Г.Ганзориг: Мөнгөтэй болох хэрэгцээг тань ашиглах залилагчдад боломж бүү олго!

Иргэд, олон нийтэд чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ-2021” арга хэмжээ явагдаж байна. Энэ талаар манай сайтын сэтгүүлч Увс аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганзоригтой ярилцлаа.

- Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Ятгах тусам нягтал-2021 аяны талаар та танилцуулна уу? Уг аян манай аймагт хэрхэн зохион явагдаж байгаа талаар танилцуулна уу?

- Та бүгдийн энэ өдрийн амрыг эрье. Цагдаагийн Ерөнхий газар, Монгол банк, Монголын банкуудын холбоотой хамтран Залилах болон Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал-2021” дөрөв дэх удаагийн аяныг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 2 үе шаттайгаар улсын хэмжээнд зохион өрнүүлж байгаа.

Уг аяны хүрээнд Увс аймаг дахь цагдаагийн газраас салбар төлөвлөгөө гарган иргэдэд санхүүгийн мэдлэг олгох, залилах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг, видео бичлэг, шторк зэргийг иргэд ихээр цуглардаг хүнс, барааны зах, авто зогсоол, гудамж талбайд байрлах мэдээллийн самбар, лед самбар болон такси үйлчилгээний автомашинууд, орон нутгийн телевиз, цахим сайтууд болон цагдаагийн газрын албан ёсны "Увс аймаг дахь цагдаагийн газар" гэх цахим фэйсбүүк хаягаар иргэдэд түгээн ажиллаж байна.

Мөн уг арга хэмжээний хүрээнд Монгол банкны Увс аймаг дахь салбартай хамтран төрийн болон төрийн бус байгууллагын ажилдчид алба хаагч нарт болон иргэдэд үе шаттайгаар энэ төрлийн сургалтын зохион явуулж байгаа.

- Тухайн гэмт хэргийн гаралт улсын хэмжээнд хэр байгаа болох? Мөн орон нутгийн хэмжээнд уг гэмт хэргийн гаралт хэр байдаг юм бэ?

- Энэ оны эхний 6 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 24.7 хувийг зөвхөн Залилах гэмт хэрэг эзэлж энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуй, нэгж байгууллагад учирсан хохирол 2016 онд 2 тэрбум, 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум, 2020 онд 67.2 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Харин Увс аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар 2019 онд 11 хэрэг үйлдэгдэж 56.017.500 төгрөг, 2020 онд 7 хэрэг үйлдэгдэж 13.984.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын байдлаар 15 хэрэг үйлдэгдэж 167.233.797 төгрөгний хохирол учирсан ба гэмт хэргийн гаралт болон хохиролын дүн өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт өссөн шалтгаан нь иргэд өөрийн хайхрамжгүй байдлаас болж баталгаагүй эх сурвалжид итгэж мөнгө төгрөг шилжүүлэх, сүлжээний бизнест орох, их хэмжээгээр мөнгө нийлүүлэх, хүний ам дамжсан ярианд итгэж ямар нэгэн сүлжээнд элсэх, бусдыг элсүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн дансны дугаар, регистерын дугаар зэргийг ямар нэгэн сүлжээнд элсэхдээ бүртгүүлэх, өөрсдийн цахим хаягны код, нууцлалыг чанарын шаардлага хангахгүй амар хялбараар хийх, бусдад өөрийн данс болон картыг ашиглуулах гэх мэтчилэн шалтгаанаар залилах гэмт хэргийн хохирогч болж байна.

-Залилах гэмт хэргээс сүүлийн үед ямар төрлийнх нь илүү их зонхилон үйлдэгдэх болсон бэ?

- Санхүүгийн залилах төрлийн гэмт хэргээс сүүлийн үед дэлгэрсэн нэг төрөл бол иргэдэд хамгийн их хохирол учруулдаг бидний нэрлэж заншсанаар сүлжээний бизнес. Сүлжээний бизнес нь олон шатлалт маркетингийн замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох үйл ажиллагаа юм. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдэл нь иргэдийг залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Манай улсад гэрээ болон сүлжээний бизнесээр халхавчилсан залилах гэмт хэрэг цөөнгүй үйлдэгддэг.

Тухайлбал, 2015 онд “Жи тайм” гэх улс дамнасан санхүүгийн пирамид монголчуудын гэнэн шунал дээр “тоглон” мөнгө босгож олон хүнийг хохироосноор өдгөө ч хэрэг нь шалгагдаж байна. Үүнээс өмнө ч монголчууд олон шатлалт маркетинг буюу хууран мэхлэх пирамид тогтолцооны золиос болж байсан. Хойшид ч ялангуяа дэлхий даяар тархаад буй Ковид-19 цар тахалтай холбоотойгоор иргэдийн санхүүгийн байдал хүндэрснийг далимдуулан мөнгө тарааж байна, богино хугацаанд их хэмжээний ашиг олох боломжтой хэмээн сурталчилж буй санхүүгийн луйврын гэмт хэргийг хохирогчдын тоо улам нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байх боломж танд бүрэн байна. Мөн иргэд та бүхэн санхүүгийн бусад луйвар, залиланд өртөхгүй байх үүднээс дараах зөвлөмжүүд дагаж хэвшээрэй.

Үүнд: Ойр дотнын хүнээс тань мөнгө гуйх зэргээр чат ирвэл сонор сэрэмжтэй байж тухайн хүнээс биечилж эсвэл утсаар асууж шалгаж байх, цахим хуудас тэр дундаа фэйсбүүк хаягийнхаа нууц үгээ хэт амархнаар хийхгүй байх, ажлын компьютер болон гар утсан дээрээ фэйсбүүкээ нээлттэй орхихгүй байх, цахим хуудсаа ашиглаж дууссаны дараа хаах буюу log out хийж гарч байх, сонжоо, эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэлд нухацтай хандаж, аль болох нэвтэрч орохгүй байх, хувийн мэдээллээ оруулахгүй хэрэгтэй. Эдгээрийг мөрдсөнөөр иргэн та цахим гэмт хэргийн хохирогч болохоос өөрийгөө урьдчилан сэргийлж чадна.

- Бидний урилгыг хүлээн авч ярилцлага мэдээлэл өгсөнд баярлалаа. Та ярилцлагын төгсгөлд иргэддээ уриалга дамжуулах боломжтой.

- Та бүхэнд баярлалаа. Иргэддээ хандаж хэлэхэд Цар тахлын дэгдэлтийн үед төлбөр тооцоог цахимаар гүйцэтгэх нь өөрийгөө болон бусдыг хамгаалах давуу талтай ч нөгөө талдаа мэдээллээ хамгаалах, аливаа гүйлгээ хийхдээ давхар баталгаажуулж, хянамгай, хариуцлагатай хандахыг шаардаж байгаа тул иргэд, аж ахуйн нэгжийн хариуцлагатай ажилтнууд аливаа залилах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна. Та залилах төрлийн гэмт хэргээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай. Тэр нь бас дахин НЯГТЛАХ юм шүү. ТИЙМЭЭС МӨНГӨТЭЙ БОЛОХ ХЭРЭГЦЭЭГ ТАНЬ АШИГЛАЖ МАГАДГҮЙ ЗАЛИЛАГЧДАД БОЛОМЖ БҮҮ ОЛГО.

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)