Паралимпын триатлоны Япон тамирчны гайхалтай түүх
- 2021-08-30
- Өөр өнцөг
- 0
Тэрээр "Токио-2020" Паралимпын триатлоны спортыг эрэгтэйчүүдийн PTS4 ангиллын сэлэлтээр 8 дугаарт, дугуйн төрлөөр 3 дугаар, гүйлтийн төрлөөр 2 дугаар байрт шалгарсан амжилтаараа паралимпын мөнгөн медаль хүртсэн юм.
Энэхүү уралдааны барианд орж ирэхийн өмнө Үда олимпын багийн гишүүд, хэвлэлийнхэн рүү гараа даллан, өдий хүртэл хичээж, тэмцэж ирсэн дасгал сургуулилтын үр дүнг харуулж байгаадаа баярлаж нүүр дүүрэн инээмсэглэж байсан бол барианд орж ирмэгцээ маш чангаар уйлж, нулимсаа арчин хоёр гараа дээш өргөн сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй бөгөөд "Уучлаарай" хэмээн толгойгоо бөхийлгөв. Тамирчин хүний дусал хөлс, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүнээс хэд дахин илүү зүтгэл ямар их амжилт, баярын нулимс авчирч байгааг эндээс харж болно.
Тэрбээр 2013 оны 5 дугаар сард гэргий Аки/亜紀/-тай хуримаа хийж, бүтэн айл гэр болж амьдралаа эхэлсэн бол 5 хоногийн дараа ажлаа хийх явцад осолд орж, баруун гараа тайруулжээ.
Тэдний 5-хан хоног үргэлжилсэн аз жаргал, баяр хөөр агшин зуур нулимс, харуусал болон хувирсан юм. Гэхдээ тэрээр бууж өгсөнгүй. Удахгүй хорвоод мэндлэх хүүгийнхээ төлөө ямар ч хатуу бэрхийг даван туулахаар шийдэж, хэдхэн сарын дараагаар хөдөлгөөн засалын нэг хэлбэр, усанд сэлэх спортоор хичээллэж эхэлсэн нь триатлоны тамирчин болох анхны алхам болж өгчээ.
Үда Хидэки тамирчинг осолд орсны дараагаар найз нөхөд, төрөл садангийн олон хүмүүс эргэн ирж сэтгэл санаагаар дэмжиж байжээ. Тэднийг ирэх бүрт эрүүл энх, аз жаргалыг хүсэх домогт цаасан тогоруу шувуу мянга мянгаар нэмэгдэж байлаа. Ойр дотны хүмүүс бүгдээрээ л цаасан тогоруу хийж авчирдаг байж.
"…Одоо надад 12 мянган ширхэг цаасан шувуу байгаа хэмээн инээмсэглэх Үда тамирчинд үнэхээр л цаасан шувууд хүсэл мөрөөдлийг нь биелүүлж өгсөн юм шиг, цаасан шувууд түүний биед амилан мөнгөн медаль хүртээсэн юм шиг санагдаж билээ" хэмээн онцолсон юм.
Үда Хидэки шантралгүй триатлон спортоор хичээллэж удалгүй 2015 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 2017 онд Дэлхийд чансаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэв.
Улмаар 2018 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4 дүгээр байрт орж байсан бол энэ удаа өөрийн туулж ирсэн амьдралдаа шинэ өнгө, хүч чадал, баяр баясал нэмж триатлоны PTS4 ангилалд паралимпын мөнгөн медаль хүртээд байна.Аливаа зовлон бэрхшээлд шантралгүй зүтгэж яваа Үда тамирчин ийнхүү хүсэл зоригоор жигүүрлэн, бусдад үлгэр дууриалал болон гялалзаж явна.
Монголын сэтгүүлчдийн багийн гишүүн Найдангийн Базарсүрэн орчуулав
Сэтгэгдэл (0)