Тэмүжин их цэргээ "Хүрэлхү"-д нэгтгэн зохион байгуулсан түүхтэй
- 2021-08-24
- Нийтлэл
- 0
“Хүрээ”-ний талаар ном сударт тэмдэглэхдээ ...Овгийн үеийн хүрээ нь дугуй цагариг мэт хэлбэртэй байж түүний голд эзэн тэргүүнээ байрлуулан, бусад нь тойрон буудаллаж, дайсан этгээдийг гаднаас орохыг хориглох зэргээр аж ахуй, хамгаалалтын ач холбогдолтой байжээ. Овгийн хүрээ тухайн нийгмийн хөгжлийн шатнаа тохирсон, түүний үр дүнд буй болдог... гэжээ. Ираны эрдэмтэн Рашид Ад Дин “Хуучин цагт ямар нэгэн аймаг аль нэгэн газар дугуйлан тойрч буугаад тойргийн төвд ахлах этгээд нь оршвоос түүнийг хүрээ хэмээнэ.
Одоо цагт дайсны цэрэг ойртоход тийнхүү хүрээлэн зогсож, дундаа гаднын этгээд оруулахыг хориглоно” гэж тодорхойлсон бол Жү Яотин “Чингис хааны түүх шастир” номдоо “Хүрээ гэдэг бол...нэг овог аймгийн малчид бөөнөөр айлсан...хэдэн арваараа...бүр хэдэн зуугаараа хүрээ болж захирагч буюу аймгийн толгойлогч нь түүний төв дунд сууна. Дайн байлдаанд энэ хэлбэрийг ашигладаг учраас монгол цэргийн нэг төрлийн бүтэц зохион байгуулалт болжээ” гэж бичсэн байдаг.
Өвөрмонголын эрдэмтэн Сайшаалын “Чингис хааны товчоон” номд...Энэ үе дэх Чингисийн цэргийн зохион байгуулалт бол “Овгийн өрх цэрэг болох бөгөөд хүрээгээр цуглуулдаг байсан ба ялгадаг байсан юм”. Энэ “Хүрээ” гэдэг зохион байгуулалтын хэлбэр нь хэдийгээр овгийн байгууллын үеийн илрэлтэй боловч Чингис хааны үед хүрч “түүний үзүүлэх үйлдэл жич “Хүрээ’’-г зохион байгуулах болон ангийн агуулгын талаар мөн чанарын хувиралт гарчээ....Энэ хувиралт гэдэг бол зөвхөн хамтаараа нүүдэллэн малжих аж ахуйн зохион байгуулалт байсан “хүрээ”-ний зохион байгуулалт нь цэрэг дайны зохион байгуулалт болон хувирч хориглолт довтлолтын чухал хэлбэр болжээ. Энэхүү “хүрээ”-ний зохион байгуулалт нь цэрэг дайн зохион байгуулалт болж хувирснаас нааш боол эзэмшигч байгууллын үе, феодалын байгууллын эхэн үе /Чингисийн үе/ жич түүний өрнөлийн үед нь ч бүр оршиж байжээ...” гэсэн байдаг.
Эрдэмтэд, Чингисийн цэргийн хүрээний зохион байгуулалтыг ийнхүү тэмдэглэсэн байдаг бол Тэмүжин, их цэргийн хүрээгээ өөрийн харьяаны арван гурван хүрээний цэрэг эрс болон журмын нөхдөдөө тулгуурлан дэмжигч овог аймгуудын дэвшилтэт үзэлтнүүдийн хүчийг нэгтгэн зохион байгуулах ажлыг одоогийн Баян-Улаан уул буюу эртний “Хүрэлхү’’-д нутаглаж байхдаа үүсгэн байгуулжээ. Энэ нь газар нугийн нэр болон байршлын хувьд Хүрээ-Хүрээлэх-Хүрэлхү нэрээр холбогдоно. Сайшаалын “Чингис хааны товчоон” номд дурдсанаар Тэмүжин, тайчуудын гараас мултарч ээж дүү нартайгаа уулзалдсаны дараа...Тэмүжиний гэр хотлоороо нийлж Бурхан халдуны өвөр Хүрээлэх дотор орших Сэнгүр горхины Хар жүрхэний Хөх нуур гэдэг газар очиж нутаглаад тарвага зурам алж идэн амьдрав. Энэ газар бол эртнээс боржигин овогтны эх нутаг нь юм...гэжээ. Энэ нь боржигин овогт Тэмүжин, Хиад боржигиний Бурхан Галдуна уулын өврийн Хүрэлхү-д нутаглан байж журмын нөхөдтэй болохоос эхлэн их цэргийн хүрээгээ байгуулж Хиад боржигин төвтэй Хамаг Монгол улсыг эмхлэн байгуулсан түүхэн нутаг болохын үндсэн тодорхойлолт болсон байдаг юм.
