярьж байв. Энэ янзаар байвал ирсэн хүмүүс цөм буцах байх шүү!
Яадаг билээ гэж бас бодогдоно. Давын өмнө эднийг тогтоох арга бол энд ажил олгоод сайн хөлс цалин өгөх юм байна. Цаадуул чинь ажлыг үнэлж, хөлсийг авч сурсан улс. Тэнд байснаас нь дордуулж болохгүй. Манайханд хүн юм хийе гэхээр мөнгө байхгүй гэж мохоодог муу зан бий. Нарийндаа бол мөнгөтэй, бас олох аргатай юм байна.
Дэлхий шунасан их баялагтай, нэлээд малтай, хүн ам цөөтэй улс бол олсноо идээд барчихдаггүй, өөрийгөө болгох боломжтой учир зохих хэмжээний хуримтлалтай байгаа. Харин хэн түрүүлж, яаж ашиглах өрсөлдөөнөөс болоод, олсон нь олз болдоггүй, идсэн нь хоол болдоггүй тал бий байх. Үүний зах зухг цухуйлгавал, оффшорын хадгаламж, ЖДҮ-ийн зээл, гадны халамж, тусламж болон төсөл тендерийн өрсөлдөөн зэрэг мөнгөний урсгалыг хэлж болох юм. Түүнээс гадна үр ашиг нь тодорхойгүй зүйлд сая живаагаар мөнгө хаяж байгаа явдал байх шиг байдаг.
Тухайлбал, Улаанбаатарыг утаагүй болгоход болон хамаг модоо сүйтгэж байгуулсан усан оргилуур зэргээс тод харагдана. Сүүлийн үед нийслэл хотын дарга метро барих, хөнгөн галт тэрэг явуулах, дүүжин зам тавих тухай ярьж байгаа нь ажлын байр нэмэгдүүлэх тухай миний саналтай дүйцэж байна. Миний бие ийш тийш явж байгаа улсыг эх нутагтаа тогтоох арга хайж байгаа учир нийслэл хотын бүтээн байгуулалт маш чухлаас гадна жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх явдал онцгой байр эзлэх нь мэдээж гэж боддог. Манайд дээд боловсролоос илүү дунд тусгай мэргэжлийн хүмүүс бэлтгэх нь илүү шаардлагатай байна.
Тийм учраас коллеж болон техникумын сургалтыг сайжруулан суралцагсдын тэтгэлэг зэргийг нэмэгдүүлж, авьяас чадварыг нь хөгжүүлэх урамшуулал бий болгомоор байна. Ийнхүү ажлын байр бий болгож юуны түрүүнд гадаадад байгаад өвчин далимдуулан эх орондоо ирсэн хүмүүсийг ажил, ахуй байдлаар зохицуулж буцаамааргүй юм. Давын өмнө орон байрны талаар анхаарах нь чухал байж ч магадгүй. “Манай Улаанбаатарт барьж дуусаад ашиглаагүй байр гучин мянга байна” гэж саяхан юм мэддэг нэг хүн бичсэн байсан санагдана. Байрны урт хугацаатай зээл олгож болно. Түүний зэрэгцээ тэнд авч байсан цалинг нь наана гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх ёстой. Тэгэхгүй бол тогтохгүй байх. Тэднээс мөнгө харамлах хэрэггүй.
Гадаад хүмүүс манайд ажиллаад хага баяжаад буцдаг гээд л сонинд бичдэг шүү дээ. Тийм бол өөрийн нь хүн эх орондоо ажил хийгээд их хөлс авч хөлжиж дэгжиж яагаад болохгүй билээ. Хүмүүс хөдөлмөрөөрөө баяжиг. Гаднын сонирхолтой болсон хүмүүсээ хичнээн дэмжиж, хүний нутагт байснаас илүү тав тухтай болгох тусам эх орон нь илүү үнэ цэнтэй болно.
Хүн өөрийгөө болон хөдөлмөрөө үнэлүүлэхээр эх орондоо улам хайртай болдог юм. Тэдэнд хүний нутаг сайхан байлаа ч гэсэн эх орноо санагалздаг л байгаа. Тийм болоод эх нутгаа тэмцэж ирээд байна. Тэр урмыг нь хугалж болохгүй. Бидний монголчууд бол Чингис хааны асаасан гал голомтыг сахиж үлдсэн үлэмж хувь заяатай хүмүүс. Энэ онцгой тавиландаа эзэн болж, Чингис хааны голомтыг мандуулах чин санаатай байгаа гэж итгэж байна.
Та бүхэн надтай санаа сэтгэл нэг байна уу?!
Х.Зандраабайдий
Сэтгэгдэл (0)