Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн мэдээлэл
- 2021-08-23
- Байгаль орчин
- 0
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Цагаан тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/ 2021.08.21-22-ны өдрийн үргэлжилсэн борооны улмаас “Сэлэнгэ мөрөн” үерлэж 5 айлын гэр усанд автсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 5 өрх айлын 17 хүнийг /үүнээс 6 хүүхэд/, 113 бод малынх нь хамт аюулгүй газарт гаргасан. Тус сумын Засаг даргын мэдээлснээр үлдсэн 4 хүн, 1773 мал нь усны үер татартал хүлээхээр болсон байна.
Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багийн “Их харгана” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 142 км-т, сумын төвөөс урд зүгт 25 км-т/ “Идэр” голын усанд 1 морьтой хүн боогдсон тухай дуудлагаар /2021.08.22-ны өдрийн 12:47 цагт / аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж тус сумын харьяат иргэн Б-гийн хүү Э /15 настай, эрэгтэй/ нь “Идэр” голын нөгөө талд байгаа малаа тууж ирэх гэж яваад усанд боогдсон тул гол гаргаж өгсөн.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутгаар үргэлжлэн орсон усархаг борооны улмаас 4 айлын хашаа, гэр, 2 орон сууцны барилгын зоорийн давхар усанд автсан тухай дуудлагаар /2021.08.22-ны өдрийн 14:00 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж 4 айлын гэрийн хаяаг шууж, 4 айлын хашаанд тус бүр 4 метрийн урттай шуудуу ухаж, 2 орон сууцны байрны зоорийн давхрын усыг соруулж тус тус гаргасан байна.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаар үргэлжлэн орсон усархаг борооны улмаас 15 айлын хашаа, 4 айлын гэр, 6 айлын байшин, 1 айлын хүлэмж усанд автсан тухай дуудлагаар /2021.08.22-ны өдрийн 14:50 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын “Яргуйт толгод”, “Их залуу” багийн нийт 6 гудамжны 15 хашаа, 4 гэр, 6 байшингийн усыг соруулан, мөн ус зайлуулах 5 шуудууг цэвэрлэж усны урсгалыг сайжруулан 1 шуудуу сэтэрсэн байсныг засварласан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)