Эрдэмтдийн энэ мэт дүгнэлтийг газар орны байршилтай харьцуулан үзэхэд одоогийн Баян-Улаан уулын төв хэсэгт Хөх нуур, Хүрэлхү, Үүдэт зэрэг газарт Тэмүжин-Чингис хааны гэр бүлийг амьдруулан, нутаглаж байгаа газрыг нь болон уг хайрхны эргэн тойрны бүх ам, хөндийнүүдийн эхэн талыг хамгаалснаар, их хаан болоод цэрэг зэвсэг, ард иргэдээ байнгын хамгаалалтад амьдруулж байжээ. Товчлон хэлэхэд, одоогийн Баян-Улаан уул буюу эртний Хүрэлхү-д цэрэг, аж ахуйн нэгэн том хүрээ үүсгэн буй болгоод Тэмүжин-Чингис хаан удирдан зохион байгуулж байжээ.
Үүнд: уул, ус, ургамал мод, бэлчээр нутаг, мал аж ахуй, ан амьтад, хүн хүч, үйлдвэрлэлийн хэрэгсэл, цэрэг зэвсэг, эзэнт гүрний удирдлага, зохион байгуулалтын бүх механизмыг хамруулан, үйл ажиллагаагаа бусад ханилаг, аймгуудаас далд, нууцлаг байдлаар явуулж байжээ. Энэ том “хүрээ’’-ний үйл ажиллагаа олон жилийн нөр их хөдөлмөр, эзэн Чингисийн “сэтгэлийг нь эзэмдвээс бие нь хаашаа одох” гэсэн мэргэн сургаалын ачаар биеллээ олж, үйл ажиллагаа нь тогтмолжин, үр дүнд хүрснээр дотооддоо Их Монгол Улсыг байгуулах, гадаадад бусад улс, орныг төвшитгөх нэг удирдлагатай, нэгдсэн зохион байгуулалттай, ялагдашгүй эрэлхэг цэрэг, армийг бүрдүүлэх нөхцөлийг буй болгожээ. Үүнд газар нутгийн өвөрмөц байдал чухал нөлөө үзүүлснийг дурдууштай. Баян-Улаан уул нь бусад уулсаас ялгарах онцгой төрхтэй хайрхан болно.
Тухайлбал, бусад уулсаас тусгаарлагдан оршдог учраас хэсэгчлэн хамгаалах боломжтой, уг хайрхны ам хөндийнүүдийн адаг талд харуул тавьснаар эргэн тойрны хамгаалалт бүрдэх бөгөөд энэ нь төрийн болон цэргийн нууцыг хамгаалах үндсэн нөхцөлийг бүрдүүлж байжээ. Мөн өвс, ус тэнцүү өнтэй сайхан нутаг учраас жилийн эргэх дөрвөн улиралд мал маллахад бүрэн тохиромжтой. Энэ байдал нь цэрэг, байлдааны бэлэн байдлыг хангах байнгын сургуулилалтыг мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослуулан явуулах боломжийг олгож байжээ. Ийм ч учраас мянган хонд зуун булаггай өнтэй сайхан хангай хэмээн алдаршсан түүхтэй. Уг хайрхан нь байгалийн баялаг, сонгино, самар, жимс болон буга, бор гөрөөс, тарвага зэрэг том, жижиг ан амьтан элбэгтэй. Энэ нь ан амьтныг үргээх, отох зэргээр байлдааны бэлэн байдлыг хангах дадлага, сургуулилалт явуулахын зэрэгцээ цэрэг эрсийн хоол, хүнсний хэрэгцээг хангах боломжийг бүрдүүлж байжээ. Товчлон хэлэхэд, цэрэг, байлдааны бэлтгэлийг хангахад уг хайрхнаас гарч явах шаардлагагүй бөгөөд гагцхүү зэр зэвсгээ Агуруг ордны дэргэдэх үйлдвэрээс нууцаар зөөвөрлөдөг байжээ.Тэмүжин-Чингис хаан нутаглаж байсан газар нутгийнхаа нууцлаг, өвөрмөц онцлогийг ашиглан их цэргийн хүрээгээ байгуулан алдаршуулсан газар нутгийн түүхийн тоймоос товчлон дурдахад ийм буюу.
Ю.ПҮРЭВ /Нууц товчооны газар нутгийг судлагч, ахмад настан/
Сэтгэгдэл (0)